Төр, засгаасаа эхлээд түмэн олноо хүртэл зөвхөн зуухаар л амьсгалж эхлэх шиг боллоо. Угаартуулдаг утаа нь “үйлдвэрлэгч” рүүгээ шилжиж байгаа нь энэ. Цахим ертөнцөөр дүүрэн зуухны асуудал “босчээ”. Ердөө хоёрхон хоногийн өмнө хот даяараа шатахууны тухай шаагиж байсан бол өнөөдөр зуухаар “өвчлөөд” эхэлчихэж. Арга ч үгүй биз. Үүсгэгч вирус нь төр барьж буй болон салбар хариуцсан нөхдүүд болохоор бухимдаж цухалдсан олон “үер”-лэхээс биш, яахав. “Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний сан”-гийн хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөөг танилцуулж, “Тавантолгойн нүүрс илчлэг сайтай тул сайжруулсан зуух түгээнэ” гэснээс болж, толгойтой бүхнийг цухалдуулж эхлэв бололтой. Тухайлбал, сэтгүүлч, яруу найрагч Р.Эмүжин “672 тэрбум төгрөг хэрхэн үрэн таран хийж, үрчийж байгаад хувааж халааслах төлөвлөгөөг чинь сонслоо. Хэнийг хуурах гээд хэний хуруу хүүхэлдэй болоод явааг чинь ойлгомоор байна. За одоо тэгээд энэ дуусдаггүй үлгэр, төгсдөггүй шахаанд чинь хууртлаа юу? Монгол түмний элэг доог болж ханаагүй юу, зуухны наймаачид аа. Сар гаруйхны өмнө сайд болсон Хүрэлсүхийн багийнхны төсөл үү? Замаа тавиагүй байж зуухаа шахаад...агуулахаа бариагүй байж нүүрсээ овоолоод.. 500 км хулхи замтай, хотоор нэг ориг гэх зуухтай үлдэж, хуучин зуухнууд урагшаа төмрийн хог руу ачигдах уу? Энэ ард түмний сүүлчийн итгэл найдвар дээр сандайлж суучихаад ингэж арай ч болохгүй байх аа. 672,3 тэрбум төгрөгөөр нийтийн байр барьж болно. Орон сууц барилаа гэхэд хэдэн зуун айл орох оронтой болчихно. Ингэхэд нүүрсийг огт утаа гаргалгүй гэрийн зууханд шатааж болно гэж бодоод, итгээд байгаа хүмүүс Шар хаданд очиж сэтгэцээ шалгуулчихвал яасан юм бэ?” хэмээн нийтлэл бичсэн бол, зохиолч Доржзовдын Энхболд “Зуухыг бол үнэхээр үзэж байна доо. Угаартай зуух, утаатай зуух, утаархуу зуух, хагас утаат зуух, утаанд харам зуух, утаагүй шахуу зуух, хайрлам утаат зуух, за тэгээд яндантай атлаа УТААГҮЙ зууханд тулж ирэв шүү дээ. Яваандаа пансан утаат зуух, сэмжин угаарт зуух, сэтгэшгүй зуух, сэргэлэн зуух, сэрэмжит зуух, сэргээштэй зуух энэ тэр гээд улам л яруу шүлэглэлт нэртэй болох дог оо” гэж сэтгэгдэлээ үлдээжээ. Түүнийг бичсэн өгүүллэгүүдээр нь тэр дундаа “Паанан”-гаар нь манай уншигчид байтугай хилийн чинадад андахгүй. Нэр, нийтлэл нь олны анхаарлыг татдаг, бичсэнийг нь хайж уншдаг эдгээр авторуудаас гадна жирийн иргэд ч зуухны талаар санал бодлоо илэрхийлж байна. Ямартаа л “Зуух хэрэглээгүй, гал түлээгүй, утаа гаргаагүй, хамгийн тэвчээртэй эх оронч 100 айлыг шалгаруулж Хайнаньд амраана” гэсэн пост хүртэл явах вэ дээ. Уурлахгүй, бухимдахгүй амьдарч, гэрэлт ирээдүй рүү тэмүүлье гэхээр утаа, зуух, шатахуун гээд амар суулгахгүй “буланд шахаад” байх юм. Яалтай билээ.
Н.Саранчимэг
Сэтгэгдэл (8)