Багш нар нийгмийн хангамжаа сайжруулах үүднээс "Цалин нэмэгдүүлэх түр хороо"-г өнөөдрөөс яг нэг сарын өмнө байгуулан ажиллаж, хамтдаа цалин нэмэгдүүлэх шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүлж жагсацгаасан. Харин өнөөдөр 21 аймгийн багш нарын төлөөлөл цуглан цалин нэмэх шаардлагын хариуг хугацаанд нь өгөхгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжиж орон даяар ажил хаяна гэдгээ мэдэгдлээ.
Энэ талаар “Багшийн цалин нэмэгдүүлэх түр хороо”-ны ерөнхий зохицуулагч Ц.Мөнхтуяа “Багшийн цалин нэмэгдүүлэх түр хороо байгуулагдаад нэг сар болж байна. Өнөөдөр багшийн цалинг нэмэгдүүлэх асуудал засгийн газрын хэмжээнд шийдэгдэхгүй байна. Энэ байдлыг эсэргүүцэж байгаа юм. Бид цалин нэмэгдтэл тэмцэх болно. Энэ оны наймдугаар сарын 30-нд Засгийн газарт хүргүүлсэн шаардлагын хариу есдүгээр сарын 15-нд ирнэ. Хэрэв хариу ирэхгүй бол бид тэмцлийн цаашдын шатанд шилжиж, орон даяар багш нар ажил хаяна” гэв.
Багш нар цалинг 1,600,000₮ хүргэхийг шаардсан. Тэд энэхүү цалин хийсвэр тоо биш гэдгийг хэлж байгаа бөгөөд энэхүү цалин хэрхэн зарцуулагдах талаар тооцоо судалгаа танилцуулсан юм. Хэрэв багш нар 1,600,000 төгрөгний цалин авбал дараах зүйлст зарцуулна.
Банкны зээл 570,000₮
Өдөр тутмын хоол хүнсэнд 8,000₮ зарцуулбал 30 хоногт 240,000₮
Өдөр Ахуйн хэрэгцээнд 3,000₮ зарцуулбал сард 120,000₮
Өдөр тутмын харилцаа холбоондоо 5,000₮ зарцуулбал сард 150,000₮
Боловсрол эрүүл мэнддээ өдөрт 5,000₮ зарцуулбал сард 150,000₮
Хувцсанд 300,000₮
Хуримтлал 100,000₮
Ингэж чадвал 36 сарын дараа банкны чанаргүй зээл байхгүй болж 40 мянган өрх айл өрнөөс гарах боломжтой гэсэн юм.
Сэтгэгдэл (11)