Засгийн газар, ОУВС-тай хамтран гурван жилийн хугацаатай “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” хэрэгжүүлэхээр тохиролцсон. Ингэхдээ төсвийн сахилга батыг чангатгаж, орлого, зарлагаа тэнцвэржүүлэх замаар санхүүгийн тогтвортой байдал бий болгохоор зорьж буй. Энэ хүрээнд энэ оны төсвийн тодотголыг УИХ-д өргөн мэдүүлээд байгаа. Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн УИХ-д өргөн бариад буй 2017 оны төсөв, 2018-2019 оны төсвийн төсөөллийн талаарх онцлох 24 баримтыг хүргэж байна.
Баримт 1. Төсвийн тодотголоор Монгол Улс энэ жил зургаан их наяд төгрөгийн орлого олох бол 8.7 их наяд төгрөгийн зарлагатай ажиллана.
Баримт 2. Төсвийн алдагдал 2.77 их наяд төгрөг болж, дотоодын нийт бүтээгдэхүүний 10.6 хувьтай тэнцэнэ. Өмнө нь 9.1 хувьтай дүйж байсан юм.
Баримт 3. Төсвийн нийт зарлагын 15 хувийг зээлийн хүүгийн төлбөр эзэлнэ.
Баримт 4. Энэ удаагийн төсвийн тодотголоор нийгмийн халамж, хөрөнгө оруулалт, татаас шилжүүлгээ бууруулах алхам хийгээгүй.
Баримт 5. Орлого буурч, зарлагыг нэмэгдүүлснээр төсвийн алдагдлыг 400 тэрбумаар өснө.
Баримт 6. Зургаан төрлийн татвар нэмж, хэд хэдэн халамжийн бодлогоос татгалзана.
Баримт 7. Татварын орлого 65.8 тэрбум төгрөгөөр өснө.
Баримт 8. Татварын бус орлого 966.2 тэрбум болж, 200 орчим тэрбум төгрөгөөр буурна.
Баримт 9. Төсвийн зарлагыг бууруулахын тулд хүүхдийн мөнгийг зорилтод бүлэгт олгох, ирээдүйд нөхөн олгохгүй байхаар тусгасан.
Баримт 10. Тэтгэврийн насыг үе шаттай нэмэгдүүлнэ. Тодруулбал ирэх оноос эхлэн 1 жилд 6 сараар нэмэгдүүлэх төлөвлөгөөг урьдчилан зарлаж хэрэгжүүлэхээр тооцжээ.
Баримт 11. Засгийн газраас шатахууны импортлогчдод татварын хөнгөлөлт үзүүлэхээр болсон ч ирэх долдугаар сарын 1, аравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хоёр үе шаттай буцаан нэмэгдүүлэхээр тусгасан.
Баримт 12. 4500-ээс жижиг хөдөлгүүрийн багтаамжтай суудлын автомашинд үйлдвэрлэсэн оноос хамаарч 3-15 хувь буюу 25 мянгаас 2.2 сая төгрөгөөр, 4501-ээс том хөдөлгүүрийн багтаамжтай суудлын автомашинд 40-250 гаруй хувь буюу дөрвөн саяас 47 сая төгрөг хүртэл татварын хэмжээг нэмэгдүүлнэ.
Баримт 13. Хос тэжээлт, цахилгаан хөдөлгүүрт болон хийгээр ажилладаг автомашины онцгой албан татварыг 50 хувиар хөнгөлөхөөр хуулийн төсөлд тусгасан бөгөөд эдгээр автомашинд 375 мянгаас 6.6 сая төгрөгийн татвар ногдуулна.
Баримт 14. Татварын хувь хэмжээг нэмэгдүүлж, зарим хөнгөлөлтийг бууруулснаар улсын төсвийн орлого 2017 онд 37 орчим, 2018 онд 82 орчим, 2019 онд 98 орчим тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдэхээр байна.
Баримт 15. Архи, тамхины онцгой албан татварыг үе шаттай нэмэгдүүлж, ирэх ирэх жил 10 хувь, 2019-2020 онуудад таван хувиар нэмэхээр төсөлд тусгасан байна.
Баримт 16. Импортын тамхинд ногдох гаалийн албан татварыг ирэх сарын 01-ний өдрөөс эхлэн нэмэгдүүлнэ. Ингэснээр гаалийн болон НӨАТ-ын орлого 20 тэрбум төгрөгөөр өснө.
Баримт 17. 2017 оны тодотголоор импортын гаалийн албан татвар 413.8 тэрбум төгрөгт хүрч, батлагдсан хэмжээнээс 18 тэрбум төгрөгөөр өсөхөөр байна.
Баримт 18. Хуулийн дагуу ирэх оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн иргэдийн хадгаламжийн хүүгийн орлогод татвар ногдуулж эхлэх байсан ч төсвийн тодотголоор татвар ногдуулах хугацааг есөн сараар урагшлуулж, ирэх сарын 1-ний өдрөөс эхлэн ногдуулахаар болжээ.
Баримт 19. Хувь хүний орлогын албан татварын орлого 2017 онд 43 гаруй тэрбум төгрөгөөр нэмэгдэх тооцоо гарчээ.
Баримт 20. Тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг ажил олгогч болон даатгуулагч тус 2.5 нэгжээр (нийт 5.0 нэгжээр), сайн дурын даатгуулагчийн төлөх шимтгэлийг мөн ижил аргачлалаар 2.5 нэгжээр нэмэгдүүлэхээр төлөвлөсөн. Ингэснээр ажил олгогчийн төлөх шимтгэлийн хэмжээ 12.7 хувь, албан журмын болон сайн дурын даатгуулагчийн төлөх шимтгэлийн хэмжээ 12.5 хувьд хүрэхээр байна
Баримт 21. 2017 оны төсвийг батлахдаа Төрийн банк, Монголын хөрөнгийн бирж, “Оргил” рашаан сувилал зэрэг долоон аж ахуйн нэгжийг хувьчилж, 177 тэрбум төгрөг төвлөрүүлнэ гэж тусгасан ч хувьчлах аж ахуйн нэгжүүдийн жагсаалтаас хасчээ. Өөрөөр хэлбэл, төр өмчөө хувьчлахаа больсон гэсэн үг.
Баримт 22. Төсвийн орлого 2018 онд 6.8, зарлага 9.45, алдагдал нь 2.64 их наяд төгрөг болно гэж Засгийн газар төсөөлжээ.
Баримт 23. 2019 онд төсвийн орлого 7.8, зарлага 9.97, алдагдал нь 2.1 их наяд төгрөг болно гэж таамаглаад байна.
Баримт 24. Засгийн газрын өрийн хэмжээ 2019 онд 23.5 их наяд төгрөгт хүрч, өснө гэж тэд үзжээ.
24tsag.mn
Сэтгэгдэл (61)