Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн хоёр ч шатны шүүх хурал болж, шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргасан. Гэсэн ч олон нийтийн эргэлзээ улам бүр лавширсаар байна. Тухайлбал шүүх хуралдаанд авагдсан нотлох баримтыг ил болгохыг ард түмэнд хүсч байв. Энэ ч утгаараа Монгол Улсын Ерөнхийлөгч төрийн нууцад хамааралтай гэгдэх зарим нотлох баримтыг ил болгох шийдвэрийг гаргаж, улмаар өнгөрсөн долоо хоногт С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн талаар прокурорууд зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр ээлж дараалан энэ хэргийн нууцад авагдсан гэх баримтыг ил болгож, дуулиан дагуулсан ярилцлага өгсөн. Тэгвэл энэ нь олны эргэлзээг улам лавшруулсан хэрэг болов. Харин энэ талаар УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж өөрийн байр сууриа 25-р суваг телевизээр илэрхийлсэн юм. Хууль зүйн сайд асан, Ц.Нямдорж энэ талаар юу өгүүлснийг 24 баримтаар хүргэж байна.
Баримт 1. Хэрэгт холбогдсон хүмүүсийн талаас надад албан журмаар нэлээд дээр үеэс өргөдөл ирээд байгаа. Би чинь парламентын бүлгэмийн дарга. Олон улсын парламентын холбоо энэ хэргийг 1998 оноос хойш хяналтдаа авчихсан жил болгон тайлан нэхэж байдаг.
Баримт 2. Энэ хэргийн шийдвэр гарснаас хойш гурван удаа надад бичиг ирлээ. Та нар яагаад энэ хэргийн шүүх хурлыг хаалттай хийж байгаа юм, хоёрдугаарт ийм хэргийг танай тагнуулын байгууллага яагаад шалгадаг юм, гуравдугаарт яагаад тэр Булган гэдэг хүнийг бүтэн жил хорьчихоод шүүх хуралд оруулдаггүй юм гээд. Гадна дотно талаасаа айхтар шахаастай байна, хэдийгээр би хариуцах асуудал биш. Гэхдээ надад бас хэлэх зүйл байна.
Баримт 3. Яахаараа захиалагч нь тогтоогдоогүй байхад замаас нь гүйцэтгэгч гэж хүмүүс олддог юм, шийтгэгддэг, шүүх хурлыг хаалттай хийдэг юм. Яагаад Булганыг шүүх хуралд оруулдаггүй юм гэх мэтээр. Сүүлийн үед өрнөж байгаа үйл явдлыг харахад, яахаараа шүүхийн шийдвэрийн төлөөнөөс прокурорууд Монгол телевизээр (МҮОНТ) гарч ийм тайлбар хийж, зарим нэгэн зураг хөрөг үзүүлээд байна вэ гэдэг бол асуудлыг улам ээдрээтэй болгож байна.
Баримт 4. Энэ хэрэг чинь гэрт нь гарсан хэрэг. Энд төрийн нууц байхгүй, энд хувь хүний нууц, байгууллагын нууц байхгүй. Ахуйн шинжтэй л юм өнөөдрийг хүртэл дуулдаж байгаа.
Баримт 5. 1937 оноос хойш ийм нууц таслах ажиллагаа Монголд явагдаагүй. Яахаараа бүхэлд нь хаадаг юм. Яахаараа шүүхийн шийдвэрийн өмнөөс прокурорууд гарч тайлбар хийж байдаг юм. Наад Булган гэдэг хүн чинь цорын ганц гэрч. Юу ч ярьдаг байсан энэ хүнийг шүүх хуралд оруулах ёстой. Эсхүл гэрчийн хувиар, эсхүл хохирогчийн хувиар орох ёстой.
Баримт 6. Булганы амаар чинь тэр хүн алсан гэдэг этгээдүүдийн зураг зурагдсан. Тэрэн дээр нь жишээ нь шүүх тайлбар авах ёстой байсан. Прокуророос тайлбар хийснээр бол Булган чинь хоол хийчихээд хэрэгтнүүдтэй хоол идээд, тамхи татаад сууж байсан байна лээ. Ноцтой юм ярьсан байгаа биз.
Баримт 7. Тэгвэл яагаад Булганыг шүүх хуралд оруулдаггүй юм, ингээд л асуудал үүснэ. Ерөнхийлөгчийн зүгээс Тагнуулын Ерөнхий газарт зарим материалыг нь ил болго гэсэн чиглэл өгөөд энэ асуудал ил болж байгаа нь бүр сэжигтэй байна.
Баримт 8. Энэ хэргийг нууцлах ажиллагаанд Ерөнхийлөгч оролцсон юм байна гэдгийг тэр бичиг нь харуулаад байна. Тэгээд ил гарга гэж байна шүү дээ. Энэ хэргийн цаана үндэсний эрх ашиг гэж юу байгаа юм. Хүний аминд халдсан л хэрэг шүү дээ. Бусад бүх хүний аминд хүрсэн хэргийг шүүсэнтэй ижилхэн л хэрэг.
Баримт 9. Ерөнхийлөгч яахаараа тэрийг ил гаргах шийдвэр гаргаж байдаг юм. Хуулиараа бол нууцад авах жагсаалтыг ч Их хурал баталдаг юм. Одоо хүртэл хууль нь хүчинтэй байна. Булган Шүүх хуралд оролцож, энэ гурав мөн байсан гэж л хэлэх ёстой биз дээ. Булганыг яагаад шүүх хуралд оруулахгүй байгаа юм.
Баримт 10. Аливаа эргэлзээ яллагдагчийн хувьд ашигтайгаар шийдвэрлэгдэнэ гэсэн алтан зарчим байдаг юм. Аливаа эргэлзээ. Жишээ нь наад үзүүлээд байгаа зургуудад чинь зөндөө эргэлзээ байна аа даа. Хамрынх нь үзүүр тэр эрэгтэйгийнхтэй нь ижилхэн юм байна лээ, би үзсээн үзсэн. Яг тэр залуугийн зургийг хараад байхаар манай нэг цуутай жүдогийн тамирчны зурагтай ижилхэн харагдаад байгаа юм даа. Яг тийм хамартай. Ингээд л эргэлзээ гарна шүү дээ. Ам зураг, байгаа зураг хоёрыг харьцуулах бол яллах баримт биш.
Баримт 11. Эрүүдэн шүүх замаар. Тэр алдаа завхралын чинь үндсэн юм нь хэрэг хүлээсэн бол шийтгэж болно гэдэг л зарчим байхгүй юу. Өнөөдрийн болж байгаа юм чинь яг л тэр онол амилж байна гэсэн үг.
Баримт 12. Үндсэн хуулийн суурь зарчмууд алдагдаж байгаа учраас цаашдаа хуулийнхан чинь дургүй хүн болгоноо аваачиж хийх ажиллагааны суурь тавигдаж эхэлж байна гэсэн үг. Анх удаа ийм юм болж байгаа юм биш. Долдугаар сарын 1-ний хэргээр цагдаагийн дарга нарыг шийтгээд, ял эдлүүлээд гаргачихлаа шүү дээ. Энэ яг ийм хэрэг байсан. Захиалгатай шийдвэр байсан.
Баримт 13. Номоороо бол эхлээд захиалагчийг барьж авах ёстой. Захиалагчийг тогтоож байж гүйцэтгэсэн этгээд, хэргийг нотлох ёстой юм. Одоо жишээ нь яах гэж хүн алсан юм энэ гурван хүн, хэдэн төгрөг авсан юм. Энэ байхгүй. Энэ юу болж байна.
Баримт 14. Улс төрийн захиалгатай хэрэг гэдгийг хэн тогтоочихсон юм? Яахаараа Эрдэнэтэд хэн ч мэддэггүй 16 настай хүүхэд энэ хэргийн гүйцэтгэгчээр сонгогддог билээ. Ингээд л асуудал гарна шүү дээ. Яахаараа бага насны гурван хүүхэдтэй, нэг нь хөхүүл байсан 27 настай эмэгтэй энэ хэргийн гүйцэтгэгчээр сонгогддог билээ. Арьсны ченж хийж байсан, Улаанбаатар хот үзээгүй хүнийг энэ хэргийн гүйцэтгэгчээр сонгодог билээ? Захиалагч нь байгаа бол, асуудал байгаа биз дээ. Үүнд л шүүхийн тогтоолоор хариулт өгөх ёстой биз дээ. Энэ байхгүй байна шүү дээ.
Баримт 15. Тэр Амгаланбаатар гэдэг нь хамгийн сэжгийн нь Архангайд гарсан хүн амины хэргийг бас ингэж хүлээгээд, сүүлд тэр биш байсан гэдэг нь мөрдөн байцаалтаар тогтоож хэргийг нь хэрэгсэхгүй болгосон юм байна лээ. Аюултай байгаа биз. Нэг ийм хүний мэдүүлгээр л энэ асуудлыг шийдээд дуусгаж байна даа.
Баримт 16. Би бол 10 жил хэрэг уншсан прокурор хүн. Миний анх талх идсэн газар энэ л дээ. Одоог хүртэл хайртай байдаг юм. Гэхдээ прокурорууд ардчилсан нийгмийн үед ийм адал балмад юмыг олж харахгүй байна гэхэд би гайхаад л байгаа юм даа.
Баримт 17. Барин тавин баримтаар нотолж чадахгүй бол тавиад явуул гэсэн зарчим байдаг. Одоо нэг хөгийн юм яриад байгаа юм. 1998 онд орцонд нэг удаа харчихсан хүн сая үзээд яг таньчихлаа гээд байгаа байхгүй юу. Ийм байх уу. Юутай ч энэ хэргийг нууцлалаас нь гаргах хэрэгтэй.
Баримт 18. Энэ хэргийг зориудаар гэмгүй хүмүүст тохоод хаах гэсэн зорилго байна уу гэж надад харагдаж байна. Долдугаар сарын 1-ний хэргийг цагдаагийн дарга нарыг шийтгэж аниргүй болгосон. Одоо дахиад энэ хэрэг. Ийм л зураг харагдаж байна.
Баримт 19. Үнэхээр нотолчихсон юм бол шүүх хурлаа нээлттэй хийчихгүй яагаад шүүхийн шийдвэрийн төлөөнөө прокурорууд өдөр шөнөгүй ярилцлага өгч байдаг юм. Тэр шийдвэр гаргасан шүүх нь шийдвэрээ тайлбарладаг л юм байгаа биз. Прокурорын хийх ажил шүүхийн тогтоол уншсанаар л дууссан. Одоо прокурорт хийх ажил байхгүй, тэр захиалагчаа л хайдаг юм байгаа биз. Хар хүний төлөө шар хүн гэж үг байдаг. Прокурорыг нь яриулж байгаа юм бол өмгөөлөгчийг нь гаргаад яриул л даа.
Баримт 20. Прокурор шүүхийн шийдвэрийг тайлбарлаад явах эрх ч байхгүй, үүрэг ч байхгүй. Тэр шүүгч нь өөрөө хэвлэл мэдээллийн албатай, шүүгч нь өөрөө хоёр шатны шүүхээр хүн шийтгэчихсэн. Гэтэл шүүхийн шийдвэрийн өмнөөс прокурор тайлбар хийнэ гэж байдаггүй юм. Зүгээр л байдаггүй юм.
Баримт 21. Одоо Дээд шүүх энэ хэргийг яах вэ гэдгийг харах л үлдлээ. Наад хэргийн чинь шүүх хурал болохын өмнөх өдрийн бүлгийн хурал дээр би ярьж байсан юм. Энэ яг шийтгээд дуусна аа, анхан шатны шүүх ч шийтгэнэ, давж заалдах шатны шүүх дээрээ ч батална аа, ийм шийдвэр гаргах урьдчилсан нөхцөлүүдээ ингэж, ингэж хангаж байна гэдгийг би хэлээд хаясан л даа.
Баримт 22. Шүүгч, прокурорууд ямар нэг улс төрийн нөлөөнд байна. Тэгж хэлсэн үг маань ч тэр өдрийн бүлгийн хурлын протоколд байж л байгаа. Яг л миний хэлснээр шүүх хурал дууссан. Яахаараа үхсэн хүн үг хэлэх биш гэдэг зарчим баримталж тэр 2007 онд эхнэр хоёр хүүхэдтэйгээ шатаж нас барсан хүн рүү энэ хэргийг чихдэг билээ. Дахиад л нөгөө Амгаланбаатарын үгээр. Өөр баримт байхгүй. Тэр үед цахилгаанаас болоод шатчихжээ гэдэг дүгнэлт л хийсэн юм байна лээ. Тэрийг нь төвийн шинжээчид дахиад баталсан л юм байна лээ.
Баримт 23. Тэр Монгол телевизээр ярьсан прокурор аюултай юм ярьж байна лээ шүү. Энэ хэргийн талаар яриад үзээрэй, ял хүлээж байна шүү гэж айлгаж байна лээ шүү дээ.
Баримт 24. Яагаад тэгвэл Булганыг бүтэн жил хорьчихоод өнөөдөр тэр хүнийг шүүх хуралд оруулдаггүй юм. Яахаараа тэр хүний хэлсэн ам зургаар хүнд ял халдаагаад сууж байдаг юм. Яахаараа Булганы үгийг авдаггүй юм. Эвгүй байгаа биз. Булган Монгол Улсын иргэн мөн биз дээ. Монгол Улсын иргэнийг эд нар хорьсон нь үнэн биз дээ. Булганыг та нар яагаад яриулаагүй юм гэхээр тоймтой хариулт хэлж чадахгүй байгаа юм, хуулийн дагуу. Нөгөө яриад, шуугиад байдаг Ардчилсан намынхан хааччихсан юм бэ? Жишээ нь тэр Баяраа гомдсон байна лээ шүү дээ. Зоригийн ах нь, Ардчилсан намынхан дуугүй болчихлоо гэж. Явж явж ийм нийгэм байгуулах гэж яваа юм байж гэж би ойлголоо шүү дээ.
24tsag.mn
Сэтгэгдэл (65)