Ардчилсан нам шинэчлэгдэж, нээлттэй нам болж байгаагаа тунхаглаж байгаа ч дотоод зөрчил нь хэдийнэ газар аваад байгаа билээ. Ирэх сарын 2-нд болох Дотоод сонгуульд хүч үзэх нэр дэвшигчид хэдхэн хоногийн өмнө батламжаа гардаж авсан. Олон сая төгрөгийн дэнчин, хураамж тогтоосон гэх шүүмжлэлд өртөөд буй дотоод сонгуулийг хууль бус болох гэж байгаа талаар намын зарим гишүүд хэлж, эсэргүүцэж байгаа ч намын удирдлагууд нь хэдийнэ тоглоомын дүрмийг гартаа атгаад үйл ажиллагаагаа үргэлжүүлсээр байна. Харин энэ удаагийн сонгууль хэр шударга болж, хэн, хэн ялалт байгуулах вэ гэдэг нь олны анхаарлыг мөн татах болов.
90 сая төгрөгийн дэнчинтэй Нийслэлийн Ардчилсан намын даргад нийслэлийн Сүхбаатар дүүргийн Ардчилсан намын дарга Д.Баттулга, УИХ-ын гишүүн асан Ш.Түвдэндорж нар хүч үзэхээр батламжаа гардан аваад буй. Тэдэнтэй мөр зэрэгцэн хүч үзэх мэдлэг боловсролтой гишүүд Ардчилсан намд олон бий. Гэсэн ч дэнчингийн гэх өндөр босго тогтоосон нь жирийн гишүүдийн нэр дэвших эрхийг хазаарласан үйлдэл болсон нь гарцаагүй. Ямартай 100 орчим сая төгрөгийн дэмчин тавьж, Нийслэлийн Ардчилсан намын даргад өрсөлдөж буй эрхмүүдийн хэн нь хэн бэ гэдгийг 24 баримтаар хүргэж байна.
Баримт 1. Өнгөрсөн дөрвөн жилд НИТХ-ын даргаар ажилласан Д.Баттулга энэ удаа “Улсын баатар”-ын өдгөө хашиж буй Нийслэлийн АН-ын даргын суудалд хүч үзэж байгаа нь энэ.
Баримт 2. Тэрбээр 1990 оны 3 дугаар сарын 07-нд өлсгөлөн зарлаж байсан 10 хүний нэг.
Баримт 3. Ардчилсан хувьсгалын “Алтан хараацайнуудын” нэг гэгддэг Д.Баттулга улс төрийнхөө гарааг Дархан-Уул аймгаас эхүүлж байжээ.
Баримт 4. Түүний улс төрийн замнал төдийлөн дардан байгаагүй. Тэрбээр Казиногийн хэргээр УИХ-ын танхимаас "Ганц" худаг руу илгээгдэж байсан нэгэн.
Баримт 5. Харин тэрбээр хэсэг хугацаанд ял эдлээд гарч ирмэгцээ Сүхбаатар дүүргийн АН-ын дарга болсон бөгөөд УИХ-ын сонгуульд удаа дараа нэр дэвшээд унасан ч НИТХ-д төлөөлөгчөөр сонгогдож чамгүй сайн нэр зүүж дөнгөсөн.
Баримт 6. Д.Баттулгыг аавын хаалга татахад ерөнхий сайд асан С.Баяр, өөрийнх нь намын Х.Хулан, Ц.Ганхуяг, Ж.Наранцацралт, Хууль зүйн сайд асан Л.Цог, УМБГ-ын дарга асан Д.Алтангэрэл нар гол түлхэц үзүүлсэн гэдэг.
Баримт 7. Д.Баттулгын гар бие оролцсон “Казино”-ийн хуулийг 1999 оны нэгдүгээр сард хүчингүй болгосон бөгөөд тэрбээр одоо болтол казиногийн хэргийг гүтгэлэг, хуулийн цоорхой хэмээн ярьдаг юм билээ.
Баримт 8. Д.Баттулгыг “казино” нэрээр нь олон түмэн андахгүй.
Баримт 9. ОХУ-ын Санкт Петрбург хотын Инженер-эдийн засгийн дээд сургуулийг төгссөн тэрбээр Эрчим хүчний эдийн засагч мэргэжилтэй нэгэн.
Баримт 10. 1984-1985 онд ТЭЦ-4-т эдийн засагч, 1985-1989 онд ТЭХЯ-нд мэргэжилтэн, 1989-1990 онд Дарханы ДЦС-д эдийн засагчаар ажиллаж байжээ. Харин 1990 оноос улс төрд орсон тэрбээр 1990-1992 онд УБХ-ын гишүүн байсан бол 1992-1996 онд МоАХ-ны ерөнхийлөгч, 1996-1999 онд УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, 2000-2005 онд хувийн хэвшилд, 2005-2010 онд УБЦТС, ТӨХК-д гүйцэтгэх захирлын албыг хашиж байв. 2010 оноос Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажилласан бол өнгөрсөн дөрвөн жилд НИТХ-ын даргаар ажилласан юм.
Баримт 11. МоАХ фракцийнх хүн гэгддэг тэрбээр бусад хүмүүс шиг морь уяж, найр наадам хэсч, машин цуглуулж, ууланд авирч харагддаггүй. Гэхдээ тэрээр байгалийн сайханд амрах дуртай аж.
Баримт 12. Д.Баттулга өөрийгөө “Халзан толгойтой, ширүүн харцтай, хачин нөхөр” гэж тодорхойлдог бөгөөд одоо өөрийгөө сэтгэлийн их хаттай болсон гэж дүгнэдэг байна.
Баримт 13. Ардчилсан нам доторх МОАХ фракцид харъяалагддаг Ш.Түвдэндорж Нийслэлийн Ардчилсан намын даргад өрсөлдөхөөр 90 сая төгрөгөө дэнчин тавиад буй.
Баримт 14. АН-ын алтан хараацайнуудын нэг гэж өөрийгөө хэлдэг тэрбээр 1990 оны Ардчилсан хувьсгалд гар бие оролцож явжээ.
Баримт 15. Улаанбаатарын унаган хүү тэрбээр 1992 оноос хойш АН-ын удирдах зөвлөлд тасралтгүй ажилласан байна.
Баримт 16. 1999 онд Отгонтэнгэр Их сургуулийг хуульч, өмгөөлөгч мэргэжлээр төгссөн Ш.Түвдэндорж нь Хууль зүйн ухааны доктор зэрэгтэй аж.
Баримт 17. Хүмүүс түүнийг Х.Баттулгын хүн гэдэг. Учир нь 2008 онд Ш.Түвдэндорж МоАХ-ны даргаа Х.Баттулгад өгсөн. Үүнээс хойш ийнхүү нэр зүүх болжээ.
Баримт 18. МоАХ-ны дэмжлэг, оролцоогоор 2010 онд Нийслэлийн АН-ын дарга өөрчлөгдөж, С.Эрдэнийн оронд Ш.Түвдэндорж томилогдсон юм. Үүнийг МоАХ-ны даргаа өгсөн наймааны ашиг ч гэж хэлэх хүн цөөнгүй.
Баримт 19. Тэрбээр сонгуульд тун одгүй нэгэн. УИХ-ын сонгуулиудад хүч үзэж байсан ч ард түмний дэмжлэгийг хүртэж байгаагүй Ш.Түвдэндорж 2012 оны УИХ-ын сонгуульд намын жагсаалтын тавдугаарт жагсаж, УИХ-ын гишүүнээр сонгогдож байв.
Баримт 20. Нийслэлийн Ардчилсан намын даргад өрсөлдөж буй тэрбээр өмнө нь албыг хашиж байсан туршлагатай нэгэн.
Баримт 21. Ш.Түвдэндоржийг гэр бүлийн хувьд тогтворгүй гэж хэвлэлүүдэд бичжээ. Өмнөх эхнэрээсээ салсан тухай мэдээллүүд нэг хэсэгтээ шар сонинг бичих юмтай болгож байсан байна.
Баримт 22. Хөдөлмөрийн Гавьяаны Улаан Тугийн одон, Алтан Гадас одон, АН-ын дээд шагнал-Чингис Хааны одонгийн шагналтай.
Баримт 23. Түүнийг Үйлдвэр хөдөө аж, ахуйн сайдаар томилох эсэх асуудлаар АН-ын бүлэг дотроо хоёр хуваагдаж байсан удаатай.
Баримт 24. Шинэчлэлийн Засгийн газрын үр нөлөөгөөр бялуу хүртэж явсан тэрбээр УИХ-ын гишүүн болонгуутаа өөрийн ах Ш.Төмөрбаатарыгаа Нийслэлийн Өмчийн газрын даргын суудалд суулгаж чадсан гэдэг юм билээ.
24tsag.mn
Сэтгэгдэл (10)