Цагдаагийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг өчигдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар батлав. Энэхүү хууль төрснөөрөө цагдаагийн цолыг өндөр шалгууртай олгохоор болж байгаа аж. Тухайлбал, цагдаагийн бага цол буюу ахлагч цолыг дөрвөн жил тогтвор суурьшилтай ажиллаж байж авна. Мөн шинэ томилогдсон цагдаа дэд ахлагч цолтой байна. Ингээд дөрвөн жил үр бүтээлтэй, тогтвор суурьшилтай ажиллаж байж ахлагч болтой болно. Дахиад дөрвөн жил үр бүтээлтэй ажиллавал ахлах ахлагч болох юм. Тэгвэл энэ мэт хуулийн онцлох заалтыг 24 баримтаар хүргэж байна.
Баримт 1. Цагдаагийн алба нь гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргийг хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлэх төрийн тусгай алба мөн.
Баримт 2. Цагдаагийн алба, алба хаагч нь үйл ажиллагаандаа Монгол Улсын Үндсэн хуульд зааснаас гадна хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх, ил тод, нээлттэй байх, нууцыг чанд хадгалах, олон нийтийн итгэл хүлээж, дэмжлэг авах, үйл ажиллагаа нь тасралтгүй байх, улс төрөөс ангид байх, нэгдмэл төвлөрсөн удирдлагатай байх зарчмыг баримтална.
Баримт 3. Цагдаагийн байгууллага, алба хаагчаар хуульд зааснаас өөр ажил, үүрэг гүйцэтгүүлэхийг хориглоно.
Гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоох
Баримт 4. Цагдаагийн алба хаагч гэр бүлийн хүчирхийллийг таслан зогсоох зорилгоор бусдын орон байранд нэвтрэн орж, хохирогч болон гэр бүлийн гишүүдийн аюулгүй байдлыг шалгах, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд[1] заасан журмын дагуу аюулын зэргийн үнэлгээ хийж, түүнийг үндэслэн хохирогчийг түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төв болон эмнэлэгт хүргэх, эсхүл боломжтой бол төрөл, садан, ойр дотных нь хүний түр хамгаалалтад өгч болно.
Баримт 5. Шаардлагатай гэж үзвэл хүчирхийлэл үйлдэгчийг баривчлах, зэвсэг, зэвсгийн чанартай бусад зүйлийг хураан авах эрхтэй.
Цагдаагийн албан тушаалд томилох
Баримт 6. Цагдаагийн байгууллагын тодорхой албан тушаалд анхлан томилох, алба хаагчийг албан тушаал дэвшүүлэн томилохдоо алба хаагчийн мэдлэг, мэргэжил, ур чадвар, гаргасан амжилт, хувийн болон мэргэжлийн ёс зүйг үндэслэл болгож, албан тушаал эрхлэх шат дарааллаар томилох зарчмыг баримтална.
Баримт 7. Цагдаагийн алба хаагч бэлтгэх үүрэг бүхий дээд боловсролын сургалтын байгууллагын алба хаагч болон 18 насанд хүрсэн суралцагчийг онцгой тохиолдолд нийтийн хэв журам хамгаалах ажилд оролцуулж болох бөгөөд энэ тохиолдолд цагдаагийн алба хаагчид хуулиар олгосон баталгаа тэдгээрт нэг адил хамаарна.
Баримт 8. Цагдаагийн албанд анх томилогдох иргэнийг албаны бэлтгэл, албан тушаалд тавигдах шаардлага, шалгуурыг хангасан эсэхийг тогтоох зорилгоор нэг жил хүртэл туршилтын хугацаанд ажиллуулж болно. Туршилтын хугацаагаар ажиллах иргэнийг дадлагажих ажилтнаар томилж гэрээ байгуулна. Дадлагажих ажилтан туршилтын хугацаанд гүйцэтгэх чиг үүрэгт нийцсэн энэ хуульд заасан эрх хэмжээг хэрэгжүүлж, үүрэг хүлээнэ.
Цагдаагийн цол
Баримт 9. Эрхэлж байгаа албан тушаал, алба хаасан хугацаа, ажлын үр дүнг харгалзан цагдаагийн алба хаагчид ахлах цолыг цагдаагийн хурандаа, цагдаагийн дэд хурандаа, цагдаагийн хошууч, дунд цолыг цагдаагийн ахмад, цагдаагийн ахлах дэслэгч, цагдаагийн дэслэгч, бага цолыг цагдаагийн ахлах ахлагч, цагдаагийн ахлагч, цагдаагийн дэд ахлагч нар олгоно.
Баримт 10. Цолны албан тушаалын ангилал, цолны зэрэглэлийг цагдаагийн төв байгууллагын дарга тогтооно. Цагдаагийн төв байгууллагын дарга, тэргүүн дэд дарга, дэд дарга цэргийн дээд цолтой байна.
Цагдаагийн цол олгох болзол
Баримт 11. Цагдаагийн алба хаагчид цагдаагийн бага, дунд цол олгоход дараахь хугацааг баримтална. Цагдаагийн дэд ахлагчаас цагдаагийн ахлагч-4 жил, цагдаагийн ахлагчаас цагдаагийн ахлах ахлагч- 4 жил, цагдаагийн дэслэгчээс цагдаагийн ахлах дэслэгч-3 жил, цагдаагийн ахлах дэслэгчээс цагдаагийн ахмад-3 жилээр олгоно.
Баримт 12. Цагдаагийн алба хаагчид цагдаагийн ахлах цол олгоход дараахь хугацааг баримтална. Цагдаагийн хошууч цол олгоход цагдаагийн ахмад цолыг 4, түүнээс дээш жил хэрэглэсэн, цагдаагийн дэд хурандаа цол олгоход цагдаагийн хошууч цолыг 5, түүнээс дээш жил хэрэглэсэн, цагдаагийн хурандаа цол олгоход цагдаагийн дэд хурандаа цолыг 6, түүнээс дээш жил хэрэглэсэн.
Баримт 13. Цагдаагийн алба хаагч бэлтгэх үүрэг бүхий дээд боловсролын сургалтын байгууллагын алба хаагчид цагдаагийн төв байгууллагын дарга энэ хуульд заасан хугацаа, шалгуурыг баримтлан цагдаагийн цол олгож болно. Эрхэлж байгаа албан тушаал, ажлын үр дүнг харгалзан зэрэг дэв дээгүүр болон энэ хуулийн хугацаанаас өмнө цагдаагийн алба хаагчид цагдаагийн цол олгож болно.
Баримт 14. Цагдаагийн цолыг алгасуулан олгохыг хориглоно. Цагдаагийн цолыг цагдаагийн төв байгууллагын дарга олгоно. Харин цагдаагийн цол олгох, бууруулах, хураан авах, сэргээх журмыг Монгол Улсын Ерөнхийлөгч батална.
Баримт 15. Цагдаагийн алба хаагчид жил бүр ажлын 15, сонсогчид 25 өдрийн үндсэн амралт олгож, биеэр эдлүүлнэ. Харин гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үүрэг бүхий цагдаагийн алба хаагчид алба хаасан 2 жил тутам ажлын З өдрийн, цагдаагийн бусад алба хаагчид алба хаасан 5 жил тутам ажлын З өдрийн нэмэгдэл амралт олгоно.
Баримт 16. Ажлын зайлшгүй шаардлагаар нэмэгдэл амралтаа биеэр бүрэн эдэлж чадаагүй цагдаагийн алба хаагчид түүний зөвшөөрснөөр эдлээгүй хоног тутамд үндсэн цалинг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн урамшил олгоно.
Баримт 17. Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заасан үндэслэлээр цагдаагийн алба хаагч тэтгэвэр тогтоолгож, тэтгэмж авах эрхтэй бөгөөд алба хаах насны дээд хязгаар нь, цагдаагийн бага цолтой алба хаагч 45 нас, цагдаагийн дунд цолтой алба хаагч 50 нас, цагдаагийн ахлах цолтой алба хаагч 55 нас, цагдаагийн дээд цолтой алба хаагч 60 нас, цагдаагийн бага цолтойгоос бусад эмэгтэй алба хаагчийн алба хаах насны дээд хязгаар нь 50 нас байна.
Баримт 18. Насны дээд хязгаарт хүрсэн цагдаагийн алба хаагчийн алба хаах хугацааг дотоод хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн 5 хүртэл жилээр сунгаж болно. Гэхдээ цагдаагийн алба хаагч насны дээд хязгаарт хүрмэгц албанаас чөлөөлөгдөх, дахин нэг жилээр сунгуулах тухай хүсэлтээ насны дээд хязгаарт хүрэх хугацаа болохоос 3 сарын өмнө гаргаагүй нь захиргааны санаачилгаар түүнийг албанаас чөлөөлөхөд саад болохгүй.
Баримт 19. Цагдаагийн байгууллагын захиалгаар суралцсан, цэргийн жинхэнэ алба хаасан, цэрэг, цагдаагийн сургуульд сонсогчоор суралцсан болон хуульд заасан бусад хугацааг цагдаагийн албанд ажилласан хугацаанд оруулан тооцно. Харин цагдаагийн алба хаагчийн насны дээд хязгаарт Төрийн албаны тухай хуульд заасан насны хязгаар хамаарахгүй.
Баримт 20. Цагдаагийн байгууллагын төсвийг өмнөх жилээс бууруулан батлахыг хориглоно.
Баримт 21. Цагдаагийн байгууллага, алба хаагчийн буруутай үйл ажиллагаа, шийдвэрээс хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж иргэн, албан тушаалтан үзвэл дотоод хяналт-аюулгүй байдал хариуцсан нэгж болон прокурор, шүүхэд гомдол гаргах эрхтэй.
Баримт 22. Иргэнийг баривчилсан, албадан саатуулсан, захиргааны хариуцлага хүлээлгэсэн тухай цагдаагийн байгууллагаас хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлсний дараа уг ажиллагаа үндэслэлгүй болох нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр нотлогдвол цагдаагийн байгууллага 10 хоногийн дотор хэвлэл мэдээллийн хэрэгслээр залруулга хийх үүрэгтэй.
Баримт 23. Цагдаагийн албаны тухай хууль тогтоомж, өргөсөн тангаргаа зөрчсөн цагдаагийн алба хаагчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол, энэ хууль болон цагдаагийн албаны ёс зүйн дүрмийг баримтлан сахилгын шийтгэл ногдуулна.
Баримт 24. Цагдаагийн байгууллага, алба хаагчийн энэ хуульд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулсан, хүч хэрэглэн эсэргүүцсэн, албан үүрэгтэй нь холбогдуулан алба хаагч, түүний хамаарал бүхий этгээдийг болон тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн үндэслэлээр цагдаагийн албанаас чөлөөлөгдсөн иргэнийг заналхийлсэн этгээдэд холбогдох хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
24tsag.mn
Сэтгэгдэл (71)