Сүүлийн жилүүдэд Монголчууд архи гэх “хор”-оос олноороо хордож, амь насаа алдах тохиолдол ихээр гарах болсон. Хамгийн сүүлд л гэхэд энэ сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн II хороонд таван хүн хордож нас барсан харамсалтай хэрэг гарсан билээ. Тэдгээр хүмүүс юунаас хордож нас барсан нь одоогоор эцэслэн тогтоогдоогүй байгаа ч мэргэжлийн хүмүүс дээрх хүмүүсийг шингэн зүйлд хордож нас барсан гэсэн мэдээллийг өгөөд байгаа. Ямартай ч хэргийн газраас “Мөнхжин-Од” компанийн үйлдвэрлэдэг “Найрсаг” хэмээх архины шил олдсон. Тиймээс нийслэлийн хэмжээнд архи согтууруулах ундааг худалдан борлуулах түүгээр үйлчлэхийг тав хоног хориглож, хугацаа нь өнөөдөр нь дуусаад буй. Харин олон нийт дээрх хүмүүсийг “Мөнхжин-Од” компанийн үйлдвэрлэдэг “Найрсаг” архинаас хордож нас барсан байх магадлалтай хэмээн хардаж байгаа юм. Тэгвэл олны хардлагыг төрүүлээд буй “Мөнхжин-Од” компанийн талаарх 24 баримтыг хүргэж байна.
Баримт 1. Баянгол дүүргийн хоёрдугаар хорооны нутаг дэвсгэрт таван иргэн хордож нас барсан хэрэг гарсан. Энэ хэрэгтэй холбогдуулан цагдаа, прокурор, мэргэжлийн хяналтын байцаагч нар “Мөнхжин-Од” ХХК-ийн үйлдвэр дээр очиж "Найрсаг" гэх архийг хураан авч, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн рүү шинжлүүлэхээр шилжүүлээд буй. Шинжилгээний эцсийн хариу хараахан гараагүй байгаа.
Баримт 2. Дээрх үйл явдалтай холбоотойгоор тус үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоож, тухайн байрыг лацдаж битүүмжилсэн юм.
Баримт 3. Нас барсан таван иргэн "Мөнхжин-Од" компанийн архинд хордож нас барсан байх магадлалтай тул Нийслэлийн онцгой комиссоос тав хоногийн хугацаатай архи согтууруулах ундааг худалдан борлуулах, түүгээр үйлчлэхийг хориглох тогтоол гаргасан.
Баримт 4. Таван иргэн хордож амиа алдсан байж магадгүй гэх “Найрсаг” архийг 0,5 литр, 0,750 литрээр савлан борлуулдаг байжээ.
Баримт 5. Энэхүү архи нь зах зээлд худалдаалагдаж буй архинаас хамгийн хямд өртөгтэй нь аж. Тодруулбал Найрсаг архийг 3500, 5000 төгрөгөөр зардаг байжээ.
Баримт 6. Хямд үнэтэй энэхүү архийг гэр хороололд түлхүү худалдаалдаг байна.
Баримт 7. “Найрсаг” архитай холбоотой гомдол өмнө нь иргэдээс ирж байжээ. Тодруулбал, 2015 оны хоёрдугаар сар, 2016 оны дөрөвдүгээр сард хэрэглэсэн иргэн нь хордлого өгч байсан аж.
Баримт 8. Тухайн үед Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас иргэдийн гомдлын дагуу шалгаж, лабораторийн шинжилгээнд хамруулж байсан ч үйл ажиллагаа явуулах эрхийг нь зогсоогоогүй юм байна.
Баримт 9. “Мөнхжин-Од” компанийн талаарх таагүй мэдээлэл хэвлэлийн хуудснаа мөнхрөн үлдсэн нь олон.
Баримт 10. 2011 онд “Мөнхжин-Од” компанийг шалгахад чанарын шаардлага хангахгүй бүтээгдэхүүнийг хямд үнээр борлуулж, бусдын барааны тэмдэг бүхий шилийг ашиглаж өөрийн бүтээгдэхүүнийг савладаг, Онцгой албан татварын хуурамч тэмдэг ашиглан хямд, чанаргүй архи үйлдвэрлэн худалдаанд гаргаж, Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчсөн нь тогтоогдож байжээ.
Баримт 11. 2012 онд энэ үйлдвэр “Мөнхжин” нэртэй 6000 ширхэг хуурамч архи үйлдвэрлэн худалдах гэж байсныг цагдаагийнхан илрүүлж, хурааж авч байсан.
Баримт 12. 2013 онд “Мөнхжин-Од” гэдэг компани хууль зөрчиж тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүсэлт гаргасан. Тухайн үеийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн яаманд уг хүсэлтийг хүргүүлсэн ч хааж дийлээгүй аж. Үүний ард хэн байв.
Баримт 13. 2015 онд “Хямд архи” нэгдсэн арга хэмжээг Сүхбаатар дүүргийн цагдаагийн газраас зохион байгуулж, 10 мянган архи хурааж авч шинжилгээнд явуулсан. Шинжилгээгээр тэдгээр архины татварын акц нь хуурамч, архи нь хольцтой гэсэн дүгнэлт гарч байжээ. Ингээд “Мөнхжин” нэртэй хуурамч архийг үйлдвэрлэсэн этгээдүүдэд эрүү үүсгэн шалгаж эхэлсэн ч хэн ч тусгай зөвшөөрлийг нь цуцалсангүй, эрүү үүсгээд ч ял оноож чадаагүй аж.
Баримт 14. 2016 оны дөрөвдүгээр сард тус компаний үйлдвэрлэсэн “Найрсаг” архинд архинд нэг хүн хордож нас барж байжээ. Мөн тус оны хоёрдугаар сард иргэд уг архийг уусны дараа хордлогын шинж тэмдэг илэрч эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авчээ.
Баримт 15. Энэ мэтээр он дараалан хууль зөрчиж хуурамч татварын акцтай, хольцтой, хуурамч архи үйлдвэрлэж байсан “Мөнхжин-Од” компанийн архи энэ удаа таван хүний эрдэнэт аминд хүрсэн байх өндөр магадлалтай байна.
Баримт 16. “Мөнхжин” нэртэй хуурамч архийг үйлдвэрлэсэн тус компанид өмнө нь дээрх зөрчлүүддээ торгуулах төдийхөн хариуцлага хүлээдэг байжээ.
Баримт 17. Мөнхжин гэх архиныхаа нэрийг өөрчилж “Найрсаг” болгон худалдаанд гаргасан гэх.
Баримт 18. 2016 оны шалгалтаар “Мөнхжин” архи нь хуурамч болох нь тогтоогдож, тусгай зөвшөөрлийг нь цуцлах хүсэлт гарсан ч хүлээж аваагүй юм байна.
Баримт 19. Тухайн үед шинжилгээ авсан “Мөнхжин” архины татварын акц нь хуурамч, хольцтой гэсэн дүгнэлт гарч байжээ.
Баримт 20. Мөнхжин-Од компаний ард улс төрийн нэр нөлөө бүхий эрхэм байгааг ч эх сурвалж дурдаж байсан удаатай. Өөрсдөө ч биднийг яаж ч чадахгүй хэмээн ярьдаг аж.
Баримт 21. “Мөнхжин-Од” компанид “Би Цэ трейд” компани спирт нийлүүлдэг гэдгийг ажилчид ярьж байсан.
Баримт 22. “Би Цэ трейд” угшил гарал нь “Алко” группээс эхтэй аж. Тухайлбал энэ компани байгуулагдаад арван жил болоогүй ч гэсэн Монголын спиртийн зах зээлийн дийлэнхийг атгадаг гэдгийг энэ төрлийн бизнес эрхлэгчид андаггүй гэнэ.
Баримт 23. Зах зээлд “Монгол”, “Найман шарга”, “Галт ус” хэмээх архи гаргадаг “Алко” групп 2013 онд нэрээ өөрчилж “Би Цэ трейд” болгожээ.
Баримт 24. Энэхүү компани нь өнөөдрийн хүртэл “Мөнхжин-Од” компанид спирт нийлүүлж иржээ.
24tsag.mn
Сэтгэгдэл (14)