УИХ-ын гишүүн Н.Энхболд, Б.Батзориг, З.Нарантуяа, Н.Оюундарь, Д.Хаянхярваа нарын гишүүн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг шинэ оны өмнөхөн УИХ-ын дарга өргөн мэдүүлсэн билээ. Харин энэхүү хуулийн төслийг улс төрд суудалтай намууд тохиролцож, бусдад боломж олгохгүй өөрсдөдөө ашигтай байдлаар батлахаар яаравчилж байна гэдгийг хэлэх хүн олон байгаа. Хуулийн төсөлд Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх, нэр дэвшигчийг бүртгэх талаар хэрхэн тусгасныг 24 баримтаар хүргэж байна.
Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх, нэр дэвшигчийг бүртгэх
Баримт 1. Улсын Их Хуралд суудал бүхий улс төрийн нам дангаараа Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх эрхтэй.
Баримт 2. Улсын Их Хуралд суудал бүхий улс төрийн намууд хамтран Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх эрхтэй.
Баримт 3. Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 55 хоногийн өмнө эхлүүлж тав хоногийн хугацаанд дуусгана.
Баримт 4. Тухайн сонгуульд нэг хүний нэрийг дахин дэвшүүлэхгүй.
Баримт 5. Улсын Их Хуралд суудалгүй нам Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг дэмжиж болно.
Баримт 6. Нэр дэвшигч нь хуульд заасан нийтлэг шаардлагаас гадна банк, бусад хуулийн этгээд, иргэнд шүүхийн шийдвэрээр тогтоогдсон төлбөл зохих зээл, барьцаа, батлан даалтын өргүй байх ёстой аж.
Баримт 7. Мөн хугацаа хэтэрсэн албан татварын өр төлбөргүй байх, нэр дэвшигч компанийн 51 ба түүнээс дээш хувьцааг эзэмшдэг бол тухайн компани нь албан татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй байх, ял шийтгүүлж байгаагүй, эсхүл ял шийтгүүлж байсан бол ялгүй болсон буюу ялгүйд тооцогдсон байх ёстой юм байна.
Баримт 8. Төрийн жинхэнэ албан хаагч Ерөнхийлөгчид нэр дэвших бол сонгуулийн жилийн нэгдүгээр сарын нэгний өдрөөс өмнө төрийн албанаас чөлөөлөгдсөн байна.
Баримт 9. Нэг намын гишүүнийг өөр намаас, намууд хамтарсан тохиолдолд тухайн хамтарсан намуудаас өөр намын гишүүнийг нэр дэвшүүлэхийг тус тус хориглоно.
Баримт 10. Нам аливаа нэг намын гишүүн бус иргэнийг түүний бичгээр гаргасан зөвшөөрлийн үндсэн дээр нэрийг нь дэвшүүлж болно.
Нам дангаар нэр дэвшүүлэх
Баримт 11. Намын Их Хурал, эсхүл намын төлөөллийн төв байгууллага Ерөнхийлөгчид нэр дэвшүүлнэ.
Баримт 12. Нам дангаар нэр дэвшүүлэхдээ нэр дэвшүүлэх нийтлэг журмаас гадна тухайн хүний Ерөнхийлөгч байх мэдлэг, боловсрол, туршлага, ур чадвар, эх орон, ард түмний тусын тулд оюун ухаан, хүч хөдөлмөрөө зориулж, Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хамгаалан бэхжүүлэх төгс эрмэлзэл, шударга ёс, хууль дээдлэх ёс, Ерөнхийлөгчийн ёс зүйн хэм хэмжээг сахин биелүүлэх чадварыг харгалзан үзэх ёстой аж.
Баримт 13. Мөн эд мөнгөөр татах, айлган сүрдүүлэх, хууран мэхлэх үйл ажиллагаа явуулахыг хориглох, нэр дэвшүүлэх асуудлыг шийдвэрлэсэн хуралдааны шийдвэрт дараахь зүйлийг нэг бүрчлэн тусгах, намын Их хурал, эсхүл төлөөллийн төв байгууллага, гишүүдийн тоо, хуралдаанд оролцсон гишүүдийн ирц, нэр дэвшиж байгаа хүн бүрийн авсан саналын тоо, хувь, нам нэр дэвшүүлэх асуудлаар энэ хуульд нийцүүлэн өөрсдийн дотоодод мөрдөх журмыг тогтоон мөрдүүлнэ.
Намууд хамтарч нэр дэвшүүлэх
Баримт 14. Намууд хамтарч сонгуульд нэр дэвшүүлэх тухай асуудлыг нам тус бүр намын төлөөллийн төв байгууллагынхаа хуралдаанаар шийдвэрлэнэ.
Баримт 15. Хамтарч нэр дэвшүүлэх тухай нам тус бүрийн намын төлөөллийн төв байгууллагын хуралдаанаас гарах шийдвэрт тухайн намын дарга гарын үсэг зурснаар намууд хамтарч сонгуульд нэр дэвшүүлэх тухай асуудал шийдвэрлэгдсэнд тооцно.
Баримт 16. Намууд хамтарч сонгуульд нэр дэвшүүлэх тухай шийдвэрт хамтарсан намуудыг сонгуульд төлөөлөх байгууллагад тухайн намаас оролцох хүний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, тоо, хамтарсан намуудыг сонгуульд төлөөлөх байгууллагыг удирдах бүрэлдэхүүнд орох хүний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, тоо, сонгуулийн зардлын санд тухайн намаас оруулах хөрөнгийн хувь, хэмжээ зэргийг тусгасан байх ёстой аж.
Баримт 17. Хамтарсан намуудын сонгуульд төлөөлөх байгууллага нэр дэвшүүлэхдээ энэ хуульд заасан нийтлэг болон намаас нэр дэвшүүлэх журмыг баримтлан Ерөнхийлөгчид нэр дэвшүүлнэ.
Баримт 18. Намууд хамтарч сонгуульд нэр дэвшүүлэхээр шийдвэрлэсэн бол тухайн намууд дангаараа болон бусад намтай хамтран Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхгүй.
Нэр дэвшигч, түүнийг бүртгэх
Баримт 19. Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчийг бүртгэхдээ нам, хамтарсан намуудын ирүүлсэн баримт бичиг үнэн зөв, гүйцэд эсэх, нэр дэвшүүлэх үйл ажиллагаа хуулийн дагуу явагдсан эсэхийг нягтлан шалгана.
Баримт 20. Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчийн талаархи баримт бичгийг хүлээн авснаас хойш тав хоногийн дотор бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэж тогтоол гаргана.
Баримт 21. Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшигчийг бүртгэсэн тухай шийдвэр гарснаас хойш тав хоногийн дотор нийт нэр дэвшигчийг улсын хэмжээнд нийтэд мэдээлнэ.
Нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах
Баримт 22. Нэр дэвшигчийг хуульд заасан хугацаанд нэр дэвшүүлэх ажиллагааг явуулаагүй, нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хангаагүй, өөр намын гишүүнийг нэр дэвшүүлсэн, нэр дэвшигчийг бүртгүүлэхэд шаардагдах энэ хуульд заасан баримт бичиг дутуу, сонгуулийн жилийн нэгдүгээр сарын нэгний өдрөөс хойш нэр дэвшигчийг бүртгэх хүртэл хугацаанд энэ хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан, нэр дэвшүүлэх ажиллагаа энэ хуулиар тогтоосон журмыг зөрчиж явагдсан, нэр дэвшигчийг бүртгүүлэхэд шаардагдах энэ хуульд заасан баримт бичиг хуурамч бол нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзана.
Баримт 23. Нэр дэвшигч Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн үнэмлэх авснаас хойш нэр дэвшүүлсэн нам нь тухайн нэр дэвшигчийг татах, нэр дэвшигч өөрөө нэр дэвшигчээс татгалзахыг хориглоно.
Баримт 24. Энэ хуулийг баталсан өдрөөс нь эхлэн дагаж мөрдөнө.
24tsag.mn
Сэтгэгдэл (9)