24tsag.mn “facelook” булангийнхаа энэ удаагийн дугаарт Монголчуудын сонирхлыг хэзээ үргэлж татаж байдаг нэгэн бүсгүйн хувийн гэрэл зургуудыг дэлгэж байна.
24tsag.mn “facelook” булангийнхаа энэ удаагийн дугаарт Монголчуудын сонирхлыг хэзээ үргэлж татаж байдаг нэгэн бүсгүйн хувийн гэрэл зургуудыг дэлгэж байна. Энэ бол МУГЖ, УИХ-ын гишүүн С.Жавхлангийн эхнэр дуучин Г.Эрдэнэчимэг. Монголын авьяаслаг, үзэсгэлэнт бүсгүйчүүдийн нэг гэгддэг Г.Эрдэнэчимэгийн хувийн амьдралыг товч өгүүлэх гэрэл зургуудтай нь танилцана уу. Энэ боломжийг facelook танд олгож байна.
Эцэг, эхийн хамт. Дуучин Г.Эрдэнэчимэг Архангай аймгийн Булган суманд 1984 онд Гантөгсийн гэрт мэндэлжээ. Түүний бага нас Архангай аймгийн төвд өнгөрсөн бөгөөд тэрбээр одоо ч зуны цагт нөхрийнхөө хамт төрсөн нутагтаа очиж гэр барин, амьдардаг. Тэдний хамгийн сүүлд гаргасан “Хар хархан харц” дууны клипний зураг авалт л гэхэд Архангай аймгийн Булган суманд хийгдсэн байдаг.
Улаан хацарт. Дунд сургуульд байхдаа дуулж, бүжиглэж, олон тоглолтод оролцдог, нийгмийн идэвхитэй охин байсан гэж түүнийг таньдаг хүмүүс хэлж байна. Тэрээр багаасаа “од”-ын амьдралаар амьдарсан гэхэд болно. Манай хүн хөөрхөн болохоор хөвгүүд араас нь их гүйнэ. Тэрээр үеийнхнээсээ арай том биетэй байж.
Оюутан болов. Арваа төгсөөд Г.Эрдэнэчимэг Архангайд хувиарлагдсан СУИС-ийн ганцхан ширхэг хуваарийг авч чадав. Олон авъяаслаг хүүхэд өрсөлдсөн ширүүн тэмцэл дундаас тэр товойн гарч СУИС-ийн уртын дууны ангид элсэж оржээ.
Төгсөлт. 2006 онд сургуулиа төгсөв.
Мисс. Г.Эрдэнэчимэг өөрийгөө мисс гэж ярих дургүй ч цагтаа яалт ч үгүй миссийн тэмцээний тайзан дээр алхаж явжээ. Алхахаар барахгүй “Оюутан мисс, мистер” шалгаруулах тэмцээнд түрүүлж тэргүүн титэм зүүж байсан удаатай. Монголд миссийн титэм зүүсний дараа Солонгост зохиогдсон “Олон Улсын Оюутан мисс, мистер” тэмцээнд оролцож уртын дуу дуулж, монгол бүжгээ хийж “Авъяаслаг мисс”-ийн шагналыг ч хүртэж байв. Энэ зураг гэрчилнэ.
Уртын дууны хамтлаг байхдаа яахав дээ. Анх тэднийг хамтлаг байгуулахад хүмүүс ингэж хэлж байв. Этник чиглэлээр дуулдаг гурван охиныг нэгдэхэд хөндлөнгийн хүмүүс ихээхэн нөлөө үзүүлсэн гэдэг. Учир нь Г.Эрдэнэчимэг, Д.Үүрийнтуяа, Б.Номин-Эрдэнэ нар хөгжмийн зохиолч М.Эрдэнэбаатар, зохиолч СГЗ Ш.Гүрбазарын "Шуранхай" дууг хамтран дуулснаар хүмүүс тэднийг хамтлаг гэж ойлгох болжээ. Тэд анхандаа хамтлаг гэж дуудуулахаасаа их л ичдэг байсан гэдэг. Удалгүй хамтлагаа байгуулан урлагт гялалзаж явтал Г.Эрдэнэчимэг нь хүний эхнэр болоод тарах нь тэр. Одоо гурван бүсгүй тус тусдаа уран бүтээлээ хийцгээж байна.
Олны танил нөхөр. Дуучин бүсгүй 8 жилийн өмнө нийтийн дууны ханхүү гэгддэг МУГЖ, УИХ-ын гишүүн С.Жавхлантай гэрлэсэн бөгөөд тэд өдгөө Ж.Үжингүнж, Ж.Өдрийнцолмон гэх хоёр охин, нэг хүүтэй. Энэ гэр бүлийн хаана, хэрхэн яаж амьдардагаас эхлээд бараг юу идэж, уудгийг нь хүртэл хүмүүс сонирхдог. Тэднийг гэрлэхээс өмнө хэнийг нь ч хүмүүс ингэж сонждоггүй байлаа.
Олны тэгэж их сонирхох болсон шалтгаан нь С.Жавхлан монгол ахуй ярьж, дээл өмсөж, гэр барьж амьдарсантай холбоотой. Удалгүй гэр бүлээрээ ийм имижтэй болсон нь.
Өөрийнх нь хэлсэн үг. “Бид дөрвийн амьдралын л нэг өдөр шүү дээ.”
Будаггүй. Одоо Г.Эрдэнэчимэг монгол дээл өмсөж, нүүрээ бараг будахгүй явдаг. Өөрийнх нь хэлснээр бол үзэл бодол, амьдралын зорилго нэгтэй хосуудын үйлдэл нь ч адилхан байх ёстой гэв. С.Жавхлан гавъяатад ч эхнэрийнх нь энэ төрх таалагддаг гэж хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ.
Содон имиж. Гэрлэсэнээсээ хойш дуулгавартай гэргий гэх нэрийг зүүгээд байгаа тэрбээр нийтийн дуучдын шинэ жилийн арга хэмжээнд монгол дээл гутал өмсөж, нүүр амаа ч будаагүй ирсэн нь олныг гайхшралыг эрхгүй төрүүлсэн билээ. Үүнээс ч илүү анхаарал татсан зүйл болсныг дараагийн зургийн тайлбараас уншина уу.
Араг. Тэрбээр С.Жавхлантай гэрлэснийхээ дараахан Долоон буудалд гэр барьж амьдарсан. Удалгүй тэндээ цагаан эсгий дэвсэж, араг түшин төрсөн юм. Энэ талаарх мэдээ нэг хэсэгтээ л шуугиан тарьж байлаа. Дуучин бүсгүй энэ тухайгаа “Хайрт хань, ээж, эмээгийнхээ дэргэд араг түшиж, амаржих хамгийн дээд жаргал байсан” хэмээн ярьсан байдаг. Гэхдээ одоо С.Жавхлангийн гэр бүл Долоон буудлын гэрт биш хотын төвийн байранд амьдарч байна.
Үйлэнд уран. Тэрээр оёдол үйлэнд уран гэдгээрээ одооний бүсгүйчүүдээс ялгардаг нэгэн. Саяхнаас өөрийн гэсэн оёдлын цехтэй болсон тэрбээр нөхөр, хүүхдийнхээ хувцсыг өөрийнхөө гараар оёдог. Үндэсний хувцас хэрэглэлийн захиалга, засварын газартаа чадварлаг хэдэн оёдолчин ажиллуулж буй бөгөөд урлаг соёлынхон хэдийнэ тухлаад авчээ.
Хамаг Монгол. Тэрбээр нөхрийнхөө хамтаар "Хамаг Монгол" төслийг амжилттай хэрэгжүүлсэн. Энэ ажлынхаа хүрээнд Тува улсын Кызил хотоор аялж мөн Халимаг, Буриад, Өвөрмонгол тоглолтоо хийсэн юм. Мөн 2013 онд "Хамаг Монгол" төслийнхөө хаалтын тоглолтыг Чингисийн талбайд нүсэр тэмдэглэсэн билээ.
Тэрбээр өөрийн бие даасан уран бүтээлийг хийж эхлээд байна. "Зургаан ханатай гэр" гэх дууны клипний зураг авалтын үеэр.
Түүний нөхөр С.Жавхлан энэ жилийн УИХ-ын сонгуульд Баянзүрх дүүрэгт бие даан өрсөлдөж байна. Харин гэргий нь хэзээ, үргэлж дэмжсээр...
Т.Хулан
Сэтгэгдэл (172)