“Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилд шинийн нэгэн тасарсан. Иймээс хаврын тэргүүн сарын шинийн нэгний “их ерөөл”- ийг билгийн тооллын шинийн 16 буюу аргын тооллын гуравдугаар сарын 16-ны өдөр "Батцагаан" дуганд нөхөж хурахаар болжээ.
Энэ талаар "Гандантэгчэнлин" хийдийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Ж.Одгарьд "Сар шинийн өдрийн уламжлалт хурлын цаг, өдөр тасарсан болон давхардсан бол нийт олноороо нөхөж хурдаг ёстой. Иймд сүсэгтэн олныг хүрэлцэн ирж, хурал номд даган баясах боломжтой" гэв.
Түүнчлэн МБШТ- Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба, 30 дахь хамба номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандорж ламын зарлигийн дагуу Жанрайсаг дацангийн лам хуврагууд “Говийн Лха” тахилга хурлыг гуравдугаар сарын 14-нд монгол хэлээр уншин хурах юм байна.
Г.Хоролмаа