Зохиолч, яруу найрагч Ганзоригийн Барсболдын "Хүлцэнгүйн арван дүр" өгүүллэгийн түүвэр өнгөрөгч номын баяраар уншигчийн гарт хүрсэн билээ. Бид уг номоос доорх өгүүллэгийг онцолж байна.
ЗАРИМ ТОГЛООМУУД
Хүн анх төрж нэр авахдаа л хувь заяагаа шийддэг байж магад. Эсвэл амьсгал авахдаа л үйлийн үр тарьж эхэлдэг ч юм бил үү. Аль нь ч гэлээ Элбэг гэгч хэл шинжээч өнөөдөр хувхай ядуурсан. Эхлээд багахан мөнгөөр мэддэг спорт дээрээ бооцоо тавьж эхэлсэн ч ажил тарахын үед хадгаламж нь ч хоосорчихсон л ухаан оржээ. Угтаа өдийг хүртэл дутаж үзээгүй яваа хүн удам судар, ах дүүсээ бодохул “Урам нь хугарна даа” гэж өөрийн мэдэлгүй амандаа чангахан хэлжээ.
- Хэний урам хугарна гэж? хэмээн чанх ард нь суух ажлынх нь эмэгтэй асуухад:
- Хэрэв сонсвол чиний ч урам хугарна гэж хариулчхаад биеэ барьж чадахгүй байгаагаа мэдэрлээ. Тайвшрахын тулд өөрөө хөгжүүлдэг цахим тоглоом тоглохоор шийдэж хайв. Дэлгэц дээр гарч ирсэн эхний тоглоом руугаа л орчихлоо. Жижигхэн тосгоны эзэн аж ахуйгаа хөгжүүл, аажмаар хөгжин тэлж, өөр тоглогчидтой нэг баг болон өөр багийнхныг байлдаж ялах аж. Яг тэрхүү өөрийн жижигхэн тосгоных нь хажууд буусан үе шатуудыг дуустал нь хөгжүүлчихсэнийг харвал гайхалтай сайхан вант улстай болох юм байх. Нэг л ядаргаатай санагдсан ч өөрийнх нь одоо байгаагаас хавьгүй дээр хүний дүрээр тоглох учир нэлээн хөгжүүлж үзэв. Морьт баатар гурав, тариачны эдлэн дөрөв, явган харуул хоёртой болж авлаа.
Дэлгэцийн дүрслэлийг ойртуулан харвал тариачин нь голын хөвөөн дээр байшингаа барьчихсан, тээрмээ эргүүлж, тариагаа илжгэнд ачин худалдаан дээр хүргэж өгөөд буцаж харагдав. Үнэхээр л өөрөө яваад ирсэн мэт тайвшраад л “Гэгээрсэн ч усанд явж, түлээ хагална. Эс гэгээрсэн ч усанд явж түлээ, хагална” гэх үг санаанд ороход дэлгэцээ улам томруулан яг тариачныг дагуулан харлаа. Мөнгөний төлөө, нэр алдрын төлөө, их хотод амьдрахын төлөө зүтгэж байсан тоглогчийн оюун санааг хөмөрч хутгахад ганцхан ийм л дүр зураг хангалттай байсан нь гайхмаар. Тариачныг ахиад л харахаар шийдэв. Харж дуусаад ахин хараад, дэлгэцээ тултал татаж байгаад харж суутал өөрөө аль хэдий нь ээ тариачны дэргэд ирчихсэн байлаа.
Ширээ сандлын өмнө компьютерын хулгана барьчихсан байсан гартаа голын мөлгөр чулуу атгачихсан, модны хожуул дээр сандайлан суугаа өөрийгөө мэл гайхав. Гэтэл тариачин түүн рүү харснаа “Энд шинэ ирсэн тариачин уу? Наана чинь би яг байшингаа барих гэж байгаад больж билээ” гэснээ Энэ... хэмээн эрүүгээрээ дохиод “Ийшээ жаахан намагтай учир арай дээш нь хашаа хатга аа хө” гээд найрсагхан зөвлөөд явчихлаа. Өдөржин хашаа хатгаж байшин босгосон ч нэг л эрч хүчтэй, сэтгэл тайван байх авай. Өглөө эрт босохдоо “Гэгээрсэн ч усанд явж, түлээ хагална” гэж өөртөө хэлээд л түлээ хагалж зогстол өнөөх тариачин “Эзэн чинь чамайг өнөөдөртөө амрааж байгаа юм уу? Ашгүй дээ” гэх. Модон агаруу барин усандаа явж байхад нь манан бууж, нугын чийг үнэртэх нь үнэхээр л эндээ үүрд үлдмээр санагдуулна. Дэлгэц дээр харагдаж байсан морьт цэргүүд улам олон болчихсон ирийтэл жагсан алхаж зөрлөө. “Та нар хаачих гэж байгаа юм бэ?” гэж араас нь хашхирахад сүүлийн цэрэг эргэж харснаа “Ойрхон саахалтын зайнд нэг араатанг дарах гэж явна” хэмээлээ. “Гэртээ буцаж ирээд ном байвал унших юм сан” гэж бодогдон хэвттэл дэлгэц дээр нээрэн жижигхэн хуйлаас тайлан уншдаг урц басхүү байсныг санан өндийтөл түүнд элчээр захиа ирсэн нь “Тариан талбайд таны хураах ёстой ургац хүлээж байна. Басхүү ногоо тарих хоосон талбай ч хүлээж байна. Өдөрт таван шуудай гурил, 50 жин ногооны татвар өгч байна уу” гэсэн байлаа. Сонгодог бичгийн хуйлаасаар шууд тушаал авсан нь таалагдаж тариан талбайн зүг алхлаа. Бодит амьдрал дээр бол захирал удирдлагын тойруу үгсийн утгыг ойлгох гэж олон үзүүртэй санааг нь нөхөн нөхөн бодож хоёр гурван ажил зэрэг эхлэхээс л амар санагдав. Хязгаар хярхаг нь үзэгдэхгүй тариан талбай дээрээс манан дөнгөж хөөрч байгаа нь гэгээрлийн замын нууцыг байгаль эх өөрт нь дэлгэн харуулж байгаа мэт санагдана.
Элбэг эл хульхан тосгоныг голоор гаталсан наймаачид зогсдог томоохон хот болтол нь хөгжих хүртэл нь тариа ногоо тарьж өгчээ. Хууль цаазаар биш зүгээр л хязгаар хэмжээгээр нь хашчихсан дөнгө байж гэдгийг хэдхэн өдрийн дараа ойлгосон юм. Өөрийнх нь бодит амьдралын эртний хэлбэрт анх ирэхдээ хүүхэд нас шигээ л жаргасан ч гэлээ адилхан хэн нэгний шуналын төлөө ажиллана гэдэг, өглөө босоод өдөржин ажиллаад орой нь унтана гэдэг үнэхээр танил байгаад унтууцан нүдээ анин унтахаар хэвтэв. Тийн хэвтэж байхдаа “Би уг нь тэр хуйлаас бичиг уншдаг газрыг хайхаар босоод тариан талбай руу өөрийн мэдэлгүй ирчихсэн нь ч бодит амьдралынхаа борог даруухан зовлондоо дэндүү дассан хүн гэдгийг минь нотлов” гэдгийг ухааран уг нь маргааш тэр хуйлаасыг олоод уншчихдаг бол ч, даанч энэ ажлыг цалгардуулчихвал шархадсан цэргүүд хоол ундгүй, цайз хэрэм барьж байгаа хүмүүс ч маргаашийн хүнсгүй учир томоохон хот минь бусдад амархан эзлэгдэнэ. Хуйлааст амьдрал дахь чөтгөрийн тойргоос чөлөөлөгдөх, үйлийн үрээс ангижрах нууц байвал эндээс хурдан зугтах юм сан. Тэгвэл анх ирэхэд уриалгахан байсан тариачин, тав зургуулахнаа байсан морьт цэргүүд... гэж бодож байснаа “Ер нь бүгд л урам хугарах байх даа” гээд дахиад л амандаа чанга хэлтэл ард нь суудаг эмэгтэй:
- Хэн тэр вэ? хэмээн дахин асуухыг сонсоод нүдээ нээтэл мөрийтэй тоглоод бүх мөнгөө үрчихсэн Элбэгийн амьдралд эргэн ирсэн байлаа.
- Хэн байх вэ дээ. Бүгд л... гэж Элбэг даруухан хариулаад ажлынхаа өрөөнөөс гарчээ.