Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдрийн 09.00 цагт товлогдсон байв. Гэвч шүүх хуралдаан долоодугаар сарын 1-ны өдөр хүртэл хойшиллоо. Энэ үеэр хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтан, сэтгүүлчид өөрсдийн байр суурийг илэрхийллээ.
СНЭ-ийн ерөнхийлөгч Ө.Отгонбаатар: Энэ шүүх хурал заавал нээлттэй болох ёстой
Тэрбээр "Өнөөдөр Монгол Улсад 600 гаруй хэвлэл мэдээллийн байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Тэнд 4000 гаруй хэвлэл мэдээллийн ажилтан ажиллаж байна.
Энэ салбарын толгой байгуулагыг удирдаж буй хүний хувьд Сэтгүүлч Н.Өнөрцэцэг ямар хэрэгт холбогдчихоод байгааг мэдмээр байна.
Энэ талаар бүх хууль хүчний байгууллагад шаардах бичиг өгсөн. Энэ шүүх хурал нээлттэй болж байж салбараараа, нийгмээрээ Н.Өнөрцэцэг яг ямар гэм буруутайг мэдэх ёстой. Иймд шүүх хуралыг заавал нээлттэй явуулж өгөөч гэх хүсэлтийг өчигдөр Шүүхийн ерөнхий зөвлөлд өгсөн" гэв.
Сэтгүүлч Б.Ганчимэг: Бидэнд Н.Өнөрцэцэг гэдэг шаазгайг шонд өлгөж харуулах гэж байна
Тэрбээр "Н.Өнөрцэцэгийн асуудлыг олон сар харахад үнэхээр залхаан цээрлүүлж байна. Шүүгдэгч өөрөө нээлттэй шүүлгэе хэмээн хүсэж байна. Энэ бол маш том байр суурь. Төрийн нууц гэгдээд байгаа цаасаа гүйцэтгэх ажиллагааны явцад шургуулсан байж болзошгүй юм байдаг юм билээ. Энэ залхаан цээрлүүлэлтийг эсэргүүцэж байна.
Өнөөдөр зариг.мн, маргааш хэн байдаг юм. Биднийг ээлж дараална.
Эрх баригчдын занаатай шүүх хуралд дуудагдаж байхгүйн төлөө тэмцэнэ. Бидэнд Н.Өнөрцэцэг гэдэг шаазгайг шонд өлгөж харуулах гэж байна. Машин нэгэнт зогсохгүй юм байна" гэв.
Эгүүр.мн сайтын ерөнхий эрхлэгч Ж.Мядагбадам: Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох хэрэг бол олон улсын анхаарал татаж буй асуудал
Тэрбээр "Редакцууд шүүхэд дуудагдаж, мэдүүлэг өгч байгаагаа зовлон гэж хүлээж авахаа больсон. Мэргэжлийн үйл ажиллагаагаа явуулж буй хугацаанд сэтгүүлчийн даван туулдаг зүйл хэмээн харж байх шиг байна.
Хэвлэлүүд, сэтгүүлчид мэдүүлэг өгөөд сурчихлаа гэдэг бол тэр хэмжээгээрээ хэвлэл мэдээллийнхэн мөрдөн байцаах ажиллагаанд хамрагдаад байна гэсэн үг.
Хамгийн ил харагдаж буй зүйл бол сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн асуудал. Хаалттай далд байх тухай бүх зүйлийг боловсруулчихсан зүйлийн өөдөөс хэвлэл дөрөв дэх засаглал хэмээн явдаг ч өөрсдийн эрхийг хамгаалах чадамж муу байна. Улстөрчдийн дургүйг хүргэдэг сэтгүүлчийг яллачихвий гэдэг нь зөвхөн манай бус, олон улсын анхааралт татаж буй асуудал" гэв.
Сэтгэгдэл (2)