Маргааш олон улсын “Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” тохионо. Манай улсад 1952 оноос 6 дугаар сарын 1-ний хүүхдийн баярыг 1995 оноос "Эх үрсийн баяр" болгосон агаад иргэдийн санал хүсэлтийн дагуу 2003 оноос дахин Хүүхдийн баяр болгон тэмдэглэх болжээ. Тэгвэл өнөөдөр бид хүүхдийн эрхийг хэрхэн хамгаалж байгаа вэ? Энэ асуултад цугаар хариулах гээд үзье. Бахархаж, бахдам зүйл олох тун хэцүү болов уу. Амьд явах, эрүүл аюулгүй орчинд амьдрах суурь хэрэгцээ хангагдаж байна уу?
Нялх уушги утаагаар угжуулж, гэнэтхэн дуусдаг мухар замаар алхаж, явган хүний гарцан дээр машинд дайруулж, харгислалын золиос болж, тоглоомын талбайгүй байшин эсвэл хашааны буланд нугдайн суугаад өөрсдийгөө хөгжөөж, хорин нэгдүгээр зууны галладаг сургуульд бээрэн бээрэн эрдэмд шамдаж, бяцхан зүрхээрээ энэ бүгдийг туулж байна.
Бүгд харж байгаа. Атал "хүүхдийн төлөө" гэж энд тэнд лекц уншиж, алга ташуулж явахаас өөрөөр гавьсангүй. Ирээдүйн төлөө гэдэг атлаа ирээдүйнхээ төлөө үнэндээ бид олигтой ч зүйл хийж чадсангүй. Энэ хотод хүүхдүүдийн баяр хөөрөөр бялхаж байдаг нэг газар бий, тэр нь парк. Гэтэл тоглоомуудаа хэзээ шинэчилснийг тэнгэр л мэдэх байх. Барилгууд, орчин цагийн гэх хөгжилд шахагдаж жижгэрсэн талбайтай энэ орон зайгаа томсгож, шинэчлэн өөрчилж авч явах сан. Хүүхэд хамгааллын чиглэлд дорвитой эрх зүйн өөрлөлтийг хийх сэн.
Хот хөдөөгүй хүүхдийн хөгжилд зориулж, амбаар барьдаг төсвөөсөө их мөнгө тавьдаг болмоор.
Энэ харанхуй бүрхэг нийгэмд ганц ч гэсэн гэрэл гэгээтэй зүйл хийхээр тэмүүлж, тэмцэн хөдөлмөрлөж яваа хүн бүрийн нуруун дээр, өнөөдрийн сайхны төлөө гэж сохроор зүтгэж яваа хэн нэгний хөл дор "хойчийн сайн сайхан" гэгч өсөж байгааг ч анзаармаар. Хүүхэд бүр өөр өөрийнхөө мөрөөдлөөр торних эрхтэй.
М.Жаргал