Нийслэлийн Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатартай ярилцлаа.
-Баянгол дүүрэг өнгөрсөн дөрвөн жилд хэдий хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн бэ?
-Улс, нийслэл, дүүргийн төсөв, нийслэлийн болон дүүргийн Орон нутгийн хөгжлийн сан гэсэн таван эх үүсвэрээс хөрөнгө оруулалт хийж байна. Мөн гадаадын төсөл, хөтөлбөр гэсэн эх үүсвэр бий. Гадаадын төсөл, хөтөлбөрийн эх үүсвэр бага байна. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд 440 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийх юм. Энэ оны төсөв батлагдчихсан учраас би нэгтгээд хэлчихлээ. Хөрөнгө оруулалтыг тулгамдсан асуудлууд руугаа чиглүүлье гэсэн бодлого баримталсан. Явган болон авто зам, автомашины зогсоол, нийтийн эзэмшлийн талбайн тохижилтын ажил гээд. Мөн дүүрэг хоггүй байх ёстой. Улсын төсвөөс голчлон авто зам, боловсрол, эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулдаг.
Өнгөрсөн хугацаанд дүүргийн боловсролын байгууллагуудад ихээхэн хөрөнгө оруулалт хийлээ. Зогссон, гацсан байсан барилгуудыг бүгдийг нь ашиглалтад орууллаа. Түүнчлэн хотын дарга Х.Нямбаатар манлайлж ажилласны хүчинд манай дүүргийн “Алтай”, “Голден парк” хотхонд сургууль барих газрыг чөлөөллөө. Дүүргийн хот нийтийн аж ахуй гэж нэрлэдэг, жижиг мэт боловч иргэдийн хамгийн ихээр хүсдэг, нийтийн эзэмшлийн орон сууцны дээвэр, дулаалга, гадна фасад, гэрэлтүүлэг, камержуулалт, тоглоомын талбай, хог цэвэрлэгээнд нэлээд хөрөнгө оруулсан. Ер нь ийм ажлууд олон жил орхигдсон, тулгамдсан, хуримтлагдсан асуудал их байсан учраас асуудлуудаа шийдье гэж зорьсон. Гэхдээ бүрэн хийж дуусаагүй л байгаа.
-Хэдэн км явган зам, авто зам тавьсан бэ. Бүтээн байгуулалтын ажлаа тоон үзүүлэлтээр илэрхийлбэл,
-Бүтээн байгуулалт хийхийн тулд сайн зохион байгуулах хэрэгтэй. Өнгөрсөн гурван жилд дүүрэгт хийсэн бүтээн байгуулалтыг төлөвлөсөн хугацаанд нь дуусгасан. Он дамжсан төсөл, хөтөлбөр гаргаагүй. 2021-2022 онд Модны-2, Гэмтлийн эмнэлгийн зам, СОТ-ын байрнаас өгсөөд Баянхошууны хөтөлтэй холбосон зам, “Алтай” хотхоны хойд Мод боловсруулах үйлдвэрийн зам зэрэг том, жижиг 110 байршилд зам шинээр тавих болон засварлан шинэчилсэн байна. Мөн 2024 онд энэ хэмжээний зам хийхээр төсөвт суусан. Энэ ажлыг манай дүүргээс УИХ-д хоёр удаа сонгогдсон Ж.Ганбаатарын хүчин чармайлт, дэмжлэгтэй хийсэн гэдгийг дурдахгүй өнгөрч болохгүй. Гарааш чөлөөлөх ажлыг авто зам тавих, автомашины зогсоол хийх төслүүдтэй уялдуулж хийлээ. Гарааш нэг талаар хувь хүний өмч. Гэхдээ нийтийн эрх ашгийн төлөө, иргэдийн эрүүл, аюулгүй, ая тухтай амьдрах орчныг нь бүрдүүлэхийн тулд хэлэлцэн, тохиролцоод нураахаас өөр аргагүй. Улаанбаатар хотын хэмжээнд 7000 гаруй гарааш буулгасан. Үүний 3000 гаруй нь манайх дүүргийнх.
-Бараг тал нь танай дүүргийнх юм байна.
-Манайх бараг л гараашийн дүүрэг болчихсон байсан. Сургууль, цэцэрлэгийн хашааг таглаад баахан гарааш. Нураасны дараа нүд нээгдэх шиг болж байгаа юм. Гарааш нурааж, зам тавьж, гэрэлтүүлэг зоож, автомашины зогсоол хийснээр гэмт хэргийн тоо ч цөөрсөн. Хамгийн гол нь гарааш буулгаад газрыг нь хувь хүн, албан байгууллагад огт олгоогүй. Иргэдийн саналыг авч явган зам, авто зам, замын өргөтгөл, авто зогсоол, гэрэлтүүлэг хийсэн. Ер нь дүүргийн Засаг даргын хувиар нэг ч газар олгоогүй. Манай дүүрэгт олгоод ч байх газар байхгүй. Харин хууль зөрчиж олгосон газрын зөвшөөрлийг цуцалж, иргэдийн саналыг харгалзан бүтээн байгуулалт хийж байгаа. Аливаа бүтээн байгуулалт хийхэд газар чухал. Газар байвал сайхан бүтээн байгуулалт хийж болно. Гэтэм манай дүүрэг хамгийн жижиг газар нутагтай. Бас нэг хүнд ногдох газар хамгийн багатай нь.
-Хийгээд байхад дутуу байна гэлээ. Хийвэл зохилтой бүтээн байгуулалтынхаа хэдэн хувийг гүйцэтгэсэн гэж үзэж байна вэ?
-Юутай ч 50 хувиас дээш гарсан гэж бодож байна. Энэ ондоо эрчимтэй ажиллачихвал нэлээд ажил амжуулчихна.
-Улаанбаатар хотод цэцэрлэг, сургууль, эмнэлгийн хүрэлцээ тулгамдсан асуудал болсон. Өвчтөнүүд эмнэлгийн шалан дээр л хэвтэж байна гэх мэдээлэл гарах боллоо. Баянгол дүүрэгт цэцэрлэг, сургууль, эмнэлгийн хүрэлцээ ямар байна вэ?
-Бусад дүүрэгтэй харьцуулахад боловсролын байгууллага, эмнэлгийн орны хүрэлцээ боломжийн. Цэцэрлэгт хамрагдаж чадахгүй 3500-4000 хүүхэд байсан. Засгийн газар, нийслэл, дүүрэг хамтраад 2022 оны намар асуудлыг шийдсэн. Манай дүүрэгт огт сургууль цэцэрлэг байхгүй хэд хэдэн байршил байсан. Тухайлбал, “Алтай”, “Голден парк” хотхон, “Эрин” хорооллыг нэрлэж болно. Төмөр замд ч орон сууцны өндөр байшин бариад цэцэрлэгийн хүртээмж муудсан. 10-р хорооллын нэг хэсэг мөн ижил. Бид орон сууцны нэг давхруудыг түрээслэн улсын цэцэрлэг байгуулж, 100 хувь шийдсэн юм. Улс, нийслэлийн төсвөөс хөрөнгө оруулалтыг шийдэж, дүүргийн ЗДТГ зохион байгуулалтыг нь хийсэн. Одоо манай дүүрэгт гурван ээлжээр хичээллэдэг сургууль байхгүй. Магадлалтай гэж хэлж болох нь “Нарны хороолол” болчихоод байна. Тэнд 141 дүгээр сургуулийг шинээр барьсан. Гэвч суралцах хүүхдийн тоо нэмэгдэж, анги танхим хүрэлцэхээ болих хандлагатай байгаа. Тэнд сургууль барих газар алга. Газар эзэмшиж буй аж ахуйн нэгжүүдтэй тохиролцоонд хүрч байж сургууль барих байх. Хуучин сургуулийг шинээр барьж өргөтгөх ажил үргэлжилж байгаа. Тэгэхээр хүрэлцээ нь нэмэгдэнэ. Манай улсын хүн ам өсөж буй цонх үе тохиосон. Өмнөд Солонгост зарим дунд сургуулиа хааж байна гэнэ. Тэгвэл манайд шинээр барихаас өөр аргагүй болно. Учир нь хүүхдийн тоо улам өснө. Тэгэхээр шинээр баригдаж байгаа хотхон, хорооллуудыг цэцэрлэг, сургуультай төлөвлөх хэрэгтэй. Өмнөх алдаагаа давтаж болохгүй. 4000 хүүхдийн цэцэрлэг барихад 50 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хэрэгтэй. Төр бүгдийг нь даагаад явахад хэцүү. Тэгэхээр хувийн хэвшилтэйгээ хамтрах нь зүйтэй. Эмнэлгийн хувьд манай 34 хороо өрхийн анхан шатны эмнэлгийн үйлчилгээг сайн хүргэж байгаа. Дүүргийн Эрүүл мэндийн байгууллага бусад дүүргүүдээ ажлаараа манлайлдаг. Ахмадын болон Хүүхдийн эмнэлэг ачааллаа дийлэхгүй байна. Манай дүүрэгт хүүхдийн эмнэлэг барих нэн шаардлагатай. Ер нь бүх дүүрэгт хүүхдийн эмнэлэг барих хэрэгтэй болсон нь харагдаж байна. Манайх хүүхдийн эмнэлэг барих газраа шийдсэн. ДИТХ-ын эмэгтэй төлөөлөгчид санаачлаад зураг төслийг нь хийлгэж байгаа. 2025 оноос эмнэлгээ барьж эхэлнэ.
-Дүүргийн 3, 4-р хороолол, Төмөр замын угсармал орон сууцууд муудаж, дээврээс нь дусаал гоожин, дулаан алдах болсон. Зарим орон сууцанд дулаалга хийгээд эхэлсэн. Баянгол дүүргийн хуучин орон сууцуудын нөхцөл ямар байгаа вэ?
-Дүүрэг бүрийн онцлогоос шалтгаалаад асуудлууд нь өөр өөр. Манайх хотын төвийнх, хүн амын 85 орчим хувь нь орон сууцанд амьдардаг. 3, 4, 10-р хороолол, Төмөр замын хуучин орон сууцууд бий. Сүүлийн үед Нарны, “Эрин”, “Алтай” хотхон зэрэг шинэ орон сууцны хороолол баригдсан. Гэр хороолол багатай. Гэр хороололд 40 мянган оршин суугч амьдардаг. Тэгэхээр манай дүүргийн 200 мянга гаруй иргэн орон сууцанд амьдардаг гэсэн үг. Төмөр замын орон сууцууд 1970, 3, 4-р хорооллынх 1980-аад оны эхнийх. 40-50 жил ашиглаад ирэхээр орон сууцууд муудаж байна. Дулаан алдагдалтай болж байна. Дээврээс их ус алддаг. Туслах болон хороолол доторх замууд муудсан. Цахилгаан шат муудсан. Орон сууцууд жил ирэх тусам муудна. Одоо насжилтыг нь уртасгах нь маш чухал. Энэ бол Баянгол дүүргийн Засаг даргын нэг номерт анхаарах асуудал. Нөгөө талаас иргэдийн хувьчилж авсан орон сууц. Бүгдийг нь төсвийн хөрөнгөөр сайжруулж болохгүй, хязгаарлаж байгаа. Тэгэхээр иргэдийн оролцоотойгоор СӨХ-д хуримтлал үүсгэж, орон сууцны насжилтыг уртасгаж, сайжруулах хэрэгтэй. Сүүлийн гурван жилд төсвийн хөрөнгө оруулалтаар 30 орон сууц дулаалсан. Гэтэл 2012-2020 онд 24 орон сууц л дулаалсан юм байна лээ. Цаана нь дулаалах шаардлагатай 270 орчим орон сууц бий. Эдгээрийн 200 орчим нь их хүйтэн өвөлждөг болсон.
-Нэг орон сууцыг дулаалахад ойролцоогоор хэдэн төгрөг болдог вэ. Цаашид ямар арга хэмжээ авах вэ?
-Таван сая төгрөгийн зардал гардаг. Тэгэхээр татвар төлөгчдийн мөнгөөр айлын орон сууц дулаалаад байх нь зохимжгүй. Иймд цаашдаа иргэдийн оролцоотой урт хугацаатай төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх шаардлагатай. Мэдээж СӨХ иргэдийн оролцоог хангаж ажиллах ёстой. БХБЯ, нийслэл, Германы хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтран 2022 онд төсөл эхлүүлсэн. Энэ төсөл орон сууц дулаалах зардлын 50 хувийг иргэн, үлдсэн 50 хувийг нь төсөл хэрэгжүүлэгчид гаргана. Энэ бол олон улсын хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах санаачилгын хүрээнд хэрэгжиж буй төсөл. Орон сууцыг дулаалахаар эрчим хүчний хэрэглээ багасах нь ойлгомжтой. Тэгэхээр алсуураа хүлэмжийн хий ялгаруулах нь багасна гэсэн үг. Төслийн нэгжийнхэн орон сууц дулаалсан зардлын 50 хувийг айлууд нь 10 жилийн хугацаанд төл гэсэн шаардлага тавьж байгаа. Мөн тухайн орон сууцны айл өрх 100 хувь зөвшөөрвөл дулаалга хийх юм. Гэвч 10 жилийн хугацаанд сар бүр 50 мянган төгрөг төлж чадахгүй гэх айл ч бий. Манай дүүргийн 22 орон сууцны өрхүүд энэ төслийг хэрэгжүүлэхээр гарын үсэг зурсан. Энэ оноос төсөл хэрэгжиж эхэлнэ. Орон сууцны дээвэр, орцыг бүрэн дулаалж, металл фасад хийнэ. Хотын үзэмж ч гоё болно. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад настан, өрх толгойлсон ээжийн төсөлд зарцуулах мөнгөний талыг орон нутаг даах боломжтой. Ингэвэл төслийг илүү хурдтай хэрэгжүүлнэ. Дахиад 22 орон сууцны өрхүүдийн 90 хувь нь зөвшөөрсөн гарын үсэг зурчихсан байгаа. Уулзалтууд хийгээд 100 хувь зөвшөөрүүлэх хэрэгтэй.
Сэтгэгдэл (7)