Боловсролын салбарт цахим шилжилт хэрхэн явагдаж байгаа талаар танилцуулах уулзалт боллоо. Уулзалтад Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн багш нар оролцов.
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан хот, хөдөөгийн боловсролын ялгааг арилгаж, боловсролыг эрх тэгш, хүртээмжтэй хүргэх гол арга зам нь цахим шилжилт гэдгийг онцолсон. Мөн уулзалтад Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал оролцон “Багшийн хөгжлийн дэмжих тухай хуулийн хэрэгжилт, цахим шилжилт, үр дүн” сэдвээр илтгэл тавилаа.
Цахим шилжилтийн хүрээнд боловсролын салбар:
- цахим сургалтын плаформыг нэвтрүүлэх
- багш нарыг компьютерээр бүрэн хангах,
- сургууль бүрийг цахим ангитай болгож, тоог нэмэгдүүлэх,
- интернетийн хурд, хүчин чадлыг нэмэгдүүлэх, алслагдмал сум, суурингийн сургуулийг интернетийн сүлжээнд холбох зэрэг цахим шилжилт хийж байна.
Нийслэлийн хэмжээнд гэхэд 108 сургууль 194 цахим ангитай. Эдгээр цахим ангид нийт 1359 хромбүүк, 4371 таблет, 551 ухаалаг самбар байна.
Дунджаар нэг сургуульд 3 ухаалаг самбар, нэг цахим ангид 30 хромбүүк, таблет байгаа юм. Энэ нь зөвхөн цахим танхимд ашиглагдаж буй хэрэглэгдэхүүний статистик юм. Тэгвэл огт цахим танхимгүй 55 сургууль байгаа бөгөөд ирэх он гэхэд бүрэн цахимжуулахаар төлөвлөжээ.
Үүнээс гадна цахим технологид суурилсан, Medle, Eduten, Pearson, Suraad.mn төслүүд хэрэгжиж, цахим шилжилт үргэлжилж байна. Цаашлаад багш, сурагчдын дижитал ур чадварыг сайжруулах, сургалтын технологийг улам хөгжүүлж, сургалтын орчин, техник хангамжийг сайжруулах юм байна.