Өвөлжилтийн нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой Комисс (УОК)-ын даргын 2023 оны арванхоёрдугаар сарын 8-ны наймдугаар тушаалаар байгуулагдсан УОК-ын Шуурхай штаб үйл ажиллагаагаа тайлагнаж, хаалтын хурлаа хийлээ.
УОК-ын Шуурхай штабт Хүнс Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яам, Эрчим Хүчний Яам, Эрүүл Мэндийн Яам, Зам Тээвэр Хөгжлийн Яам, Онцгой Байдлын Ерөнхий Газар зэрэг 19 байгууллагын 56 алба хаагч томилогдон ажилласан юм.
Үүссэн нөхцөл байдалд үндэслэн хариу арга хэмжээг авах хүрээнд дөрвөн бүлэг 17 хэсэгтэй “Зудын хариу арга хэмжээний нэгдсэн төлөвлөгөө"-г боловсруулан батлуулж, хэрэгжилтийг ханган ажилласан.
Цасанд боогдсон зам даваа гаргах, өвс тэжээл хүргэх, эмнэлгийн тусламж, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудыг дайчлан ажиллуулах төлөвлөлтийг боловсронгуй болгох зэргээр нийслэл, орон нутгийн Шуурхай штабыг удирдлага, зохион байгуулалтаар хангаж, мэргэжил, аргазүйн зөвлөгөө өгчээ.
Мөн 18 аймгийн 180 суманд давхардсан тоогоор 160 орчим алба хаагч томилогдон ажиллажээ.
Эх сурвалж: Онцгой Байдлын Ерөнхий Газар