Зуны эхэн сарын шинийн 15 буюу Бурхан багшийн Их Дүйчин өдөр өнөөдөр тохиож байна. Энэ өдөр махыг тэвчиж цагаан хоол идвэл зохимжтой хэмээн айлдсан байдаг. Иймд уншигч та бүхэнд өнөөдөр хийж идэж болох Монгол уламжлалт 10 цагаан хоолны санааг хүргэж байна.
1.Хярманд чанасан гурил
Хярманд чанасан гурил бол Дарьгангын үндэсний хоол юм. Ус, сүү хоёрыг хувь тэнцүү хийж давс, өрөм, шар тосоор амтлан буцалтал нь самарна. Буцалмагц хатуувтар зуурсан гурилыг өргөн хэрчиж хийж буцалган хоол бэлэн болно. Түүхий сүүний бяслаг хэрчиж хийвэл бүр сайхан болно. Хярманд чанасан ногоотой гурил Төмс, манжин, лууван байцааг давстай усанд болтол нь чанана. Дараа нь сүүг дээрхийн адил хийж буцалган гурилаа хийнэ. Бяслаг, шар тос, өрөм хийнэ. Энэ 2 хоолонд сүү нь ихэдвэл идэхэд хурц нялгардуу болдог тул сүүг багавтар хийх хэрэгтэй. Мөн сонгино, хөмүүл, элдэв амтлагчаар амтлаж болно.
2. Өрөмтэй гурил
Усанд өрөм, давс амтлагчаа хийж самарна. Буцалмагц нимгэн элдэж тасалсан гурил хэрчсэн бяслаг хийж хөөсийг нь намдтал зөөлөн гал дээр буцалгаж уг хоол бэлэн болно. Өвөл харвын цагт цагаан тос, аарцанд гурил буцалгаж идэх нь маш сайхан хоол болдог юм. Хэрэв та энэ хоолыг ногоотой хийе гэвэл эхлээд усандаа ногоогоо болтол нь буцалгана. Тэгэхгүй бол аарц өрмөнд ногоо төмс улам хатуурдаг.
3.Гоймонтой хярам
Мөн дээрхийн адил өрөм, цагаан тос бяслаг сүүгээр гоймонтой хоол хийж болно. Ингэхдээ сүүгээ хийхээс өмнө гоймон ногоогоо хагас болгоно. Дараа нь сүү, шар тос, бяслаг зэргийг хийвэл дэвэрч асгахгүй, мөн гоймон чинь нялцайж урсахгүй.
4.Цайны хандтай гурил
Буцалсан усны дээр жаахан хуурай цай хийж таглан 5 минут орчим байлгана. Цайныхаа шаарыг сайн шүүж авна. Уг хандыг шар тос, бяслаг, сүүгээр сүлж буцалган хярамтай гурил адил хийнэ.
5.Ногоог гурилтай жигнэх
Гурилтай нимгэн элдэж шар тос /ургамлын тос, масло/ түрхэж завсар нь сонгино, давс үрж хуйлан жигнээд бэлэн болгоно. Ногоо төмсөө урт нарийхан хэрчиж хуйлсан гурилын хамт жигнэн болгоно. Гурилаа нарийхан хэрчинэ. Ногоогоо шар тос, масло, шинэ өрөм, элдэв амтлагчаар амтлана. Гурилтайгаа хольж идээд үзээрэй!
6.Ногоотой цуйван
Та махаас бусдыг оруулан ногоотой цуйван хийж болно. Махны оронд шинэ бяслаг хөшиглөөд хийнэ. Амтанд чинжүү, перец, гоньд гаа зэрэг амтлагч байхад энэ хоол ямарч махтай хоолноос чинь дутахгүй.
7.Ааруултай гурил
Нунтаглаж нүдсэн ааруулыг усандаа хийж буцалгаад элдэж хайрсан гурилаа өргөн хэрчиж чанана. Өрөм, шар тос, давс амтлагчаар амтлана.
8.Ээзгийтэй гурил
Ээзгийг усандаа хийж буцалгаад элдэж хайрсан гурилаа өргөн хэрчиж чанана. Өрөм, шар тос, давс амтлагчаар амтлана.
9.Өрөмтэй хуушуур
Чанаж болгосон ногоог бяслаг өрөмтэй хольж нухаж элдэв амтлагчаар амтлан хуушуур хийнэ.
10.Будааны агшаамал
Будааг сайтар угааж усыг нь шүүнэ. Ногоогоо жижиг шоо дөрвөлжин юмуу, урт нарийхан хийнэ. Энэ агшаамалд байцаа тохиромж муутай. Хайруулын тавагтай тосондоо сонгино хийж шарна. Шүүсэн будаа ногоогоо хийж тосондоо хуурч дээр нь буцлам халуун ус хийж битүү таглаж зөөлөн гал дээр жигнэж /сайн болгоорой/ болгоод цөцгийн тос, шар тос, ургамлын тос аль дуртайгаа хийж давс амтлагчаар амтлан идээрэй. Дээр дурьдсан 3 будааны алинаар ч хийсэн болно.