Нийгэм, соёлын урсгал даган бидний амьдрал ч хувьсан өөрчлөгдөж байна. Зарим нь үл анзаарагдах боловч түр азнаад харвал олон янзаар хувирч байгаа. Тэдгээр зүйлсийн тухай “24tsag.mn” сайтаас долоо хоног бүр тантай хуваалцдаг билээ.
Боловсролын зээлийн сангаас олгодог "Оюутны хөгжлийн зээл" бол залууст "боломж" нээсэн шийдэл байв. Энэ нь сургалтын төлбөрөөсөө болж, суралцах боломжгүй хүсэл тэмүүлэлтэй оюутнуудад "дэм" болсон гэхэд хилсдэхгүй.
Оюутан байхдаа БЗС-аас зээл авч сураад, ажлын байран дээр гарсан цагаас эхлэн зээлийн дүнгээс хамааран урт хугацаанд барагдуулах нөхцөлтэй зээл юм. 7 сая гаруй мянган төгрөгийн зээлээр суралцсан бол сар бүр 100 гаруй мянган төгрөгийг тушаах хэрэгтэй. Уг нь гэрээнд заасны дагуу тухайн зээлдэгч "хугацаандаа төлөх үүрэгтэй". Харин сар бүр төлөхгүй бол зээлийн ангилал буурч, Монголбанкны хар жагсаалт руу гулсан орох эрсдэлтэй.
Өнөөдөр монголын нийгэм залууст харгис хандаж байгаагийн илрэл бол ердөө л ийм. Түрээсийн байр, хоол унааны мөнгөө сарын цалингаараа арайхийн аргалж байгаа зарим залууст БЗС-ийн зээлээ төлөх "илүү мөнгө" гардаггүй л гэсэн үг. Орон сууц авахын тулд урьдчилгааг нь олно, зээлийн муу түүхгүй байна гэх мэтчилэн олон асуудал урдаас нь босож ирнэ.
Монголбанкны хар жагсаалтад ОХЗ-ын сарын хүүг хэдхэн сараар хэтрүүлснээс болж, бичигдэж байгаа тухай асуудал байна гэх. Үүнд, "хариуцлага" гэж ярих нэг хэсэг байж мэднэ. Гэвч сар сард биш, жилд бөөнд нь хоёр хуваагаад урт хугацаандаа төлчихдөг байвал залуус ч хар жагсаал руу алгуур гулсаж, сандрахгүй байсан биз.
Нэг ёсондоо нийгэм нь залуусыг иймэрхүү байдлаар хавчиж, хавчигдсан залуус мэргэжлээрээ ахиж дэвшин ажиллах бус харийн оронд хар ажил хийж, байр машины зэрэгт хүрч байна.
Бас болоогүй, Боловсролын салбар нь залуусыг "тэргүүлэх чиглэл" гэсэн ангиллаар ялгаварлан гадуурхах болсон. Үнэн хэрэгтээ хүн бүрд өөрийнх нь сонгосон мэргэжил "тэргүүлэх" юм. Улс оронд хэрэггүй мэргэжил эзэмшсэн гэж "алаг үзэх" нь энэ үү.
М.Жаргал
Сэтгэгдэл (2)