УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Тэрбээр, "Өчигдөр Дорноговь, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн нутгаар цас орж, цасан шуурга шуурсан байгалийн аюултай үзэгдэл ажиглагдлаа.
Энэ хугацаанд нийт 4 аймгийн хэмжээнд 308 иргэн төөрч сураггүй алга болсон гэсэн дуудлага мэдээллийн дагуу холбогдох аймгийн онцгой комисс, Онцгой байдлын алба, мэргэжлийн ангиуд, зэвсэгт хүчний анги байгууллагуудаас техник хэрэгсэл, зарим ААН-аас техник хэрэгсэл, хүн хүчийг дайчлан ажиллаж, аврах ажиллагааг зохион байгууллаа.
Өнөөдөр өглөөний 10 цагийн байдлаар нийт 294 иргэнийг эсэн мэнд олсон. Одоогоор 4 аймгийн 9 сумын хэмжээнд 14 иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.
Монгол Улсын шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан аймгууд руу өчигдөр шөнө холбогдож, эрэн хайх ажиллагааны цар хүрээг өргөжүүлэх, шаардлагатай хүн хүчийг дайчлах ажлыг зохион байгуулах чиглэлээр үүрэг өгсөн. Энэ дагуу холбогдох арга хэмжээг авч байна.
14 иргэнийг эрэн хайж байгаа нутаг дэвсгэрийн хэмжээнд цас их орсноос тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэлтэй, цаг хугацаа их зарцуулж буй нөхцөл байдалтай байна.
Тиймээс эрэн хайх ажиллагааны цар хүрээг өргөжүүлэх, нэмэлт техник, хүн хүчийг дайчлах ажлыг үргэлжлүүлж байна" гэв.
М.Дэвээ