Манай сайтын цоо шинэ булан болох "Долоо хоногийн онцлох хүн" буланд уншигч та бүхэн тавтай морилно уу. Бид энэхүү буландаа тухайн долоо хоногт олны анхаарлыг татсан нэгнийг онцлох юм.
Энэ долоо хоногийн онцлох хүнээр Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн тэргүүн их хамба, ХХХ хамба номун хан, гэвш Лхаарамба Д.Жавзандоржийг нэрлэж байна.
Арваннэгдүгээр сарын 18-ны билэгт сайн өдөр Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн тэргүүн их хамба, ХХХ хамба номун хан, гэвш Лхаарамба Д.Жавзандорж ширээндээ заларлаа. Уг өдөр нь XVII жарны "Үзэсгэлэн болгогч" хэмээх усан туулай жилийн өвлийн эхэн харагчин гахай сарын шинийн тавны билэгт сайн өдөр тохиож, Монгол орны өнцөг булан бүрээс сүсэгтэн олон цугларч, шинэ хамбадаа хүндэтгэл үзүүлсэн юм. Шинэ хамба Д.Жавзандамба нь 1980 онд Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод төрсөн бөгөөд 1991 онд Сүхбаатар аймгийн Бурхан шашинтны төв Эрдэнэмандал хийдэд лам болж, бурхны ном үзэж эхэлжээ.
Түүний хувьд 2018 онд лхаарамба цол хүртэж Ардын хувьсалаас хойш Монголын анхны лхаарамба цолтон болсон нэгэн.
Түүнийг сүсэгтэн олон "Монгол багш" хэмээн хүндэтгэдэг билээ. Тэрбээр өчигдөр сүсэгтэн олондоо хандаж "Уламжлалт бурхны шашин соёлоо түгээн дэлгэрүүлэх их үйлсийн төлөө хичээн зүтгэхээ илэрхийлж байна.
Бурхан багшийн сургаалын охь шим болсон хүмүүний ёс суртахуун, энэрэн нигүүлсэх сэтгэл, шүтэн барилдлагын ухааныг хувь хүний амьдрал, нийгмийн харилцаанд хэрэгжүүлэх нь хүн төрөлхтний өмнө тулгарч буй олон асуудал бэрхшээлийг даван туулах хамгийн үр дүнтэй арга зам мөн гэдэгт итгэлтэй байдаг.
Өнөөг хүртэл уламжлагдан ирсэн сүм хийдийн боловсролыг орчин үеийн боловсролтой уялдуулах, сүм хийд, шинжлэх ухааны байгууллагуудын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, нийгмийг соён гэгээрүүлэх хүмүүнлэгийн олон талт үйл ажиллагааг шинэ шатанд гаргах. Бурхны сургаал номлолыг эх хэлээр унших, судлах боломжийг үе шаттайгаар нэмэгдүүлэх зэрэг ажлуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөж буйгаа айлтгая" хэмээсэн юм.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (1)