Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт өчигдөр Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь суурин төлөөлөгч Шэннон Коулинтэй уулзаж, Улаангом-Ховд, Улиастай-Алтай чиглэлийн авто зам төслийг ирэх онд хэрэгжүүлэхээр тохиролцжээ. Талууд өнгөрсөн аравдугаар сард уулзаж, тус уулзалтын үр дүнд харилцан тохиролцсон авто замын төсөл, хөтөлбөрийн ажлын явцыг эрчимжүүлэх, авто замын коридоруудаа өргөжүүлэх зэрэг асуудалд нэгдсэн ойлголтод хүрсэн юм.
Сайд С.Бямбацогт уулзалтын эхэнд Азийн хөгжлийн банкнаас манай улсад хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийн үр өгөөжийг онцлоод, төслийн хүрээнд баруун бүсэд барьсан авто замууд нь Монгол Улсын нүүр царай болсон төдийгүй манай ард иргэдийн талархлыг хүлээсэн, чанартай зам болсон гэдгийг тэмдэглэв.
Ховд-Улаангом чиглэлийн 163.3 км авто зам, Улиастай-Алтай чиглэлийн 198 км авто замын эхлэл 100 км авто замын ажлыг шуурхайлж, 2024 оны хавар барилгын ажлыг эхлүүлнэ.