Эзэн Богд Чингис хааны мэндэлсний 861 жилийн ой өнөөдөр тохиож байна.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны нэгдүгээр сарын 9-ний өдрийн 4 тоот зарлигаар Эзэн Богд Чингис хааны мэндэлсэн огноог холбогдох ажлын хэсгийн дүгнэлт болон Шинжлэх ухааны академийн саналд үндэслэн, билгийн тооллын гуравдугаар жарны усан морин жил буюу 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн нэгний өдөр хэмээн тогтоож, уг өдрийг "Монгол бахархлын өдөр" болгон тэмдэглэн өнгөрүүлж байхаар шийдвэрлэсэн.
Тус тэмдэглэлт өдрийн хүрээнд Монголын Үндэсний номын сангийн Ерөнхийлөгчийн нэрэмжит Эрдэм шинжилгээний уншлагын танхимд Чингис хааны түүх, соёл, судалгаатай холбоотой орчуулгын болон монгол хэл, бичгээр хэвлэгдсэн номын үзэсгэлэнг дэлгээд байна. Үзэсгэлэнд нийт 177 бүтээлийг дэлгэжээ.