Өнөөдөр их эзэн Чингис хааны мэндэлсэн өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн. Нэрийдэж заншсанаар монгол бахархлын өдөр. Өнөөдөр өнгөрснөөр, өв соёл, төрт улс, тойрог буйраараа бахархах өдөр. Гэвч... энх цагт хүүгээ алдсан эцэг эхийн нулимсанд норж буй одоо цаг л байна.
Эцсийн цагт эх орны энхийн манаанд зогсох залуу хөвгүүд цэргийн албанд татагдаж, зарим нь учир битүүлгээр хорвоог орхиж байна. Өдгөө ахин нэг халуун амь хөрөв.
Тодруулбал, Зэвсэгт хүчний 326 дугаар ангид цэргийн алба хааж байсан 21 настай байлдагч өчигдөр өглөө нас барсан харамсалтай мэдээ байна. Хүүгээ цэрэгт мордуулаад хорь гаруйхан хоногийн дараа эцэг эх нь оршуулахаар болов. ЗХЖШ-аас мэдээлэл хийхдээ, "шалгаж байгаа, тухайн цэрэг унтаад өглөө сэрээгүй, урд өдөр нь зүгээр байсан" хэмээгээд буй.
Ямар ч шалтгаантай байсан ч хорьхон настай, орь залуу хөвгүүдээ цэрэгт биш эрлэгт явуулдаг болжээ гэх. Амиа алдсан цэргийн аавын хэвлэлд ярьсанаар, төгсөх ангийн оюутныг хүчээр цэрэгт татсан, сургуулийн бичгийг тоогоогүй, шууд үсийг нь хуссан байна. Хууль дүрмийн дагуу цэргийн албанд татахаа больж, хуулийн нэрээр хуарангийн хаалганы цаана “хороодог” болчхоогүй баймаар.
Цэргийн албанд явахдаа бүрэн бүтэн, ирэхдээ тахир дутуу, сэтгэлзүйн асуудалтай болдог тухай судалгаатай, судалгаагүй бид харсаар. Зарим нь хэзээ ч гэртээ эргэж ирдэггүйг бүгд мэдэх билээ.
Монгол Улсын Батлан хамгаалах салбарт нүүрлэсэн гамшиг, үхэл хагацал, дарамт, зүй бус харилцааг халах цаг нэгэнт болсон. Салбарын сайд нь тухайн цэргийг гадны нөлөөгүй нас барсанд итгэлтэй байгаагаар хэвлэлд ярьжээ.
Дугаар ангийн байлдагч бол хэн нэгний эрдэнэт үр билээ, хэн нэгний эрхэм дотно анд нөхөр билээ, хэн нэгний дурлалт хүү билээ. Цаг бусаар хорвоог орхисон дугаар ангийн байлдагчдыг энэ өдөр дурсъя.
Ганцхан эл хэрэг бус, амиа хорлосон, зодуулж нас барсан хэргүүд ар араасаа гарч байв. Өнөөдрийг хүртэл өчнөөн аав ээжийн хүү амь үрэгдлээ.
М.Жаргал
Сэтгэгдэл (7)