БНХАУ-ын Ханжоу хотод өнгөрсөн есдүгээр сарын 23-наас аравдугаар сарын 8-ны өдрүүдэд болсон Азийн зуны спортын 19 дүгээр наадам болж өндөрлөсөн билээ. Монголчууд түүхэнд байгаагүй өргөн бүрэлдэхүүнээр спортын 34 төрөлд өрсөлдөхдөө хоёр алт, таван мөнгө, 13 хүрэл медаль хүртсэн юм.
Тэгвэл Засгийн газрын 2018 оны 173 дугаар тогтоолын дагуу “Ханжөү-2022” Азийн наадмаас медаль хүртсэн 45 тамирчин, түүний дасгалжуулагч 11 хүнд 372 сая 750 мянган төгрөгий мөнгөн шагнал олголоо.
Жүдо, бокс, сагсан бөмбөгийн 3х3-ын эрэгтэй, эмэгтэй баг, буудлага, цахим спорт, дугуй, байт харваа, чөлөөт бөх, кураш, жюү жицү гэсэн спортын 10 төрөлд Монголын 45 тамирчин медальтай ирсэн.
Түүнчлэн тус наадамд үндэсний шигшээ багийн болон шигшээ багийн бус 23 спортын төрлийн 231 тамирчин, 31 дасгалжуулагчийн зардалд 700 орчим сая төгрөгийн дэмжлэгийг улсын төсвөөс үзүүлсэн байна.