Өнгөрөгч баасан гарагт (2023.11.10) 2024 оны төсвийн тухай хуулийг эцэслэн баталсан билээ. Төсөв батлагдахын өмнө АН-ын зүгээс эл хуулийг ирэх сонгуульд зориулсан, хулгайг хуульчилсан, авилгажсан, данхайсан хэмээн шүүмжилж байлаа.
Харин МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хэлэхдээ, "Ажлын хэсэг 212 төсөл арга хэмжээг нэмж, сайд нарын зардлыг танасан зэргээр төсвийн алдагдлыг бууруулжээ" гэж утга бүхий зүйлийг ярьсан байна.
Сонгууль дөхөөд "юм хийсэн" болж харагдах гэдэг нь уламжлал шиг тогтсон зүйл. Гишүүдийн тойргийн төсөв нэмэгдсэн тул өвдөгөө цохиод уухайлан дэмжих нь арга ч үгүй гэх хэсэг ч бий. Харин хийх ёстой зүйлээ хийж, хэлэх ёстой үгээ хэлсний төлөө сонгогчид нь тэдэнд алга ташиж, ирэх сонгуульд дэмжихээ илэрхийлдэг.
Улс төрчид бол нийтийн албан хаагч, нийтийн ашиг тусын төлөө хувийн ашиг сонирхлоо хойш тавигч бус уу. Гэтэл өдгөө хувийн ашиг сонирхлоо хөөцөлдөгч гэдгийг нь хавь илүү хүлээн зөвшөөрдөг болов.
Тойрогтоо 1,5 тэрбумын ажлыг төсөвт суулгуулсан байсан ч тухайн гишүүний хийх л ёстой ажил, амлалтуудынх нь нэг болохыг санах учиртай. Орон нутгийн намын дарга нарын "тандаа баярлалаа, эрхэм гишүүн" зэрэг талархлын үгтэй баярын бичиг шиг зургууд 3,000 мянган хүн амтай сумын цахим хуудсаар нэг явах аж.
АН, МАН гэсэн хоёрхон нам орон нутагт хүчтэй. Аль их төсвийг зарсан нь сонгогдох найдвар өндөр. Тийм ч учраас чимээгүйхэн "хувь"-аа хүртэх нь ч гишүүдэд ээлтэй.
М.Жаргал