Хүйтний улирал эхэлсэнтэй холбогдуулан томуу, томуу төст өвчний халдвар нэмэгдэх хандлагатай байна. Иймээс улсын хэмжээнд 2023 оны аравдугаар сарын 10-наас эхлэн бүх өрхийн эрүүл мэндийн төв /ӨЭМТ/-өөр томуугаас урьдчилан сэргийлэх вакцинжуулалт хийж эхэлсэн.
ӨЭМТ-үүдээр үйлчлүүлж буй иргэдийн 72 хувь нь томуу, томуу төст өвчний улмаас эмчилгээ, зөвлөгөө авч байна. Нийслэлийн хэмжээнд хэвтэн эмчлүүлэх нийт 815 ор байна. Нэмэлтээр 140 ор дэлгээд буй. Одоогийн байдлаар орны ачаалал 86 хувьтай байна.
Томуугийн өвчлөлийн 70-80 хувийг 0-15 насны хүүхдүүд эзэлдэг. Ялангуяа 0-5 насны хүүхдүүд хэвтэн эмчлүүлэх хандлагатай байдаг тул хүүхдүүдээ томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор дархлаажуулалтын вакцинд зайлшгүй хамруулах шаардлагатайг Нийслэлийн Эрүүл мэндийн газраас онцоллоо.
Томуу, томуу төст өвчний идэвхжилийг гурав хуваадаг. Тодруулбал, идэвхжилийн үе шат, алаг цоог үе, дэгдэлтийн үе гэж ангилдаг байна. ХӨСҮТ-ийн Тандалтын албаны зүгээс одоогийн байдлаар томуу, томуу төст өвчин идэвхжилийн үе шатандаа байгааг тодорхойлжээ. Иймд иргэд дулаан хувцаслаж, шим тэжээл сайтай халуун хоол идэж, сайтар унтаж амрах, томуугийн вакцинд сайн дураар хамрагдан өвчлөлөөс урьдчилан сэргийлэх боломжтой.