Цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээлснээр, Архангайн нутгаар өнөө шөнө ахиухан хэмжээний цас орно.
Өнөө шөнө Завханы зүүн, Хөвсгөлийн өмнөд, Архангайн баруун, Баянхонгорын хойд хэсгээр, маргааш өдөр Архангайн нутаг, Булганы өмнөд, Өвөрхангайн хойд, Төв аймгийн нутгийн баруун хэсгээр цасан шуурга шуурна. Маргааш өдөр Баянхонгор, Өвөрхангайн өмнөд хэсэг болон Өмнөговийн нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүснэ.
Өнөө маргаашдаа нутгийн төв хэсгээр, энэ сарын 5-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, хүйтэрч, зам даваа хаагдаж, халтиргаа гулгаа нэмэгдэхийг онцгойлон анхаарууллаа.
2023 оны 11 дүгээр сарын 5-9-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв танилцуулж байна.
Энэ сарын 5-нд говийн аймгуудын ихэнх нутаг, төв болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 6-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 7, 8-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 5, 8-нд говь, талын нутгаар, 6-нд зарим газраар, 7-нд Алтайн салбар уулс, Арц богдын өвөр хоолойгоор секундэд 15-17 метр, зарим үед секундэд 20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -23-28 градус, өдөртөө -12-17 градус, Эг-Үүр, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -18-23 градус, өдөртөө -8-13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -6-11 градус хүйтэн, өдөртөө -2+3 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -12-17 градус, өдөртөө -5-10 градус хүйтэн байна.