Шалных нь банз хөвхөлзөж, ханын будаг нь холцорсон хөдөөгийн соёлын төвийг мэднэ. Тэр газар хүүхдүүд өөрсдийгөө нээж, урлагаар "сэтгэлээ өсгөдөг" байлаа. Бэлтгэлийн өрөөндөө галлагааны зуухтай, хувцасны шүүгээ нь өчнөөн давхарлаж будаад "барзайчихсан", тайзан дээрээ хулдаас дэвсэж, хаа нэг хивс дэлгэдэг тийм л "хув хуучин" байсан.
Орон нутгийн иргэдэд эмнэлэг хэрэгтэй шиг соёлын төв ч хэрэгтэй.
Соёлын төв бол буйд холын сууринд хүсэл мөрөөдөл, дуу хөгжим, уран зохиолын чимээгээр тасардаггүй ганц "хясаа".
Аль нэг намын суртал ухуулгын байр биш гэдгийг нийтээрээ ойлгох цаг болсон. Тэнд эцэг эх нь хүүхдийнхээ авьяасаар бахархаж, хөл хөөр болдог. Тэнд сардаа, зарим үед хэдэн сардаа нэг удаа соёл урлагийн арга хэмжээнд оролцоно.
Хүүхдүүд төв номын сан, музей руу очихын тулд соёлын төвийн зүг алхдаг. Тиймээс энэ бол гагц тоглолт болдог газар биш.
Дөнгөж саяханаас л тусдаа бэлтгэлийн өрөө, дугуйлан хичээллүүлэх танхим, удирдлага, номын сангийн өрөөтэй болж байгаа нь ч бий. Сургуулийн урлагийн заал шиг соёлын төвтэй сумууд одоо ч буй биз.
Тойрогтоо очиж буй УИХ-ын гишүүд ч соёлын төвийг өөрийнхөө сонгуулийн штаб шиг санадаг гэж боддог уу, аргагүй шүү дээ. Олон хүнийг нэг дор цуглуулах боломжтой болохоор тэр. Одоо намынхаа байранд л ухуулга, уулзалтаа зохион байгуулах хэрэгтэй. Хөлдөө соёл урлагийн боловсролыг чирэх хэрэггүй.
Элдэв соёлын төвийн барилга барихаа боль гэнэ, соёлын төв барихын оронд өөр юм барья л гэнэ. Соёлын төвийг хамгийн сайнаар, хамгийн сайхан архитектуртайгаар "барих ёстой".
Сумынх болохоороо бүхнээс хоцорч болохгүй, яг адил хүртэж явах учиртай билээ. Нэг өрөө, 10 сандал ширээтэй номын сандаа хорвоотой танилцаж, гял цал бус эгэл даруухан тайзнаас өөр, өөрийн замыг олж, хүсэл сонирхлоо нээн илрүүлдэг юм. Хүүхдийн эрхийн тухай ярьдаг шиг ээ, одоо ярьж буйгаараа хүүхдийн эрхэнд ч халдаж буйгаа бодоорой.
М.Дэвээжаргал