Монгол улсад албан хэргээр болон аялал жуулчлалаар зорчиж буй Гадаадын иргэд F-Register ашиглан E-Мongolia аппликейшнээр шаардагдах төрийн үйлчилгээг, мөн банк санхүү, харилцаа холбооны үйлчилгээ авах боломж бүрэн нээгдлээ.
Өнөөдөр /2023.11.02/ Гадаад харилцааны яамны байранд Монгол улсад суугаа дипломат төлөөлөгчдөд энэ талаар танилцуулга хурал хийлээ.
Энэ үеэр Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учралаас тодруулга авав.
Тэрбээр "Энэ өдөр Гадаад харилцааны яам дээр гадаадын элчин сайд, консулуудыг урьж мэдээлэл хийж байна.
Эд маань нэг л зүйлийг хүсдэг байсан. E-Мongolia 1.6 сая хэрэглэгчтэй болчихжээ. Төрийн үйлчилгээг хурдан шуурхай авдаг болчихжээ. Ядаж л оршин суугаа газрынхаа тодорхойлолтыг авах гэж төрийн байгууллагад дараалалд зогсохоо байж, илүү амар болжээ. Одоо бид нарт энэ үйлчилгээг хүртээмжтэй болгож өгөөч ээ гэж хүсдэг байсан. Энэ хүсэлтийн дагуу гадаадын иргэдийн E-Мongolia аппликейшнийг хэрэглэх нөхцөлийг өнөөдөр бүрдүүллээ.
Гадаадын иргэд аппликейшн руугаа ороод F-Register авах гэдэг цэсийг дарна. Тэгээд F-Register-ээ шууд авна гэсэн үг. Монголд газар дах үед нь Гадаадын иргэн харьяатын газар мэдээлэл нь бүртгэгдэж байгаа. Тэрхүү мэдээлэл ХУР системтэй холбогдоод тухайн гадаадын иргэнд регистр олгогдоно гэсэн үг. Тэр регистр нь E-Мongolia-тай холбогдоно. Ингэснээр оршин суугаа газрын тодорхойлолт авах, Монголд улсад хөрөнгө оруулах, бизнес эрхлэх хүсэлтэй хэнд ч хүсэлт гаргах, үйл ажиллагаа явуулах нарийн төвөгтэй ажлуудыг амар аргаар шийдэх боломж нээгдэнэ гэсэн үг.
Энэ үйлчилгээ нэвтрэхээс өмнө гадаадын иргэд энэ олон төрийн байгууллагуудын хаана нь очихоо мэддэггүй байсан. Мөн гадаадын иргэд хэрвээ Монгол улсын газар нутаг дээр төөрөх, гэмт хэрэг зөрчилд холбогдох, эрсдэлтэй учрах зэрэгт хаана хандахаа мэддэггүй. Тэгвэл одоо энэ асуудлыг мөн шийдлээ.
Тухайн гадаадын иргэн дээрх нөхцөл байдлуудтай тулгарвал шууд "E-Мongolia" руу ороод SOS товчлуурыг дарахад байршлынх нь мэдээлэл шууд цагдаа, онцгой байдлын байгууллагад очно гэсэн үг. Энэ бол дэвшил. Нэг үгээр E-Kids цэстэй адил. Зөвхөн аялал жуулчлал, албан хэргээр гэлтгүй Монгол улсад урт хугацаагаар ажиллаж, амьдарч буй гадаадын иргэдэд ч энэ үйлчилгээ үр шимээ өгнө гэж найдаж байгаа.
Гар утасны сим карт авахад хүртэл хүндрэлтэй байдаг тухай жуулчид ярьдаг. Харин энэ асуудлыг шийдсэн. Нэгэнт аялал жуулчлалын жил болгож зарласан. Тийм ч учраас жуулчдынхаа ая тухтай байдлыг дэмжих ёстой. Тийм ч утгаараа E-Мongolia анх удаа гадаадын иргэнд үйлчилж эхэлж байгаа нь сайн мэдээ. Мөн хөрөнгө оруулагчдыг татах, үйл ажиллагааг нь хялбарчлах дэвшилтэт ажил хэрэг болж байгаад баяртай байна" гэв.
Л.Сайнаа