Энэ жилийн анхны цас 29-30-нд шилжих шөнө бударлаа. Даардаг, гулгадаг, хөл гараа хугалдаг, зөөлөн эдээ гэмтээдэг улирал айсуй. Энэ цагаар манай дарга нарт хальтаргаатай тэмцдэг ганцхан арга байдаг нь ДАВС ЦАЦАХ арга билээ. Тэд хэдийн цацаад эхэлчихсэн.
Өчигдөр л гэхэд хальтаргаа гулгаанаас сэргийлэх зорилгоор Улаанбаатар хотод, Нарны гүүр, Энхтайваны гүүр, Их тойруу, Сансрын тунель, Энхтайваны өргөн чөлөө, Олимпын гүүр, Чингисийн өргөн чөлөө, Баянхошуу зэрэг чиглэлд нийтдээ 16 тонн давс цацсан байна. Цас орох бүрт л давс, энэ төрлийн мэдээлэл хоёр цацагдах нь жил бүрийн араншин гэлтэй.
Хальтаргаа гулгаа үүсгэж байгаа гол шалтгаан нь тэдний хувьд ердөө л "хүйтний улирал" мэт аашилхыг нь яана. Энэ асуудал бидэнд тулгараад олон оныг үдсэн ч хуучирсан, явцгүй аргаа одоо ч ашигласаар байгаа нь гайхмаар.
Гэхдээ тэд давсаа явган хүний зам дээр төдийлөн цацаад байдаггүй. Зөвхөн машин зам дээр л цацах нь элбэг. Зориулалтын бус гээд хэлчихэд нэг их хилсдэхгүй, шил толь шиг гөлгөр хавтангаар зам засдаг төрийн хийгээд хувийн хэвшлийн аж ахуй нэгжүүдэд хариуцлага тооцох, цаашлаад нэг стандартад байлгах ажил огт хийдэггүй хэр нь давсныхаа нөөцийг хангаж дадсан даамай хачин удирлагуудтай улс даа бид ч...
Байгууллагынх нь үүдэнд хальтарч унаад гэмтсэн бол нөхөн төлбөрийг тухайн газраас гаргуулах журам хүртэл санаачилсан гэж байгаа. Өөрсдөө зохицуулалт хийгээгүй байж өрөөл рүү буруугаа чихэх гэсэн башир арга л даа хөөрхийс...
За тэгээд хөгтэй зүйл ч олон шүү... Давс цацдаг техник хэрэгсэл хомс, хөөрхий ТҮК-ийн ажилчид машины тэвшин дээр зогсон амиа эрсдэлд оруулан байж, хүрзээр давс цацаж байгааг бид бүгд л өмнөх жилүүдэд үзсэн, харсан.
Одоо тэд машин, техникээ зориулалтын болгоод цацаж байгаа гэнэ лээ. Гэвч ийм улиг болсон аргаар дахиад хичнээн жил бидэн рүүгээ давс цацах гэсэн улс вэ. Бүү мэд... Дарга нарыг давсаа цацахаар хотын амьдрал яг л тогоотой хоол шиг буцална...
Хотын шинэхэн дарга Х.Нямбаатарыг шийртэй эр үү? гэдгийг энэ өвөл үзнэ. Сонгуулийн өмнөх жил сайн ажиллах гэж хичээх л байх. Хальтаргаа, гулгаанаас үүсдэг олон асуудал, тэр дундаа замын түгжрэл гэх ялыг бид биеэр эдэлнэ. Хаашдаа утаа ч саринахгүй, ядаж түгжрэхгүй амьдрах сан даа...
Л.Сайнаа