Өвлийн эхэн сар. Өнөөдөр утаа униар дундаас уул ч харагдахаа болив. Баянхошуу орчим агаарын чанарын индекс 11 цагийн байдлаар 400-г давж, их бохирдолтой байна. Харин Дамбадаржаа, Хайлааст, Таван буудал хавиар мөн л 200-аас дээш байна.
Тодруулбал, агаарын чанарын индекс 400-аас дээш байгаа тохиолдолд “удаан хугацаагаар гадаа байгаа тохиолдолд нийт хүн амын эрүүл мэндэд мэдэгдэхүйц сөрөг нөлөө илэрнэ. Түүнчлэн зүрх, уушгины архаг өвчтэй болон өндөр настай хүмүүс, хүүхдүүд гадаа биеийн хүчний ямар ч төрлийн ажил хийхээс зайлсхийх, архаг хууч өвчтэй хүмүүс даралтаа тогтмол хянах, эмчийн хяналтад байх, эмийг хугацаанд нь уух шаардлагатай. Мөн цэвэр агаар, салхинд гарах болон амны хаалт зүүх хэрэгтэй" болохыг зөвлөдөг.
Өдгөө идэр ес эхлээгүй, агаарын температур хасах, нэмэхийн хооронд хэлбэлзэж буй ийм үед их хэмжээний бохирдол дунд бид амьдарч байна.
Агаарын бохирдол өссөн үндсэн шалтгааныг хүн амын нягтаршил, аж үйлдвэрийн хөгжлөөс хамаарсан түүхий нүүрсний хэрэглээ эрс нэмэгдсэнтэй холбоотой гэж үздэг. Түүнчлэн хотын гэр хорооллын өрхийн тоо 2000-2020 онд 2.4 дахин нэмэгдсэн байна. Цаашилбал хүлцэхээс аргагүй байдалд хүрч байсан тул Засгийн газрын 2018 оны тогтоолоор Улаанбаатар хотод түүхий нүүрс хэрэглэхийг “хориглосон” юм. Ийнхүү нийслэлчүүд сайжруулсан шахмал түлшийг хэрэглээнд нэвтрүүлэх замд шуударсан билээ. Ингээд анх удаа 2019 оны 1, 12 дугаар саруудад агаарын чанарын үзүүлэлт болох тоосонцор 40 хувиар буурсан судалгаа гарч байжээ. Гэвч өдгөө аравдугаар сарын дундуур утаа угаартаа “угжуулж” суугаа нь дэгс зүйл бус. Жилийн жилд агаарын бохирдлыг бууруулах нэрийн дор тэрбум тэрбумыг төсөвлөдөг ч бодитой үр дүнд хүрч чадаагүй л байна.
Хамгийн хүйтэн саруудад агаарын чанар үүнээс илүү муудахыг үзэх магадлалтай. Гэхдээ ДЭМБ-ын зөвлөж буй аюулгүйн түвшнээс даруй хэд дахин давсан “бохирдол” нийслэлийг бүрхэн авсан ч тоохгүйн замдаа оров бололтой.
PM10 буюу том ширхэглэгт тоосонцор нь агаарт урт хугацааны туршид дэгдэмхий байдлаар оршиж хүний биед амьсгалын замаар нэвтэрч өвчин үүсгэдэг байна. Энэ бол “үзэгддэггүй дайсан” л гэсэн л үг. Агаар мандалд буй олон төрлийн бодисууд хүний эрүүл мэндэд нөлөөлдөгч хамгийн сөрөг нөлөөтэй нь РМ2.5 болон РМ10 тоосонцор хэмээн дурдагдсан байдаг.
Тиймээс “агаарын чанарын үзүүлэлт”-ийг харж, амны хаалт зүүх зайлшгүй шаардлага бидний өмнө тулгарч байна.
Агаарын бохирдлын хор уршгийг хүртэгч, хамгийн их “хохирогч” нь хүүхдүүд юм. Энэ үед тав хүртэлх насны хүүхэд ихээр өвчилж байгаа нь хүүхдийн цээжний хэнхэрцэг, өрцний сул хөгжилтэй холбоотой аж. Үүгээр зогсохгүй, 10000 хүнд ноогдох өвчлөлийн зонхилох ангилалд амьсгалын тогтолцоо, зүрх судасны өвчлөл багтдаг. Хүйтний улиралд агаарын бохирдлын улмаас уушгины үрэвсэл, багтраа, астма, уушгины архаг бөглөрөлт, хатгалгаа сэдэрдэг байна.
М.Дэвээжаргал
Сэтгэгдэл (2)