Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газраас дараах мэдэгдлийг гаргажээ.
Уг мэдэгдэлд, "Сүүлийн жилүүдэд уул уурхай, барилгын салбар зэрэг эдийн засгийн салбарууд эрчимтэй хөгжиж, ашигт малтмал олборлох, барилгын суурийг ухахдаа үлэмж хэмжээний газрын доорх усыг шавхан зайлуулж байна. Энэ нь газрын доорх усны байгалийн тэнцэл буюу байгалийн горимыг ихээхэн алдагдуулдаг учраас Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн дагуу аж ахуйн нэгжүүдэд усны нөөц ашигласны төлбөр ногдуулдаг. Нөгөө талаар хот, суурины газрын доорх усыг их хэмжээгээр шавхан зайлуулж, олборлох нь хөрсний суултыг үүсгэж барилгын бүтээцэд өөрчлөлт оруулах, газрын доорх усыг хомсдуулах аюултай юм.
Нийслэл Улаанбаатар хот зэрэг манай томоохон хот, суурин газрууд нь гол төлөв голын татам, эргийн аллювийн хурдас /сэвсгэр хурдас/-т байршдаг учраас барилгын суурийг ухахад хөрсний ус зайлшгүй гарна. Ялангуяа, Улаанбаатар хотын Туул, Сэлбэ (хуучин баруун Сэлбэ гол гэж байгаад шургасан Ногоон нуур, 100 айл орчимд), Улиастай, Толгойт зэрэг голууд болон бусад голуудын татмын аллювийн хурдас бүхий газарт барилга байгууламж ихээр баригдаж, тэдгээрийн суурийн хөрсний усыг шавхан зайлуулах шаардлагатай болдог.
Хот, суурин газрын хөрсний усыг шавхан зайлуулахад Усны тухай хуулийн 28.4 дэх хэсэгт зааснаар хоногт 100 м³-ээс их ус шавхан зайлуулах бол ус ашиглуулах дүгнэлтийг усны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага буюу Усны газар, хоногт 50-100 м³ ус шавхан зайлуулах бол ус ашиглуулах дүгнэлтийг холбогдох сав газрын захиргаа, 50 м³ хүртэл ус шавхан зайлуулах бол ус ашиглуулах дүгнэлтийг тухайн аймаг, нийслэлийн байгаль орчны алба гаргаж, усны нөөц ашигласны төлбөр нь Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн дагуу орон нутгийн төсөвт ордог. Барилгын компаниуд барилгын суурийн хөрсний усыг шавхан зайлуулахдаа үерийн суваг шуудуу, ариутгах татуургын шугам сүлжээг зөвшөөрөл, гэрээгүйгээр ашиглах, эсхүл дураараа хоолой татаж зайлуулж, усны нөөц ашигласны төлбөрөөс зайлсхийж байгаа нь Зөрчлийн тухай болон холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн явдал болж, хариуцлага тооцоход хүргэж байна. Иймд Усны тухай хуулийн дагуу барилга барьж буй компаниуд шүүрлийн усандаа холбогдох газруудаар дүгнэлт гаргуулж, зөвшөөрөл авч, гэрээ байгуулан ажиллахад орон нутгийн Засаг дарга нар болон аж ахуйн нэгжүүд анхаарч ажиллахыг мэдэгдье" гэжээ.