"Орбита" нүдний эмнэлэгт хагалгаанд ороод хохирсон гэх иргэн Улсын Ерөнхий Прокурорын Газарт хандаж буй талаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Нүдний эмнэлэг болон төрийн байгууллагад хандсан боловч өнөөдрийг хүртэл хохирлыг минь барагдуулсангүй.
Би 2019 онд нүдэндээ гэмтэл авч, нэгдүгээр сарын 6-нд "Орбита" эмнэлэгт үзүүлэхэд хагалгаа хийхгүй бол болохгүй гээд 7-ны өдөр хагалгаанд орсон. Нүдний байдал дээрдээгүй тул хоёр удаа давтан хагалгаанд орсон.
Нэг хагалгаа хийгээд 4-6 сарын дараа асуудалгүй эдгэнэ,үргэлжилсэн эмчилгээ хийж байна гэсэн. Гэтэл миний эрүүл мэндийн байдал улам дордож байна. Том жижиг нүдтэй болж, зовхи унжаад гоо сайхнаараа хохирлоо.
Нүд нуухтаж, бүрэлзэж, нулимс гоожоод ажил хийх боломжгүй болсон.
Миний нэг нүд төрөлхийн хардаггүй. Гэтэл хараатай нүдэнд хагалгаа хийгээд дордуулчихлаа. Би есөн сар эмнэлэгтэй зууралдаж явна. Явдаг газраараа яв, манай нөхөр прокурор, танай тээврийн компанийн харааг манай эмнэлэг хариуцдаг, чи хараа муутай байж яагаад ажилладаг юм гэх мэтээр сүрдүүлж, доромжилсон тул хуулийн дагуу явахаар шийдэж байна.
Өмнө нь Сүхбаатар дүүргийн прокурорт хандсан. Шалгаж байна л гэсэн. Тийм учраас өнөөдөр Улсын ерөнхий прокурорын газарт хандаж байна. Өөрсдийнх нь хэлснээр бол Орбита эмнэлэг нь Ерөнхий прокурор байсан Энх-Амгалан гэх хүний эхнэр Удвалын эмнэлэг юм билээ" гэлээ.