Баруун бүсийн аймгуудын сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудад зориулсан сургалт, уулзалт өнөөдөр Ховд аймагт болж байна. Монгол орны баруун бүс нутгийн хэмжээнд сэтгүүл зүйн салбарт өдгөө 100 гаруй хүн ажиллаж буй.
Энэхүү уулзалтад Ховд, Увс, Завхан, Говь-Алтай, Баян-өлгий аймгийн хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудын төлөөлөл 50 орчим хүн оролцож, санал бодлоо илэрхийллээ.
Тэд гадаадад туршлага судлах үйл ажиллагаанд орон нутгийн сэтгүүлчдийг хамруулах, залуу боловсон хүчний чадавхыг нэмэгдүүлэх, сэтгүүлчийн бүтээлийг хамгаалахад анхаарах, ёс зүйн зарчим баримтлах, идэвхтэн бичигч нарыг дэмжих, баруун бүсэд нэгдсэн хэвлэх үйлдвэртэй болох, өрх бүрийг радиожуулах зэрэг олон санал хэлж байна.
Мөн хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудын цалин бага, нийгмийн баталгаа, хангамж тааруу байгааг онцлоод энэ асуудлыг шийдвэрлэх чиглэлд эрх зүйн тодорхой акт, хуулийн төсөл боловсруулах шаардлагатай, үүнд орон нутгийн бүх сэтгүүлч, зураглаач, ажилтнуудын саналыг тусгах нь чухал гэлээ.
Энэ удаагийн уулзалтыг Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл, Ховд аймгийн ЗДТГ хамтран зохион байгуулсан юм. Цаашид Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс орон нутгийн сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудад зориулсан сургалт, уулзалтыг бүсчилсэн байдлаар зохион байгуулахаар төлөвлөжээ.