БАРИМТ 1
Боливын олон үндэстний муж улс нь Өмнөд Америкийн Баруун-Төв бүсэд оршдог далайд гарцгүй орон. Улсын газар нутгийн хэмжээ нь 1,098,581 хавтгай дөрвөлжин километр бөгөөд гуравны нэг хэсэг нь Андын нуруудаас тогтдог. Мөн улсын зүүн хэсгээрээ Амазоны сав газарт харьяалагддаг ба Чили (баруун урд), Бразил (хойд болон зүүн), Перу (баруун хойд), Аргентин (урд), Парагвай (зүүн урд) гэх улсуудтай хиллэдэг.
БАРИМТ 2
Хүн амын хувьд 11.5 сая бөгөөд тэдний 89.3 хувь нь христийн шашинтай бол 10.1хувь нь шашин шүтлэггүй. Мөн тэдний 68 хувийг местизо буюу нутгийн уугуул иргэд болон Европ үндэсний хүмүүсийн дундаас үүссэн шинэ үндэстэн, 20 хувийг нутгийн уугуул иргэд тус тус бүрдүүлдэг.
БАРИМТ 3
Анх Болив улс нь Өмнөд Америкийн хүчирхэг Инка эзэнт гүрний нэг хэсэг байсан боловч 16-аар зууны үед Испани улсын колон болсон. Уг колоничлолын цаг үед Испани улсын зүгээс их хэмжээний уул уурхайн ажлуудыг өрнүүлж мөнгө олборлодог байсан. Улмаар тусгаар тогтносон улс болохын төлөө 1809 оноос тэмцэж 16 жилийн дараа 1825 онд Бүгд Найрамдах улс болсон.
БАРИМТ 4
Тусгаар тогтнолоо зарласан хэдий ч Болив улс нь 1847 онд олон улсын хэмжээнд тусгаар тогтносон улс хэмээн зөвшөөрөгдсөн. Мөн 19 болон 20-аар зууны үеэр хөрш зэргэлдээх орнууддаа газар нутгийнхаа нэлээд хэсгийг алдсан. Далайд гарцтай орон байсан хэдий ч тухай бүс нутгаа Чили улсад булаалгасан.
БАРИМТ 5
Болив улсын улс төрийн нөхцөл байдал 1971 он хүртэл тогтвортой байсан ч тус улсын 50 дахь ерөнхийлөгч Хуан Хосе Торресын социалист засгийн газар нь (1976 онд Аргентин улсад бусдын гарт амь насаа алдсан) Хуго Банзераар толгойлуулсан цэргийн хүчээр дарангуйлсан засаглалаар солигдсон. Түүний дэглэм зүүний болон социалист сөрөг хүчнүүдийг эсэргүүцэж олон тооны боливчуудыг эрүүдэн шүүж амийг нь хөнөөсөн хар түүхтэй. Банзер нь 1978 онд ерөнхийлөгчийн үүргээ хүлээлгэн өгсөн хэдий ч 1997 онд ардчилсан байдлаар ерөнхийлөгчийн сонгуульд ялж 2001 онд хүртэл дахин нэг удаа уг албыг хашсан.
БАРИМТ 6
Болив улс нь Сукре (үндсэн хууль болон шүүхийн) болон Ла Паз (хууль тогтоох болон гүйцэтгэх) гэх хоёр өөр нийслэл хотуудтай. Гэхдээ хууль ёсны нийслэл нь Сукре. Мөн Ла Паз хот нь далайн түвшнээс дээш 3,869 метрийн өндөрт байрладаг бөгөөд дэлхийн хамгийн өндөрлөг цэг дээрх хот юм. Харин үйлдвэрлэл болон эдийн засгийн төв болсон Болив улсын хамгийн том хотыг Санта Крус-де-ла-Сьерра гэдэг. Болив улс нь 1945 онд НҮБ-д элсэн орсон бөгөөд ерөнхийлөгчийн засаглалтай. Одоогийн удирдагчдыг нь Луис Арсе (Ерөнхийлөгч) болон Дэвид Чокехуанка (Ерөнхий сайд) гэдэг.
БАРИМТ 7
Боливчууд бидний тэжээдэг өхөөрдөм хөөрхөн далайн гахайг амттан мэтээр хардаг. Боливын гудамжаар шарсан, амталсан, чанасан далайн гахайн махыг та хялбархан олох бөгөөд уг амьтны мах нь уургаар баялаг, өөх тос холестерины хэмжээ багатай тул эрүүл хоол хэмээн тооцогддог ажээ. Мөн Болив улс нь Өмнөд Америкийн хамгийн өндөрлөг бүсэд оршдог орон юм.
БАРИМТ 8
Амазонд амьдардаг ягаан дельфинүүд Болив улсаас гаралтай бөгөөд тус улсын байгалийн үнэт өвөөр нэрлэгддэг. Мөн Болив улсад дэлхий эрвээхийн нутаг болсон дэлхийн хамгийн том дархан цаазат газруудын нэг бий. Уг газар нь 24 га талбайг хамардаг бөгөөд ойролцоогоор 1,000 гаруй төрөл зүйлийн эрвээхийнүүдийн гэр гэгддэг. Хэрэв та тус газрыг очиж үзэхээр шийдвэл жилийн бүх өдөр жуулчдад нээлттэй байдаг.
БАРИМТ 9
Хэдийгээр Болив улсын бүх иргэд испани хэлээр ярьдаг ч тус улсад нийт 37 өөр албан ёсны хэл байдаг. Хүмүүс угсаа соёл, яс үндэс, газар нутгийн байрлал гэх зэргээрээ ялгаран өөр өөр хэлүүдийг өдөр тутамдаа ашигладаг. Гэхдээ ихэнх мэдээ, зар сурталчилгаа, бичиг баримтууд испани хэл дээр бичигдэж мөн яригддаг.
БАРИМТ 10
Сажама үндэсний парк нь далайн түвшнээс дээш 3,900 метрийн өндөрт оршдог бөгөөд дэлхийн хамгийн өндөрт оршдог ой мод юм. Мөн Болив улсад байрладаг Титикака нуур нь далайн түвшнээс дээш 3,810 метрийн өндөрт оршдог. Уг хэмжээгээрээ дэлхийн хамгийн өндөрт оршдог усан онгоц явдаг том нуур гэх амжилтыг эзэмшдэг.
БАРИМТ 11
Болив улсын төрийн далбаа нь улаан, шар, ногоон өнгөнүүдээс бүрддэг бөгөөд далбааны төв хэсэгт улсын үндэсний бэлгэ тэмэг нь байрладаг. Улаан өнгө нь тусгаар тогтнолынхоо төлөө тулалдсан дайчдын урсгасан цус, шар өнгө нь Боливын уул уурхай болон байгалийн баялгийг, ногоон өнгө нь улсынхаа байгаль орчин болон газар тариалангийн аж ахуйг тус тус бэлгэддэг.
БАРИМТ 12
Болив улсад дэлхийн хамгийн аюултай замуудын нэг байдаг. Үүнийг “үхлийн зам” гэж нэрлэдэг бөгөөд 60км үргэлжилдэг Ла Паз болон Юнгасыг холбодог уг зам нь хэтэрхий эгц, мөн нарийхан тул олон тооны машинууд доош унаж осолддог. Маш өндөр дээр байрладаг тул машинтайгаа хамт доош унах юм бол амьд гарах бараг л боломжгүй. Хэдийгээр уг замыг хаагаад байгаа ч зам товчлох хүсэлтэй хүмүүс нууцаар үхлийн замыг ашиглах оролдлогыг хийсээр байгаа.
БАРИМТ 13
Нийслэл хот болох Ла Пазад алаг тахь мэт хувцасласан хүмүүс хотын гудамжаар таран зогсож хүүхдүүдийг аюулгүй зам гарахад нь тусалдаг. Учир нь тус хотын замын хөдөлгөөн маш завгүй тул явган зам гарах нь насанд хүрсэн хүмүүст хүртэл хүндрэлтэй асуудал. Мөн Болив улсын эрүүл саруул 18-22 насны эрчүүд бүгд цэргийн алба хаах үүрэгтэй.
БАРИМТ 14
Болив улсын үндэсний амьтан нь лам гөрөөс. Тус улсад маш олон бүр маш олон лам гөрөөс байдаг. Хөвсгөр зөөлөн үстэй тэдний ноосыг ихэвчлэн хувцас болон даавуу нэхэхэд ашигладаг. Болив улс өндөрлөг уулсын бүсэд байрлалтай тул уг амьтны тоо толгой их хэмжээгээр өссөн. Мөн лам гөрөөснөөс гадна Болив улсад фламинго шувуудын хамгийн ховор төрлүүд (жишээлбэл андын фламинго), ягуар муур гэх мэт амьтад амьдардаг.
БАРИМТ 15
Болив улсын уламжлалт хамгийн алдартай хоол бол “Салтенас”. Энэхүү хоолыг мах, олив, үзэм гэх зэргээр дүүргэн чанаж бэлтгэдэг бөгөөд бидний мэдэх пирошкитой нэлээд төстэй. Гэхдээ пирошкиг бодвол махны шөл нь гурилан дотор нь хадгалан үлдсэн байдаг гэнэ.
БАРИМТ 16
Болив улсын сонгуульд санал өгөх хууль ёсны нас нь иргэдийн гэрлэлтийн байдлаас шалтгаалан хоорондоо ялгаатай. Ганц бие залуус 21 насандаа сонгуульд оролцох боломжтой бол гэрлэсэн хүмүүс 18 наснаасаа эхлэн сонгуульд саналаа өгч эхэлдэг. Сонгуулийн дагуу сонгогдсон ерөнхийлөгч нь төрийн эрхийг таван жилийн турш барьдаг.
БАРИМТ 17
Болив улсын хүний хөгжлийн индекс нь өндөр бөгөөд хөгжиж буй орнуудын эгнээнд багтдаг. Хэдийгээр Өмнөд Америкийн хоёр дахь ядуу орон боловч сүүлийн жилүүдэд ядуурлын хэмжээ нь эрс багасаж эдийн засаг нь хурдацтай хөгжиж байгаа. Болив улсын эдийн засаг нь хөдөө аж ахуй, ойн аж ахуй, загас агнуур, уул уурхай, боловсруулсан газрын тос, нэхмэл эдлэл, цэвэршүүлсэн металл гэх мэт салбаруудаас шууд хамааралтай. Байгалийн баялаг сайтай улс бөгөөд цагаан тугалга, зэс, лити, мөнгө зэргийг ихэвчлэн олборлодог.
БАРИМТ 18
Дэлхийн хамгийн том давсны орд газар Болив улсад бий. Салар де Уюни гэдэг уг газар нь нийт 10,582 хавтгай дөрвөлжин километр газар нутгийг бүрхдэг ба дэлхийн литийн нөөцийн 50-70 хувийг бүрдүүлдэг. Мөн Болив улсад зөвхөн давсаар баригдсан “Давсны ордон” гэх нэртэй зочид буудал байдаг. Ор, ширээ, сандал гээд бүх зүйл нь давснаас бүтсэн.
БАРИМТ 19
Болив улсад хамгийн өндөр түвшинд хөгжсөн алдартай спорт бол хөлбөмбөг. Болив улсын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг нь ДАШТ-д нийт гурван удаа оролцож байсан бөгөөд хэсгийн шатнаасаа цааш шалгарч үзээгүй. Мөн энэ онд зохион байгуулагдах ДАШТ-ий эрхийг авах бараг л боломжгүй болоод байгаа билээ.
БАРИМТ 20
Болив улс дахь нийт замуудын дөнгөж 11 хувь нь засмал зам байдаг ба Болив улсын ажиллах хүчний тэн хагас нь хөдөө аж ахуйн салбарт хөдөлмөр эрхэлдэг. Мөн 5-18 насны бүх хүүхдүүд сургуульд сурах зайлшгүй шаардлагатай. Тэд 13 жилийн турш сургуульд суралцан бүрэн дунд боловсрол эзэмшдэг бөгөөд эрүүл мэндийн шалтгааныг эс тооцвол анги завсардахыг хориглодог.
БАРИМТ 21
Боливчууд үнэнч шударга байдлыг эрхэмлэдэг. Сайхан сэтгэл, эелдэг байдал, бусдын сайн сайхны төлөө чин сэтгэлээсээ санаа тавих зэрэг нь боливчуудын нөхөрлөлийн гол түлхүүр нь юм. Мөн Болив улсад гэр бүлийн холбоо маш чухал тул хөдөө тосгонуудад хэдэн үеэрээ хамтдаа нэг гэрт амьдрах нь энгийн үзэгдэл. Эрчүүд гэр бүлээ тэжээдэг бол эмэгтэйчүүд гэр орны ажлыг хариуцдаг.
БАРИМТ 22
Боливчууд маш найрсаг тул найз нөхдийнхөө гэрээр тогтмол зочилдог. Урьдчилж хэлэлгүйгээр айлд зочлох явдал ч элбэг тохиолддог. Зочныг гар хоосон буцаадаггүй бөгөөд зочин ч айлд очихдоо гар хоосон очдоггүй. Бэлэг солилцох нь боливчуудын соёлын нэгэн чухал хэсэг.
БАРИМТ 23
Радио бол Болив улсын (ялангуяа хөдөө нутагт) хамгийн чухал мэдээллийн эх үүсвэр. Болив гэх нэр нь Симон Боливор гэх Венесуэл хүний нэрнээс үүсэлтэй. Симон Боливор бол Болив улсын тусгаар тогтнолын төлөөх тэмцлийг манлайлан удирдсан тус улсын түүхэнд үнэтэй хувь нэмэр оруулсан нэгэн.
БАРИМТ 24
Боливын үндэсний хувцасыг “Поллерас” хэмээн нэрлэдэг бөгөөд олон давхар банзал болон өнгөлөг алчуураас бүрддэг. Энэхүү хувцасыг Испанийн албан тушаалтнуудын улсынхаа иргэдэд хүчээр өмсгөдөг байсан. Үүнээс гадна “Манта” гэх үндэсний ороолт Болив улсад бий. Энэхүү ороолтыг поллерасын хамт нэмэлт чимэглэл болгон зүүдэг бөгөөд хүүхэд эх барихад мөн хэрэглэдэг.