БАРИМТ 1
Катар улс нь Персийн буланд байрладаг Баруун Азийн орон. Зөвхөн Саудын Араб улстай хиллэдэг бөгөөд үлдсэн хэсэг нь Энэтхэгийн далайн Персийн булан дахь хэсэгтэй хиллэдэг. Катар улсын газар нутгийн талбай нь 11,581 хавтгай дөрвөлжин хавтгай бөгөөд уг хэмжээгээрээ дэлхийд 158 дугаарт жагсдаг.
БАРИМТ 2
Катар улс нь 2.8 сая хүн амтай ба тэдний 40 хувь нь Араб, 18 хувь нь Пакистан, 18 хувь нь Энэтхэг, 10 хувь нь Иран гаралтай хүмүүс байдаг. Мөн улсын албан ёсны шашин нь исламын шашин. Нийт хүн амын 65.5 хувь нь исламын шашинтай бол 15.1 хувь нь хинди, 14.2 хувь нь христийн шашныг тус тус шүтдэг.
БАРИМТ 3
Улсын нийслэл нь Доха. Хүн амын 80 хувь нь уг хотод амьдардаг. Катар улс нь эдийн засгийн хувьд маш өндөр орлоготой дэлхийн хамгийн баян улсуудын нэг юм. Дэлхийд байгалийн хий болон газрын тосны нөөцөөрөө тэргүүлдэг Катар улс нь дэлхийн хамгийн том шингэрүүлсэн байгалийн хийн экспортлогч орон.
БАРИМТ 4
Нэгдмэл парламентын хагас үндсэн хуульт хаант засаглал болон нэгдмэл үнэмлэхүй хаант засаглалтай Катар улсын одоогийн хаан нь Тамим бин Хамад Аль Танин бол ерөнхий сайдыг нь Халид бин Халифа гэдэг. Катар улс 1971 оны есдүгээр сарын нэгэнд тусгаар тогтнолоо зарласан бол хоёр хоногийн дараа буюу гурванд Их Британи улсаас албан ёсоор өрх тусгаарласан.
БАРИМТ 5
Катар улс нь сүүлийн жилүүдэд шинэ дэд бүтцэд зориулан 30 тэрбум ам.долларыг зарцуулсан бөгөөд хэд хэдэн шинэ хот, хурдны зам, шинэ боомт зэргийг байгуулах ажлууд багтсан. Катар улсын Хамад олон улсын нисэх онгоцны буудал нь 2014 онд үүд хаалгаа нээсэн ба дэлхийн ес дэх том онгоцны буудал юм. Жилд 50 сая хүн уг онгоцны буудлаар үйлчлүүлэх боломжтой.
БАРИМТ 6
Катар улс 2022 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулна. Дэлхий даяар хамгийн их үзэгчтэй уг спортын арга хэмжээг улсынхаа халуун уур амьсгалаас болж өвөл зохиохоор болсон. Мөн Катар улс нь хөлбөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулах анхны Арабын мөн исламын шашинтай улс болж байгаа юм. Катар улс 2030 оны Азийн наадмыг мөн зохиох эрхээ авсан.
БАРИМТ 7
Хөлбөмбөгөөс гадна усанд сэлэлт, сагсанбөмбөг, гандбол, гольф, хөнгөн атлетик крикет, усан поло гэх зэрэг спортууд Катар улсад нэлээд алдартай. Катарын 3х3 сагсанбөмбөгийн шигшээ баг 2014 оны ДАШТ-д түрүүлж байсан удаатай. Мөн 2020 оны Токиогийн олимпын эрэгтэйчүүдийн өндрийн харайлтын төрөлд Катар улсын тамирчин Мутаз Эсса Баршим нь алтан медалийг Италийн тамирчинтай хувааж хүртсэн нь тус олимпын онцлох мөчүүдийн нэгээр тодорсон.
БАРИМТ 8
Катар улсын төрийн далбаа нь цагаан болон хүрэн улаан өнгөнүүдээс бүрддэг. Уг далбаа нь 1971 оны долдугаар сарын 9-нд албан ёсоор ашиглагдаж эхэлсэн бөгөөд цагаан өнгө нь энх тайван байдлыг, хүрэн улаан өнгө нь XIX зууны хоёрдугаар хагаст Катар улсад өрнөсөн дайнуудын үеэр урссан цусыг бэлгэддэг. Мөн дайчдын цуснаас гадна Аль Хорал арал дээрх нил ягаан өнгийн будгийн үйлдвэрлэлийг төлөөлдөг. Бас уг далбааны урт нь өндрөөсөө хоёр дахин урт.
БАРИМТ 9
Катар улс бол дэлхийн хамгийн аюулгүй орон. Катар улсын иргэд эд хөрөнгийнхөө хэмжээгээр дэлхийд хоёрдугаар байранд жагсдаг тул тус улсад гэмт хэрэг бараг гардаггүй. Гэмт хэргийн индексийн тоо баримтыг ашиглан дэлхийн хамгийн тайван улсуудын жагсаалтыг гаргахад 2017, болон 2019 онуудад Катар улс тэргүүлсэн бөгөөд 2020 онд дэлхийд гуравдугаар байранд эрэмбэлэгдсэн. Энэхүү үзүүлэлт нь олон тооны жуулчдыг Катар улс руу татдаг.
БАРИМТ 10
Катар улсын үндэсний хоолыг махбус гэдэг. Энэхүү хоолыг будаа, мах, сонгино, болон улаан лоолийг амтлагчтай хольж бэлтгэдэг. Махбус нь Катар улсын иргэд болон жуулчдын дунд маш алдартай тул ихэнх айл өрх болон ресторанууд уг хоолыг бэлтгэдэг. Тиймээс Катар улсад очвол заавал махбус амталж үзэхийг танд зөвлөж байна.
БАРИМТ 11
Катар эйрвейз бол дэлхийн хамгийн шилдэг агаарын тээврийн компани. Дотоодын болон дэлхийн долоон тив рүү шууд нислэг үйлддэг уг компани нь зургаан жил дараалан дэлхийн хамгийн тав тухтай, аюулгүй, шилдэг компаниар шалгараад байна. Мөн уг компани нь 16 цаг 30 минутын турш Доха болон Окленд хотуудын хооронд нисдэг дэлхийн хамгийн удаан хугацаанд үргэлжилдэг нислэгийг үйлддэг.
БАРИМТ 12
Катар улсын албан ёсны хэл нь араб хэл. Гэхдээ олон төрлийн үндэстний хүмүүс амьдардаг ихэнх иргэд нь англи хэлээр чөлөөтэй ярьцгаадаг. Катар улсын газар нутгийн ихэнх хэсэг нь элсэн цөл бөгөөд Мальдив улсын араас орох дэлхийн хамгийн нам дор бүсэд оршдог улс юм. Катар улсын хамгийн өндөрлөг цэг нь далайн түвшнээс дээш дөнгөж 103 метрт оршдог.
БАРИМТ 13
Катар улс нь дэлхий дээрх ой модгүй дөрвөн улсын нэг юм. Катар улсын хүн амын хүйсийн харьцаа нэлээд ялгаатай. Нэг эмэгтэй хүн бүрд гурван эрэгтэй оногддог бөгөөд энэ нь олон тооны эрэгтэй хүмүүс гадаадаас Катар улсад очин суурьшсантай холбоотой. Мөн Катар улсад жилд хамгийн ихдээ 10 өдөр л бороотой байдаг.
БАРИМТ 14
Тус улсад бүртгэгдсэн хамгийн өндөр температур нь Цельсийн нэмэх 50.4 хэм бол дундаж темпертур нь Цельсийн нэмэх 43 хэм байдаг гэнэ. Ийм учраас Катар улсын хүн ам бараг тэр чигтээ хот суурин газар амьдардаг. Мөн Катар улс ижил хүйстнүүдийг хуулийн дагуу эсэргүүцдэг бөгөөд тэдэнд гурван жил хүртэлх хугацаагаар шоронд хоригдох шийтгэлийг оногдуулдаг.
БАРИМТ 15
Арабын орикс буюу нэгэн төрлийн цагаан зээр нь Катар улсын үндэсний бэлгэдэл болсон амьтан. Хэрэв та 2006 оны Катар улсад зохиогдсон Азийн наадмын маскот болон Катар эйрвейз компаны логог ажиглавал арабын орикс харагдана. Энэхүү амьтан нь 1970 оны үед амьтны хүрээлэн болон байгаль хамгаалагчдын ачаар устан үгүй болох аюулаас аврагдсан.
БАРИМТ 16
Түлшний үнэ Катар улсад маш хямд. Газрын тос болон байгалийн хийгээр баяжсан уг орон нь түлшний үнийг (нэг литр нь 0.5 доллар) эх орондоо хямд байлгахаас өөр арга үгүй. Катар улсад машиныхаа түлшийг дүүргэх нь кофе-шофоос цөөн тооны кофе захиалахаас хямд тусдаг гэнэ. Мөн тэмээний уралдаан Катар улсад маш алдартай. Гэвч 2004 онд хүүхдүүдийг тэмээ унаж уралдахыг хориглосноор унаач роботыг ашиглах болсон.
БАРИМТ 17
Катар улсад ямар нэгэн цэнгэг устай нуур болон гүний усны нөөц байхгүй. Тиймээс далайн усыг ууршуулж давсыг салган авч ус цэвэршүүлдэг үйлдвэрүүд Катар улсын ундны усны хэрэглээг хангадаг. Мөн исламын орон тул Катар улсын амралтын өдрүүд нь баасан бол бямба гарагууд юм. Исламын шашин Катар улсад манай эриний 628 оноос хойш хүчтэй дэлгэрсэн.
БАРИМТ 18
Катар улсын анхны сургууль 1949 онд байгуулагдсан. Тус улсын хүүхдүүд 6-16 насны хооронд бүрэн дунд боловсролыг эзэмшдэг бөгөөд хүүхэд өөрөө хүсвэл сургуульд суралцахгүй байх ч боломжтой гэнэ. Катар улсын иргэдийн бичиг үсэг тайлагдсан байдал нь 2012 онд эрэгтэйчүүдийн хувьд 3.1 хувь, эмэгтэйчүүдийн хувьд 4.2 хувь байсан. Улмаар уг хувийг өсгөхийн тулд олон арга хэмжээг авснаар 2017 оны байдлаар иргэдийн 93.46 хувь нь бичиг үсэг тайлагдсан. Гэвч Катар улсын боловсролын чанар дэлхийд доогуур үнэлэгддэг хэвээр.
БАРИМТ 19
Катарчууд шонхор шувуунд донтсон гэхэд буруудахгүй. Тэд уг шувууг зэрлэг байгалиас барьж аван тэжээвэр амьтны хувиар тэжээдэг бөгөөд шонхор шувуудын тэмцээнд оролцуулж хоорондоо өрсөлдөх дуртай. Мөн зөвхөн шонхор шувууны эд хэрэглэлийг зардаг олон тооны дэлгүүр Катар улсад байдаг.
БАРИМТ 20
Газрын тос болон байгалийн хийн агуу их нөөцтэй гэдгээ олж мэдэхээс нь өмнө Катар улсын ихэнх орлогыг сувд бүрдүүлдэг байв. Катар улсын далайн эргээс их хэмжээний далайн сувд олддог байсан. Түүхийнхээ энэхүү цаг үедээ хүндэтгэл үзүүлж сувд олборлодог байсан бүс нутаг дээрээ хиймэл арлуудыг байгуулсан бөгөөд “Сувд” хэмээн нэрлэсэн. Энэхүү холбоотой арлууд нь жуулчдыг төвлөрүүлдэг газруудын нэг.
БАРИМТ 21
Катар эмэгтэйчүүд уламжлал ёсоор “Абая” гэх хар урт нөмрөгийг даашинзны гадуур нөмөрдөг. Харин эрчүүдийн хувьд “Тауб” гэх цагаан өнгийн урт цамцыг даавуун өмдтэй хослуулан өмсдөг. Уламжлалын дагуу эрчүүд толгойн алчуурыг хослуулдаг бөгөөд уг хувцас нь үргэлж цэвэр ариун байх ёстой. Мөн гадаадын аялагчид олон нийтийн газраар богино өмд эсвэл майк гэх мэт биеэ ил гаргасан хувцас өмсөж болохгүй. Мөн Катарын бизнес эрхлэгчид болон улс төрчид орчин үеийн албаны хослолыг маш ховор өмсдөг.
БАРИМТ 22
Катарын эрүүл мэндийн яам 2020 онд уламжлалт шиша болох утаа сордог хэрэгслийг олон нийтийн газар ашиглахыг хориглосон. 2021 оны аравдугаар сарын 22-д Катар улс түүхэн дэх анхныхаа зөвлөлдөх ассамблейн сонгуулиа зохион байгуулсан. Уг сонгуулийн 284 нэр дэвшигчдийн 29 нь эмэгтэйчүүд байсан хэдий ч тэдний нэг нь ч ялалт байгуулаагүй.
БАРИМТ 23
Катар улсын эзэн хааны тухай сонирхолтой баримтуудыг дэлгэхэд тэрээр аавынхаа эхний сонголт биш байсан бөгөөд түүний ах хаан ширээнээс татгалзсаны дараа 2013 онд Катар улсын 11 дэх хаанаар өргөмжлөгдсөн. Тэрээр спортод маш их хайртай нэгэн ба Францын алдарт Парис Сен-Жермэйн клубыг эзэмшдэг.
БАРИМТ 24
Мөн англи болон франц хэлээр чөлөөтэй ярьдаг. Түүний хувьд гурван эхнэр 13 хүүхэдтэй бөгөөд анхны эхнэр нь түүний үеэл байсан гэнэ. Мөн Арабын Нэгдсэн Эмират улсын төлөө ажилладаг Америк залуу 2019 онд түүний гар утсыг хакердаж олон төрлийн нууц мэдээллүүдийг хулгайлж байсан гэнэ.