П.Н Шастины нэрэмжит Улсын 3-р эмнэлэгийн ерөнхий мэс заслийн тасаг, Монголын цээжний хөндийн мэс заслын нийгэмлэг хамтран Цээжний хөндийн Юнипорт дурангийн мэс заслийн мастер класс сургалтыг зохион байгуулах гэж байна.
Энэхүү сургалтыг Испани улсын Доктор Диего Гонзалес Ривас удирдан явуулах юм байна. Доктор Гонзалес нь юнипортын хүрцээр уушгинд анатомийн тайралт хийх чадвараараа дэлхийд удирдах түвшний мэс засалч юм. Тэрээр өөрийн мэс заслын арга техник болон хийсэн мэс заслуудаараа энэ салбартаа тэргүүлэх зэргийн эмч бөгөөд 2017 онд 13.341 уушиг тайрах мэс заслын амжилттай хийсэн байна. Диего Гонзалес нь 3 жил дарааллан Испани улсын шилдэг эмчээр шалгарч байсан цорын ганц мэс засалч бөгөөд 2018 онд “Princess of Asturias award” нэр хүндтэй шагналд нэр дэвшин шалгарсан хамгийн залуу эмч юм.
Доктор Гонзалес өнөөдрийн байдлаар нийт 72 улсын 500 гаруй мэс засалчдад юнипортын цээжний хөндийн дурангийн мэс заслын сургалтыг амжилттай явуулсан. Тэр ч утгаараа энэхүү сургалтыг эх орондоо зохион байгуулж байгаа нь манай Улсын Эрүүл Мэндийн салбарт чухал ач холбогдолтой төдийгүй Манай улсын мэс заслын эмч нарын хувьд асар том туршлага, практик судалгаа болох юм. Сургалтын хүрээнд хийгдэх Цээжний хөндийн юнипорт дурангийн мэс засалыг доктор Диего Гонзалес өөрөө удирдан явуулах бөгөөөд мэс заслын эмч нарт нээлттэйгээр зохион байгуулагдах юм байна.
Цээжний хөндийн юнипорт дурангийн мэс заслын мастер класс сургалт 2019 оны 07 сарын 28 нд П.Н Шастины нэрэмжит Улсын 3-р эмнэлэгт зохион байгуулагдах юм байна.
С.Сүлд