Сүүлийн үед эрүүл мэндийн салбарт нэгэн дуулиан дэгдээд байгаа нь Дархан аварга Г.Өсөхбаярын эхнэр Б.Нарантуяагийн албан тушаал. Хэд хоногийн өмнө Б.Нарантуяаг авлига авсан гэх үндэслэлээр цагдан хоригдсон гэх мэдээлэл тархсан ч тэрбээр үгүйсгэсэн. Тэгвэл уг асуудал өнөөдөр УИХ дээр яригдлаа. УИХ-ын гишүүн Архангай аймгийн “Бөхбилэгт” дэмжээний тэргүүн Ж.Мөнхбат эрүүл мэндийн салбарынхан Г.Өсөхбаярын эхнэр Б.Нарантуяагаас уучлалт гуйх ёстой гэсэн бол Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл түүнийг албан тушаалаас нь чөлөөлнө гэлээ. Ингээд тэдний байр суурийг 24VS24 буландаа онцолж байна.
Ж.Мөнхбат: Г.Өсөхбаярын эхнэр Б.Нарантуяагаас уучлалт гуйх ёстой
УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат “Засгийн газар эрүүл мэнд, боловсролын стандартыг маш өндөр түвшинд батлаж байх хэрэгтэй. Нийгэм хамгийн их стандарт шаарддаг гол салбарууд шүү дээ. Хоёрдугаарт, Засгийн газар стандартыг батлахын зэрэгцээ салбарын сайдуудад стандарт, хэм хэмжээ, зарчим, ёс суртахууныг барих, түүнийгээ мөрдөж ажиллах стандартыг гаргах хэрэгтэй гэж бодож байна. Сая эрүүл мэндийн салбарт инээдтэй ч юм шиг, гунигтай ч юм шиг зүйл боллоо. Ажлаа хийж яваа хүнийг ажлыг нь авахын тулд шоронд орсон гэдэг худал мэдээллийг зохион байгуулалттайгаар тараалаа. “Дархан аварга Г.Өсөхбаярын эхнэр Эрүүл мэндийн Хөгжлийн газрын дарга Б.Нарантуяа шоронд оржээ” гэж гүтгэн нэр хүндэд нь халдлаа.
Зорилго нь юу вэ гэхээр тухайн хүний ажлыг нь авах санаархал цаана нь яваад байгаа юм. Үүний ард гүтгүүлсэн хүний нэр хүнд, гэр бүл цаашлаад тухайн байгууллага, салбарын нэр хүнд давхар унаж, хохирч байна. Цаашдаа Монгол Улсын Засгийн газар иймэрхүү увайгүй, зарчимгүй явдлыг таслан зогсоож, зохион байгуулалттайгаар ийм ажил хийж байгаа нөхдүүдтэй хариуцлага тооцдог стандартыг нэвтрүүлж, оруулж ирэх ёстой.
Энэ ажиллагааг зохион байгуулсан хүмүүс Дархан аварга Г.Өсөхбаяр аваргын эхнэрээс албан ёсоор уучлалт гуйх ёстой. Би Архангай аймгийн “Бөхбилэгт” дэмжээний тэргүүний хувьд үүнийг хариуцлагатайгаар хэлмээр байна. Цаашдаа ёсзүйн стандартын код гэдгийг Засгийн газар улс төрийн албан тушаалын чиг баримжаандаа оруулж ирэх хэрэгтэй. Энэ асуудлыг Ерөнхий сайд, ЗГХЭГ-ын дарга нар анхааралдаа авах хэрэгтэй. Салбарын яамыг удирдаж байгаа хүмүүс төрийн албанд мөрөөрөө ажиллаж байгаа нэгнийхээ ажлыг булааж авахын тулд шоронд орлоо гэх гүтгэлгийн шинж чанартай мэдээлэл тарааж ажиллаж болохгүй. Хэрвээ асуудал ийм дээрээ тулбал УИХ дээр жинхэнэ стандарт ярина шүү” гэв. |
Б.Сарангэрэл: Б.Нарантуяаг албан тушаалаас нь чөлөөлнө
Эрүүл мэндийн сайд Б.Сарангэрэл “Сүүлийн үед манай эрүүл мэндийн салбартай холбоотой хоёр асуудал хэвлэлээр хөндөгдөж байна. Уг нь өнөөдөр нэг хүний албан тушаал ярьж байхын оронд дэгдээд байгаа томуу, эмнэлгийн орны асуудал яривал сайн юмсан. Харамсалтай нь УИХ –ын чуулганы танхимаас олон нийтэд буруу ойлголт өгөх хэмжээний мэдээлэл гарлаа. Эрүүл мэндийн хөгжлийн төвийн даргын албан тушаал надад хэрэггүй. Би УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайдын ажилдаа сэтгэл хангалуун байгаа. Сүүлийн үед хэвлэлээр Б.Нарантуяа гэдэг түр орлон гүйцэтгэгчийн талаарх мэдээлэл их гарч байна. Ярихад ичгэвтэр боловч өнгөрсөн Засгийн газрын үед энэ газрын даргын ажлыг Б.Нарантуяа булааж авсан юм байна лээ. Тэр дарга нь асуудал тавьж, сонин хэвлэлээр бичүүлж байна гэсэн яриа гарсан байна.
Эрүүл мэндийн салбартай холбоотой асуудал учраас би газрын даргатаа энэ асуудлыг тодруулах үүрэг өгсөн. Б.Нарантуяа Эрүүл мэндийн хөгжлийн төвийн даргын суудлыг авахдаа өмнөх даргыг нь дэд дарга болгоно гэчихээд тавиагүйгээс болоод өш зангидаад байна гэдэг мэдээллийг өгсөн байсан. Би тэр Б.Нарантуяагийн шоронд орсон эсэх асуудлыг мэдэхгүй.
Эрүүл мэндийн хөгжлийн төв нь яамны Төрийн захиргаа, удирдлагын газарт харьяалагддаг. Гэхдээ сургалтаа зохион байгуулж чадахгүй, гадаад руу явах эмчээр өөрийн хамаатан саднаа явуулсан, резидентийн шалгалтад тэнцсэн хүмүүсийг хойш нь ухрааж, тэнцээгүй хүмүүсийг оронд нь оруулсан гэх зэрэг нэлээд хэдэн асуудал байна. Эрүүл мэндийн яаманд үүнтэй холбоотой 100 гаруй гомдол ирсэн. Тиймээс Эрүүл мэндийн хөгжлийн төвийн даргыг түр орлон гүйцэтгэж байгаа Б.Нарантуяаг албан тушаалаас нь чөлөөлөх нөхцөл бүрдсэн гэж үзэж байгаа. Чөлөөлнө” гэлээ. |
24tsag.mn
Сэтгэгдэл (75)