Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцтай холбоотой асуудал нэг хэсэг олны анхаарлаас гарахгүй нь бололтой. ТЕГ-ын даргын албан тушаалаасаа өгч, улмаар БНСУ-д суух Элчин сайдаар томилогдохоор тохироо нь бүрдээд байгаа түүнийг тойрсон сайн, муу мэдээллүүд ар араасаа хөвөрсөөр байна. Б.Хурц өнгөрсөн даваа гарагт “Цензургүй яриа” нэвтрүүлэгт орж, олны анхаарал татсан сэдвийн хүрээнд “үнэнээ өчсөн”. Тэрбээр энэ үеэрээ өөртэй нь “дайн” зарлаад буй УИХ-ын гишүүн Ж.Батзандан, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж болоод Эрдэнэтийн 49 хувийн талаар нэлээд дэлгэрэнгүй ярьсан билээ. Харин Б.Хурцын тухайн үед өгүүлсэн өчгийг УИХ-ын гишүүн Ж.Батзандан өчигдөр үгүйсгэж мэдээлэл хийв. Тэрбээр “Цензуртэй байгууллагын даргаар ажиллаж байсан хүн “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцохдоо хэд хэдэн ноцтой зүйл ярьж худлаа гүтгэлэг тараасан” хэмээн мэдэгдсэн юм. Ингээд тэдний байр суурийг “24 VS 24” буландаа онцолж байна.
Б.Хурц: "Но"-той гишүүд л миний өмнөөс орилоод байгаа юм
ТЕГ-ын дарга асан Б.Хурц цензургүй яриа нэвтрүүлэгт орох үеэрээ "Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хурлын дараа Д.Эрдэнэбатын өрөөнд Лу.Болд бид гурав сууж байсан чинь Ж.Батзандан ороод ирсэн. Намайг харангуутаа үсэрч цочоод хажууд суугаад миний гуя руу цохиод “Юу байна аа” гэсэн. Би “Юу байдаг юм. Чи юу гээд балайраад байгаа юм” гэсэн. Тэгсэн урдаас PR шдээ гэж байна. Дарваганаад байгаарай ална шүү гэсэн, үнэн. Батзандан өөрөө намайг ална гэснээ яагаад хэлэхгүй байгаа юм. Эр хүмүүсийн хооронд болсон л хэрүүл. Тэрийг нь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, Лу.Болд хоёр сонссон. Өөрөөс нь асуугаарай.
Но-той хүмүүс л нууцтай болохоос. Хууль бус юм хийж байсан гурван гишүүн л орилоод байгаа. Хиймлээр намайг муухай харагдуулаад байгаа юм. Өөр хийх ажил байхгүй биш дээ. Ж.Батзандан гишүүний Төрийн өмчийн хороонд байсан нэг ах, Төрийн нарийн бичгийн дарга байсан нэг ах АТГ-т шалгагдсан. Ийм ашиг сонирхлын зөрчилтэй учраас л над руу дайраад байхгүй юу.
Би хэнийг ч дарамтлаагүй. Уучлаарай, энэ ардчилсан улсад маньд дарамтлуулах гишүүн байх уу. Миний үгэнд орох гишүүн байх уу. Би хүн дарамтлах тийм айхтар амьтан мөн үү. Батзандан бол яах вэ, өөрөө хэдэн жилийн дараа ичих байх. Яах гэж энэ Ц.Нямдоржийн галын хайч болоод байгаа юм. Залуу хүн байж болих хэрэгтэй. Ц.Нямдорж эд нар 14 хоногийн дараа С.Зоригийн хэргийн захиалагчийг зарлаж чадахгүй, баталгаатай. 49 яах вэ, тэр 51 хувийг нь шалгаач ээ гэж С.Эрдэнэ гишүүн зөв юм хэлээд байгаа юм.
Төр л намайг Элчин сайдаар явуулж байгаа болохоос би өөрөө явж байгаа юм биш. Төр намайг боль гэвэл больчихно. Төр намайг яв гэсэн. Би ажиллая, бүтээе гэсэн. Би төрөө хүндэлж амьдардаг. 1999 оноос хойш ажилласан. Тэр өдрийн Засгийн газрын хуралдаанаар БНСУ-д суух Элчин сайдаар томилох тул ТЕГ-ын даргаас нь чөлөөл гэсэн шийдвэр гарсан. Тэрнээс намайг тагнуулаас чөлөөлсний дараа Солонгост томилоогүй. Ерөнхий сайд намайг “Өөр газар толгойгоо сэргээгээд, стрессгүй ажилла. Монголоо төлөөл” гэсэн" хэмээв. |
Ж.Батзандан: Б.Хурц худал гүтгэлэг тарааж байна
Б.Хурцын нэврүүлгийн дараа Ж.Батзандан хийсэн мэдэгдэлдээ "Цензуртэй байгууллагын даргаар ажиллаж байсан хүн “Цензургүй яриа” нэвтрүүлэгт оролцохдоо хэд хэдэн ноцтой зүйл ярьж худлаа гүтгэлэг тараасан. Ямар гүтгэлэг тараасан бэ гэхээр, “Ж.Батзандангийн нэг ах нь Болгар руу таван сая ам.доллар шилжүүлсэн асуудлаар шалгагдаж байсан” гэсэн. Би тухай баримтыг өчигдөр бүтэн өдөр хайлаа. А.Гансүх гэдэг хүнийг сайд, Б.Батзаяа гэдэг хүнийг төрийн нарийн бичгийн дарга байхад Зам, тээврийн яамнаас 4.5 тэрбум төгрөгийн захиалга Болгар руу хийж байсан юм байна. Миний ах тэр зүйлд оролцоогүй байна. Гарын үсэг нь алга. Би энэ баримтыг гаргаж тавина. Өнгөрсөн жил “Эрдэнэт”-ийн 49 хувийн асуудал сөхөгдөж, Б.Хурц Төрийн ордноор гүйж “Та дуугүй байгаач, Ц.Нямдоржоос хол байгаач” гэж гуйж байхдаа миний ахыг Болгар руу мөнгө шилжүүлсэн гэдэг асуудлаар АТГ дээр бүтэн өдөр суулгасан юм байна. Өөрөөр хэлбэл, Ж.Батзандангийн дуу хоолойг хорих зорилгоор Б.Хурц ийм зүйл зохион байгуулж байсан нь тодорхой болсон. Бас “Төрийн өмчийн хороонд ажиллаж байсан нэг ах нь цагдаагаас нэг өрөө байр дээрэмдэж авсан” гэж ярьсан. 1990-ээд оны үеэд Төрийн өмчийн хороонд миний нэг ах ажиллаж байсан. Цагдаа дээр ийм хэрэг байхгүй байна. Үүнтэй холбоотойгоор би Төрийн өмчийн хороо, ЦЕГ-аас тайлбар мэдээлэл авч байна. Ж.Батзанданг бөлдөгдчихсөн гэж ярьж байгаа нь энэ бололтой. Генерал Б.Хурц хувийн архивтаа улстөрчидтэй холбоотой материал цуглуулчихсан. Түүнийг БНСУ явахдаа аваад явах гээд байна. Харин би “Энэ бүх баримтаа АТГ, прокурор, ЦЕГ руу шилжүүл” гэж шаардаж байгаа.
Д.Эрдэнэбат даргын өрөөнд юу болсон талаар Б.Хурц бас худал мэдээлэл тараасан. Миний амнаас ална тална гэдэг үг хэзээ ч гарч байгаагүй, гарахгүй. Үүнийг Л.Болд, Д.Эрдэнэбат гэдэг хоёр хүн мэдэж байгаа. Гэтэл “Ж.Батзандан ална гэхээр нь би зөрүүлээд ална гээд хэлчихсэн ш дээ” гэсэн. Хөөрхөн цагаан нүдний шил зүүчихээд, хар цүнх барьчихаад жүжиг тоглож байна. Энэ жүжигчнийг нээлттэй сонсгол дээр дуудаж баримтыг нь гаргаж тавина. Нийтийн албан тушаалтныг заналхийлэх гэж Эрүүгийн хуулийн зүйл анги байдаг. Үүний дагуу би Б.Хурцыг цагдаад өгчихсөн байгаа. АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат Б.Хурцтай эвлэрхийг Л.Болд бид хоёрт тулгасан. “Б.Хурц 2020 онд манай намаас нэр дэвших гэж байгаа. Энэ хүнийг дэмж” гэсэн шаардлага тавьсан. Би зөрүүлээд Б.Хурцаас нэг л зүйл хүссэн. “Чи тэр бөлдөгнүүдээ гаргаж тавь. Гэмт хэргийн шинжтэй нууц материалуудаа ил болго. Чи улстөрч, бизнес эрхлэгчдийг айлган сүрдүүлдгээ боль. Чамтай ярих юм байхгүй шүү” гэсэн.
Сандал дээр сууж байсан учраас нөхрийн ёсоор гуяан дээр нь гараа тавьж мэндчилсэн. Дараа нь бүлгийн дарга Д.Эрдэнэбат, Б.Хурц хоёр цагдаад өгөх мэдүүлгээ нэгтгэчихсэн байгаа. Д.Эрдэнэбатын ярьж байгаа зүйл бол ор үндэслэлгүй худлаа зүйл" гэв. |
Сэтгэгдэл (47)