-
2016 оны 11 сарын 19
2016 оны 11-р сарын 19-ний өдөр, 00:30 мин: Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан их хэмжээний цас орж, зам даваанд халтиргаа, гулгаа үүсч автотээврийн хэрэгсэл аюулгүй зорчих боломжгүй нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй эрсэдлээс урьдчилан сэргийлж Зам, тээврийн хөгжлийн сайдын 92 дугаар тушаалаар дараах чиглэлд автотээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлалаа. Үүнд:
-
2016 оны 11 сарын 18
Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн Мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Ц.Цэцэгдэлгэрэхийн ахалсан ажлын хэсэг Дорнод аймагт 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс ажиллаж эхэллээ.
-
2016 оны 11 сарын 18
Дорноговь аймгийн Айраг суманд шинээр байгуулагдсан Олон улсын болон улсын чанартай А0102 дугаартай авто замаар зорчиж буй тээврийн хэрэгслээс зам ашигласны төлбөр хураамж авахаар болжээ. Тус ”Айраг Төлбөр авах цэг”-ийг энэ оны 11-р сарын 17-ны өдөр үйл ажиллагааг нь эхлүүлж, байнгын ашиглалтад оруулсан байна.
-
2016 оны 11 сарын 18
Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам хэдхэн мөчийн өмнө Монгол Улсад ирлээ.
-
2016 оны 11 сарын 18
Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас “Entreprenuer 2016” талаар болон ханшийн алдагдалтай холбогдуулан уриалга гаргаж буй талаараа мэдээлэл хийлээ.
-
2016 оны 11 сарын 18
Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах, нийслэл дэх газар өмчлөлийн ажлыг эрчимжүүлэх зорилгоор Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 10/39 дүгээр тогтоолоор 2014, 2015, 2016 онуудад Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Сүхбаатар, Налайх, Багануур, Багахангай дүүргүүдэд нийтдээ 5 удаа, нийслэлийн Засаг даргын 9 удаагийн захирамжаар 69836 иргэнд цахим хэлбэрээр газар өмчлүүлэх ажлыг зохион байгуулж, нэгж талбарыг баталгаажуулан кадастрын зургийн нэгж талбарыг газрын мэдээллийн санд бүpтгэж ажилласан.
-
2016 оны 11 сарын 18
Өнгөрсөн оройноос буюу 11 дүгээр сарын 17-ны оройн 20 цагаас эхлэн орсон цас өнөөдөр үргэлжлэн орсоор байна. Улаанбаатар хотод сүүлийн жилүүдэд үзэгдээгүй их хэмжээний цас орж байгаа юм. Өнгөрсөн шөнө орсон цасны зузаан гэхэд зарим газраа 20 см-т хүрчээ. Үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нийслэлчүүдэд хандан уриалга гаргалаа.
Тэрээр “Өчигдөр шөнөөс эхлэн орсон цас байгалийн давагдашгүй хүчин зүйлийг бий болгож байна. Улаанбаатар хотын зүгээс өнгөрсөн хугацаанд орсон цаснуудын үеэр өөрсдийн бүх нөөц бололцоог дайчлан ажилласан. Нэг харьцуулалт хэлье. Өнгөрсөн онд нийт өвлийн турш 13 удаа цас орсон байхад энэ өвөл эхлээд нэг сар хүрэхгүй хугацаанд 13 удаа цас орчихоод байна. Сар хүрэхгүй хугацаанд өнгөрсөн жилийн давтамжаа давчихсан байгаа юм. Давтамжаасаа гадна хэмжээ нь их байна. Цаг уурын байгууллагаас цаашид ч цас үргэлжлэн орох мэдээлэл өгч байгаа учраас төр захиргааны байгууллага, хувийн хэвшил, иргэд бүгд бэлэн байдалд байх шаардлагатай байна. Өнгөрсөн шөнийн 00 цагаас эхлэн хотын хувьд өндөржүүлсэн байдалд ажиллалаа. Хот тохижилтын газраас 116 гудамжинд 149 хүн 41 машинтайгаар ажилласан. Дүүргийн ТҮК-ууд 109 гудамжинд, Улаанбаатар авто зам арчлалтын компанийн ажилчид мөн ажиллалаа. Энэ хугацаанд 140 тонн давс, бодис цацсан байна. Өглөөний 6 цагаас хойш зам талбайн үйлчлэгчид ажиллаж байна.
Маргааш буюу 19-ний бямба гарагт Улаанбаатар хотын төр захиргааны болон төрийн үйлчилгээний бүх байгууллага ажиллана. Эдгээр байгууллагууд нийтийн цас цэвэрлэгээнд ажиллахаар төлөвлөж байна. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж байгууллагуудыг энэхүү уриалгад нэгдэж, гудамж талбайн цас мөсийг цэвэрлэх ажилд идэвхтэй оролцохыг уриалж байна.” гэлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2016 оны 11 сарын 18
Багахангай дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2009 оны 63, 2012 оны 61 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах, дүүргийн Тохижилт, худалдаа үйлчилгээний хэлтсээс хуваарилсан 1, 2 дугаар хорооны нийтийн эзэмшлийн зам талбайн авто зам болон явган хүний замын цас, мөсний цэвэрлэгээнд аж ахуйн нэгж, байгууллагууд ажилтан, албан хаагчдаа идэвхтэй сайн оролцуулж ажиллаж байна.
-
2016 оны 11 сарын 18
Авто Тээврийн Үндэсний Төвөөс цаг агаарын нөхцөл байдалтай холбогдуулан улсын чанартай замуудын хөдөлгөөн хэрхэн үргэлжилж байгааг мэдээллээ.
-
2016 оны 11 сарын 18
“Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийг хэлэлцэж байна
-
2016 оны 11 сарын 18
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны болон орон тооны бус гишүүдийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж баталлаа.
-
2016 оны 11 сарын 18
Улсын аварга шалгаруулах тэмцээний хуваарийг баталжээ
-
2016 оны 11 сарын 18
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсээс санаачлан дүүргийнхээ нутаг дэвсгэрт Тамхины тухай хууль болон бусад хуулиудын хэрэгжилтийг шалгажээ.
-
2016 оны 11 сарын 18
XIV Далай лам өнөөдөр Монголд заларна. Ирээд X Богдыг тодруулах гэж байна гэж Монголын Бурхан шашинтны төвийнхөн өчигдөр мэдээлсэн. Эдүгээ 80 насыг зооглох гэж байгаа дээрхийн гэгээнтэн XIV Далай ламын айлчлалтай холбоотой олон таамаг, мэдээлэл бий.
Тухайлбал, түүнийг энэ удаа Монголд урих болсон шалтгаан нь X Богдыг тодруулах томоохон операц зохион байгуулагдах гэж байгаа тухай улс төрийн хүрээнийхэн шивэр авир ярьсаар удаж байгаа. Хэрэв X Богд тодорвол нэр нөлөө бүхий улс төрчдийн хүүхэд байж магадгүй талаар ч яригдах болов.
Харин Гандантэгчилэн хийдээс сүсэгтэн олны хүсэлтээр энэ удаа Далай ламыг залж байгаа талаар дуулгасан юм. Гандантэгчилэн хийдийн ирээдүйн залгамж халаа, боловсон хүчин болсон шавь нар урд шөнө үргэлжлэн орсон цасыг арилгахаас эхлээд лам нар, захиргааны хэлтэс дотроо хөл хөдөлгөөнтэй байв.
Захиргааны алба дотор байрлах олон нийттэй харилцах албаны өрөөнд лам нар завгүй сууцгааж мандат олгож байгаа харагдана. Мандатаа авах гэсэн лам нар тус өрөөний үүдэнд зогсож, зарим нэгнээсээ мандатаа авсан уу гэх зэрэг үг солин зөрөх аж.
Сонирхвол СТӨ-нд болох Далай ламын айлтгалд оролцох эрхийн мандат гэнэ. Мандатгүй лам нар уг айлтгалд оролцох эрхгүй учраас тэд ийнхүү мандат олгох, авах гээд толгой өндийх завгүй ажиллаж байгаа нь энэ юм.
Гандантэгчилэн хийдийн хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах албаны дарга Ж.Одгарьд “Түмэн ажилтай явна” гэдгээ дуулгаснаар түүнтэй хэдэн хором ярилцах боломж олдов. Ингээд түүнээс Далай ламын айлчлалтай холбоотой тодруулга авлаа.
- X Богдыг Монголд тодруулахаар Далай лам ирж байгаа гэсэн мэдээл байна. Энэ үнэн үү?
-Энэ талаар ямар ч мэдээл байхгүй тодорхойгүй байна. Тийм үйл явдал болохгүй байх гэж бодож байгаа.
-Далай ламыг залж байгаа нь ямар шалтгаантай вэ?
-Монголын ард түмэн, сүсэгтэн олны хүсэлтээр Гандантэгчилэн хийдээс олон удаа урьж байсан. Энэ удаа мөн ялгаагүй ард түмний хүсэлтээр урьж байна. Мөн хөдөө орон нутгийн сүм хийдүүдээс урилга явуулсанаар өнөөдөр Далай лам маань заларч байна шүү дээ.
-Гандантэгчилэн хийдээс ямар ямар ажлыг зохион байгуулж байна. Завгүй байгаа бололтой?
-Дөрвөн томоохон үйл ажиллагаа байгаа. Эхний үйл ажиллагаа бол 19-ны өдөр буюу маргааш Гандантэгчилэн хийдэд 09-15:00 цагт хурал номын ажиллагаа зохион байгуулж Далай лам заларна.
Хоёр дахь өдөр нь буюу энэ сарын 20-ны өдөр нийт сүсэгтэн олонтой уулзна. Гурав дахь өдөр шинжлэх ухаан ба шашин олон улсын эрдэм шинжилгээний хурал болно.
Энэ нь corporate зочид буудалд зохион байгуулна. Дараагийн өдөр нь СТӨ-нд оюутан залуустай уулзна гэлээ.
Харин Гандантэгчилэн хийдийг зорьсон иргэдийн хувьд Далай лам айлчилж байгаа талаар мэдээлэлгүй байв. Тэд Далай ламыг ирвэл баярлана, X Богдыг тодруулж байвал сайн хэрэг гэдэгт санал нэг байлаа.
Нэрээ хэлэхийг хүсээгүй иргэн “Далай лам ирж байгаа юмуу. Далай лам ирнэ гэдэг чинь их сайхан хэрэг шүү дээ. Үр хүүхэд, гэр бүлийнхээ хувь заяаг даатгаад айлдах номыг нь сонсоно гэдэг их сайхан шүү дээ. X Богд тодорвол сайн л байлгүй дээ. Монголынхоо нэрийг гаргаад түмэн олондоо тустай үйл хийгээд явж байвал сайн биз. Энд Далай ламыг ирнэ гэсэн ямар мэдээлэл алга, ховор байх шиг байна” гэлээ.
Далай ламын айлчлал энэ сарын 18-наас 22-ны хооронд дөрвөн өдөр болж өндөрлөх юм. Тэрбээр энэ хугацаанд “Их тэнгэр” цогцолборт байрлах аж.
-
2016 оны 11 сарын 18
Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Ханги боомтоор түүх, соёлын их хэмжээний үнэт дурсгал хилээр нэвтрүүлэхийг завдсан хэрэг гарчээ. Хэрэг энэ сарын 04-ний өдөр гарсан бөгөөд гэмт этгээдийг Сайншанд дахь гаалийн байцаагч нар илрүүлсэн байна.
-
2016 оны 11 сарын 18
“Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ 11 сарын 17-ны 21 цаг 30 минутад бодис цацахаар тоноглогдсон портер машин хоёр, шөнийн 01 цагт Зил-130 гурав, камаз долоо нийт 12 машин, 24 жолооч, инженер техникийн ажилтантайгаар хуваарьт 337 км замуудад цас хайлуулах бодис цацлаа.
Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү, Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан нар ажлын нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцсан бөгөөд Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөр, тус газрын дарга, орлогч дарга нар бүрэн бүрэлдэхүүнээрээ ажилласан байна.
Хуваарьт замууд буюу Яармагийн гүүр, Баянзүрхийн товчоо, 19-р хороолол, Хурд хорооллын урд, Нийслэл хүрээ өргөн чөлөө, Тасганы овоо, Шар хад, Энхтайваны өргөн чөлөө, Таван шараас Офицер хүртэл, Зурагтын уулзвар Баян хошуу, Хөтөл, Жанцан, Энхтайваны гүүр, Зайсан, Чингисийн өргөн чөлөө, Гадаад харилцааны яам, Их Монголын гудамж, Маршалын гүүр, Их тэнгэр, 32-н тойрог, Сансрын тунель өгсөх уруудах зам, Нарны зам, Халдвартын уулзвар, 4-р дэлгүүр, СУИС, Яармагаас Нисэх Сонсголонгийн гүүр, Монос, Нарны гүүр, Гэсэр сүм, Гандигийн гудамж, Дунд гол, Эрчим хүчний гудамж, Саппоро, Сөүлийн гудамж, БЗД, Нохойтой хөшөө, Богд уулын зам, ХАА-н уулзвар, Гурвалжингийн гүүр, Гэмтэл 25-с дээш өгсөх, Модны 2-с дээш өгсөх зам, Сапорогоос дээш өгсөх, Нэгдүгээр хорооллын арын зам, Замын Цагдаагийн урд, Төмөр замын призер, Соёолж, Баянмонгол хорооллын нүхэн гарц, Багшийн дээдийн уулзвар, 100-н айл, 17-н буудал, Долоон буудлын эцэс, Дарь эх, Дамба, Бэлх, Сэлх Дөлгөөн нуураас Их тэнгэр хүртэл, Хан-Уул дүүргийн уулзвар, ХАА-н уулзвар зэрэг хариуцдаг бүх уулзвар, уруу өгсүүр замуудад нийт 99 тн бодис, давс цацсан байна. Яг одоо Сүхбаатарын талбайд 9, гудамж талбайд 12 машин, явган хүний замын цасыг 350 гаруй хүн цэвэрлэж байна гэж Хот тохижилтын газраас мэдээллээ.
-
2016 оны 11 сарын 18
Цаг агаарын аюулт үзэгдэл үүсэх төлөвтэй байгаа тул Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат салбарын хэмжээнд энэ сарын 17-ноос 30-ны өдрийг дуустал аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах тухай тушаал гаргажээ.
-
2016 оны 11 сарын 18
УИХ-ын өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, гишүүдийн 83.7 хувийн саналаар төслийг анхны хэлэлцүүлгээр нь баталлаа.
-
2016 оны 11 сарын 18
Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалтын албаны дарга, ахлах комиссар Л.Сүх-Очироор ахлуулсан ажлын хэсэг 2016 оны 11 дүгээр сарын 17-18-ны өдрүүдэд Дорноговь аймгийн Замын-Үүд суманд ажиллаж байна.
-
2016 оны 11 сарын 18
Өвлийн улиралд халтиргаа гулгаа ихэсч осол гэмтлийн тохиолдол нэмэгдэж байгаа тул дараах зөвлөмжийг хүргэж байна.
Иргэн хүн:
1. Цас, мөсөн дээр халтирч унахаас болгоомжлон зөөлөн резинэн ултай эсвэл халтиргаанаас хамгаалсан ултай өвлийн гутал өмсөх
2. Осгож, хөлдөхөөс сэргийлж, дулаан хувцаслах
3. Архи дарснаас татгалзах, хэрэглэсэн тохиолдолд хэтрүүлэн хэрэглэхгүй байх
4. Ажлын байранд ажил үүргээ гүйцэтгэхдээ хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг ханган ажиллах
5. Жолооч, явган зорчигчид замын хөдөлгөөнд оролцохдоо замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах
6. Мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул мөс цөмрөх аюулаас сэргийлэх
7. Албан байгууллагууд ойр орчмынхоо 50 м талбайн цас, мөсийг цэвэрлэх Хэрэв тухайн талбайд халтирч унаснаас бэртсэн бол иргэд хальтирч унаад бэртсэнээ баримтжуулан хохирлоо нэхэмжлэх эрхтэй.
Гэр бүл, хүүхэд:
Эцэг эх, асран хамгаалагч нар бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах
Тээврийн хэрэгсэлээр хүүхдийг авч явахдаа хамгаалах бүс, хүүхдийн зориулалтын суудлыг заавал хэрэглэж хэвших
Айл, өрх бүр ойр орчмынхоо цас мөсийг цэвэрлэж, аюулгүй орчинг бүрдүүлэх
Гэр хорооллын айл өрхүүд муу ус, угаадас, үнсээ ил задгай хаяхгүй байх.
Байгууллага, хамт олон:
§ Албан байгууллага бүр орчныхоо цас, мөсийг цэвэрлэж, хальтиргаа гулгаа үүсгэхгүй байх нөхцөл бүрдүүлэх
§ Эрүүл аюулгүй орчин бүрдүүлэхийн тулд ойр орчныхоо осол гэмтэл гарч болзошгүй нүх шуудуу, замын хажууд анхааруулах тэмдэг байршуулах
§ Байгууллага ажиллагсдынхаа хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм журмыг мөрдүүлж хяналт тавьж ажиллуулах
§ Гудамж талбайд хүн осгосон ухаангүй буюу биеэ авч явах чадваргүй байгаа бол яаралтай 103, 102 дугаарын утсанд мэдэгдэх буюу анхны тусламж үзүүлэх
§ Ойр орчноо цэвэрлэсэн эсэхэд нь ч хууль сахиулах байгууллагын зүгээс анхаарал хандуулах
§ Гөлгөр гадаргуутай хавтангаар явган хүний зам, талбай хийхгүй байх. Хэрэв ийм хавтангаар зам талбай хийсэн бол халтирахаас хамгаалсан наалт хийх.
Эх сурвалж: Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн