БНАСАУ-ын “Хаврын баяр” Олон улсын урлагийн их наадмын Гранпри болон дөрвөн удаагийн мөнгөн цомын шагналт, орос дууны мэргэжлийн дуулаачдын тэргүүн байрын шагналт, ХХ зууны шилдэг дуунууд улсын уралдааны “Чамайг үдье” амрагийн дууны тэргүүн шагналт ЦДБЭЧ-ын гоцлол дуучин МУГЖ Ч.Баярмаа цэрэг эх орны болон орос дуунуудыг эх хэл дээр нь мэргэжлийн хэмжээнд дуулж үзэгчдээсээ өндөр үнэлгээ авдаг нэгэн.
Мөн хэд хэдэн дуурьт тоглож авьяасаа тэлж яваа чадварлаг уран бүтээлчийн нэг билээ. Тэрээр “Хатан бүүвэйн аялгуу”, “Цэцгийн дэлбээ бид нар байна”зэрэг бие даасан тоглолтоо үзэгчдэдээ хүргэсэн юм.Түүний ээж МУГЖ Л.Цэрэнпил гуай цэргийн дүрэмт хувцсаараа гоёж, “Амраг”-ийн дуугаараа үзэгчдийг уярааж явсан бол эгч МУГЖ Ч.Туул, МУГЖ Ч.Тунгалаг нар маань мөн л урлагийн замаар замнаж явна.
-Та гадны зочдын хүндэтгэлийн тоглолтонд Цэргийн дуу бүжгийн чуулгаа төлөөлж олонтаа дуулж байгаа харагддаг. Цаашид гадаад дуугаараа цомог гаргая гэсэн бодол байгаа юу?
-Манай улсад байсхийгээд л төрийн болон Батлан хамгаалахын сайдууд айлчилдаг шүү дээ. Тэдэнд чуулгынхаа нэрийн өмнөөс тухайн орных нь хэл дээр дуулж сонирхуулдаг. Цаашид манай ЦДБЭЧ Солонгос, Хятад болон бусад орнуудаар явж тоглох төлөвлөгөөтэй байгаа. Манайд БНХАУ, ОХУ-аас цэргүүд энхийг сахиулахаар хээрийн сургууль ирж хийдэг юм. Тэдэнд бүгдэд нь хүрч үйлчилж, өөрийнх нь хэл дээр дуулсан. Энэ үеэрээ Хятадын “Туг далбаа” дууг нь дуулсан. Энэ дуу нэлээд утга учиртай. Яагаад гэвэл Хятадын ерөнхийлөгчийн эхнэр хятадын цэргийн чуулгын гоцлол дуучин генерал цолтой алдартай хүн энэ дууг дуулсан юм билээ. Магадгүй нэг өдөр Хятадад очоод тэр дуучинтай юм уу, эсвэл хятадын хоор юмуу, өөрийн хоортой дуулахыг үгүйсгэхгүй. Тэгж бодож л өндөр хэмжээнд хэлийг нь яаж хэлэх юм, нугалаа нь ямар байх юм, манер нь ямар юм гээд бүгдийг нь дууриаж дуулсан даа.
-Та цэвэр орос “школьтой”дуучин. Ер нь дуучдаас ийм дуучин хэр олон байдаг вэ?
-Манай цэргийн чуулгад Оросод консерватур төгссөн дуучид олон бий. Миний хувьд Зөвлөлтийн гуравдугаар дунд сургуулийг төгссөн. Харин дуурийн дуучин найз Б.Эрдэнэтуяа маань Зөвлөлтийн есдүгээр сургуулийг төгссөн. Орос дуунууддаа төрөлх хэл шигээ хайртай. Зарим хүмүүс намайг монгол хэлээ сайн хэлж чадахгүй юм гэдэг. Яагаад ч юм би орос дууг маш хурдан сурдаг. Харин монгол дуугаа удаан сурдаг. Би одоо ид залуу насандаа явж байна. Тийм учраас тайлан тоглолт хийнэ. Би болсон болоогүй шинэ дуу дуулаад цомог гаргаад байхыг хүсдэггүй, 20 жил цэргийн чуулгад зүтгэсэн уран бүтээлээрээ цомог гаргана гэж бодож байгаа. Гэхдээ яарахгүй байна. Яагаад гэвэл би хэр зэрэг олондоо танигдсан билээ, ямар дуунууд дуулсан билээ гэдгээ эргэж харах ёстой. Өөрөөр хэлбэл танилынхаа хүрээг өргөжүүлж байж, цомгоо гаргахгүй бол болохгүй. Бас цомгоо хүн худалдаж авах үгүйг нь бодолцож гаргах хэрэгтэй. Хамгийн гол нь түүхэнд үлдэх бүтээл хийх ёстой гэж үздэг.
-Та яг л урлагийн мөр хөөсөн хүн харагддаг. Чөлөөт цаг хэр гардаг вэ?
-Би аль болох гэр бүлдээ цаг зарцуулахыг боддог. Манай гэр бүлийн хүн гадаад хүн байдаг. Заримдаа ажлаасаа оройтож ядарч харьсан ч хоёр хүүхдийнхээ хичээлийг оройжин давтуулдаг. Бас дуурь, цирк үзэхийг боддог ч өөрөө урлагийн хүн болохоор тийм цаг зав гардаггүй юм. Гэхдээ зуныхаа амралтаар гадаад орноор аялж тэндхийн орчин нөхцөл,түүх соёлтой нь танилцах юмсан гэж боддог.Түүний хажуугаар гэртээ цэцэг тарих, амьтан тэжээх дуртай. Бас жилдээ нэг ч болов гадаадын тайзан дээр дуулахыг хүсч байна.
-Цаашдаа мэргэжлээрээ юунд хүрэх юмсан гэж тэмүүлж явдаг вэ?
-Дуучин хүний оргил хязгааргүй. Миний хувьд мэргэжлээрээ дөнгөж л уулын орой уу мацаж яваа гэж хэлж болно. Хэн нэгний дэмжлэгээр биш, яг л өөрийнхөө хүчээр, өөрт заяасан хоолойгоор дуулж байгаа. Миний хоолой өөрийн гэсэн өнгө аястай Баярмаа гэж хэн бэ түүгээрээ явж байна. Хүний гаргаж байгаа бүтээл болгон хүний амжилт байдаг. Гэхдээ хүн зөвхөн дуулж байгаадаа ханах биш, цаашдын хүсэл мөрөөдөл маш их байдаг. Түүнийг биелүүлэхэд цаг хугацаа хэрэгтэй. Цаашид сонгодог хэлбэрээрээ гадаадын орны сонгодог мэргэжлийн түвшний бүтээлүүдээр тоглолт хийхээр төлөвлөж байгаа. Олон жил хөдөлмөрлөсний үнэ цэнэ гэж байх ёстой. Тэндээс энэ бүхнийгээ бодолцож би ямархуу түвшинд хүрсэн байна, хүнд үнэлэгдэхээр болж уу, үгүй юу гэдгээ хармаар байна.
-Тэгэхээр та уран бүтээлч хүн бүтээлдээ ханаж болдоггүй гэдэгтээ санал нийлдэг юм аа даа?
-Тэгэлгүй яахав. Хүн хэзээ ч сэтгэл ханаж болохгүй. Тэгэх юм бол зогсонги байдалд орно. Үргэлж л тийм зүйл хийх юмсан гэж урьдаас төлөвлөж хийх ёстой юм билээ. Ингэж уран бүтээлээ бодлоготой, төлөвлөгөөтэй хийж байгаа учраас тэтгэвэртээ гарсан ч ханахгүй шүү дээ. Наад зах нь л би тэтгэвэрт гараад ямар ажил хийхэв, үр хүүхдээ хаана сургаж, хаана амьдруулахав, эх орондоо ажиллах уу, эсвэл гадаадад ажиллах уу гээд бүх зүйлээ эргэцүүлж бодож эхэлнэ. Хүмүүс ихэнхдээ тэтгэвэрт гарахаараа нэг л утгагүй болчих юм шиг санагддаг гэдэг. Гэтэл тийм биш, олон жилийн хүч хөдөлмөрийнхөө үр шимээр жаргах ёстой гэж боддог.
-Танай гэр бүл ихэнхдээ урлагийн замаар замнаж яваа. Тиймээс танд уран бүтээлийн маш олон зөвлөгч байдаг байх?
-Тэгэлгүй яахав. Би ажил үйлс амьдралаараа үлгэр дууриал болсон сайхан аав ээжтэй. Тийм учраас маш олон зөвлөгчтэй. Аав ээж, найз нөхөд, ах эгч гээд олон хүн байна. Ялангуяа төгөлдөр хуурч МУГЖ Ч.Тунгалаг, Ч.МУГЖ Туул эгч нар маань маш их зөвлөж буруу зөвийг минь ойлгуулдаг. Ер нь цэцэрлэгт байхаасаа бүжиглэж, шүлэг уншдаг ,дуу дуулж нугардаг гээд авьяастай хүүхдийн тоонд ордог байлаа. Бас ээж эгч хоёрыгоо дагаад ажил дээр нь очиж тоглолтыг нь үзэж байхдаа том болоод бүжигчин л болох юмсан гэж хамгийн их мөрөөддөг байсан. Гэсэн ч хувь заяаны эрхээр ээж эгч хоёрыгоо дууриагаад дуучин болсон. Би 1991 онд хуучнаар Зөвлөлтийн гуравдугаар дунд сургуулийг төгссөн. Намайг дуучин болоход оросын мэргэжилтэн Соловьева Викторина Степанова маш их нөлөөлсөн.Учир нь намайг Зөвлөлтийн гуравдугаар дунд сургуульд сурч байхад энэ багш маань миний дуулах авьяасыг олж харж олон орны хүүхдүүдийн сонгодог дууны ансамблейд гоцлол дуучнаар оруулсан. Дараа нь АЖ Г.Хайдав багш дээр энэ хүүхэд дуучин тэр дундаа дуурийн дуучин болох хүүхэд гэж өөрийн биеэр хөтөлж аваачиж байлаа.
-Ямар үед сэтгэл ханамж авдаг вэ?
-Өглөө өөрийгөө толинд хараад би аз жаргалтай хүн, миний үр хүүхэд үргэлж эрүүл, энх аз жаргалтай байгаарай гээд инээдэг болсон. Бас би хүн яаж сайхан энергитэй байхав, өөртөө юу хэлэхэв, хүүхэдтэйгээ яаж харьцахав, яаж өөдрөг сайхан амьдрахав, гоо сайхандаа хэрхэн яаж анхаарахав гэсэн сургалтанд суусан. Эндээс олон зүйлийг олж авсан.
-Хүүхдүүдээ урлагийн хүн болгоно гэж бодож байгаа юу?
-Манай хоёр хүү хоёулаа Хөгжим бүжгийн коллежийн төгөлдөр хуурын ангид сурдаг.Тэд маань манай эгч дээр сурч байгаад одоо хийлчин Чинбат ахын эхнэр Наранцэцэг багш дээр амжилттай суралцаж байгаа. Гэхдээ заавал урлагийн хүн болгоно гэж байгаа юм биш, багаас нь хөгжим сонсгож сэтгэн бодох чадварыг нь хөгжүүлж, хатуужил тэвчээртэй сургая гэж бодсон юм.
Эх сурвалж: urlag.mn
Сэтгэгдэл (1)