
Албан томилолтынхоо эхний өдөр Даланжаргалан, Айраг сумын удирдлага, иргэд, эмч, ажилчидтай уулзсан. Дорноговь аймгийн Даланжаргалан сум 2640 орчим хүн амтай. Харин Айраг сум 3590 гаруй хүн амтай. Аймгийн хэмжээнд 11 сум энэ онд 90 жилийн ойгоо тэмдэглэх бөгөөд энэ хоёр сум ч тэдний нэг.
Даланжаргалан суманд чулуу, цемент, нүүрсний уурхай байдаг бол Айраг суманд жонш, нүүрсний уурхай бий. Энэ хоёр сумыг Улаанбаатар-Дорноговийг холбосон хатуу хучилттай зам дайран өнгөрдөг. Энэ ч утгаараа осол, гэмтлийн тоо жил ирэх бүр нэмэгдэх болжээ. Хүүхдийн эндэгдлийн дийлэнхийг осол гэмтэл эзэлдэг. Уул уурхай дагасан өвчлөл ч эрс нэмэгдсэн байна. Даланжаргалан, Айраг сумдын уурхайнуудад “Нинжа” нар элбэг. Сумын удирдлагуудаас тодорхой арга хэмжээ авсны хүчээр эдгээр “бичил уурхайчдыг” нөхөрлөл болгож цэгцэлжээ. Амьдралын эрхээр уурхай дагасан хүмүүcийн дунд бэлгийн замын халдварт өвчин, хөрсөнд дарагдах, ясны хугарал, осол их гардаг байна. Гэвч өөр аймгаас ирсэн тэдгээр иргэд ямар ч бүртгэлгүй. Тэглээ гээд эмч нар хөсөр хаялгүй чадлаараа эмнэлгийн тусламж, үйлчилгээг үзүүлж байна. Энэ хоёр сумын алинд нь ч тоноглогдсон түргэн тусламжийн автомашин байхгүй.


Харин сумын эрүүл мэндийн төвд Говьсүмбэр аймгийн нэгэн адил эх баригч, сувилагч дутагдалтай болсныг эмч, ажилтнууд хэлж байв. Мянган сайн ажиллаад урамгүй, нэг хүний хийсэн алдаагаар салбарыг тэр чигт нь хараар будаж, олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэр хүндийг унагаж байгаад эмзэглэж байгаагаа ч нуусангүй. Энэ байдлаас болж, орон нутагт залуу боловсон хүчин ирэхгүй халгадаг болжээ.
Дорноговьчууд “Эх, хүүхдийн эрүүл мэндийн төлөө хамтдаа” зүтгэнэ
Монгол Улсын 2012 оны тэргүүний аймаг болох Дорноговьчууд ”Эх, хүүхдийн эрүүл мэндийн төлөө хамтдаа” уриан дор “Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн ажлаа хийхээр төлөвлөжээ. Аймгийн Засаг даргын орлогч Б.Төмөрхуяг, Сайншанд сумын Засаг даргын орлогч Б.Батцэнгэл нар Эрүүл мэндийн сайдтай уулзав.


“Шинэ Дорноговь 2” тогтвортой хөгжлийн мөрийн хөтөлбөрийн хүрээнд хийгдэх олон ажил эрүүл мэндийн салбартай уялдах юм. Ерөнхий сайдын дэмжлэгтэйгээр 2,5 тэрбум төгрөгийн оношилгооны төв байгуулахаар ажиллаж байна. Замын-Үүд суманд 100 ортой эмнэлгийн барилгын ажил 80 орчим хувьтай явагдаж байна. Манай аймаг ундны усны хувьд асуудал ихтэй. Усанд агуулагдах фосфорын хэмжээ байх ёстой хэмжээнээс 4 дахин их байгаа учраас ДЭМБ-тай хамтран “Ундны усны аюулгүй байдлыг хангасан загвар аймаг” болохоор эхний ажлууд хийгдэж эхэлсэн зэрэг олон амжилттай ажлууд хийгдэж байна” хэмээгээд салбарын сайдын дэмжлэгтэйгээр шийдвэрлэх асуудлуудаа товч танилцууллаа.
Арван өртөө аялал...
Эрүүл мэндийн сайд Н.Удвал Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жилийн “Эх,хүүхдийн эрүүл мэндийн төлөө хамтдаа” өдөрлөгийн нээлтийн арга хэмжээнд оролцов.


Тодруулбал, өртөө тус бүр өөрийн гэсэн онцлогтой мэдээллийг иргэдэд хүргэж байлаа.
1-р өртөө – Эх, хүүхдийн эрүүл ахуй, хөдөлмөр хамгаалал ба хууль эрх зүй
2-р өртөө – Хүүхдийн осол, гэмтэл ба түүнээс урьдчилан сэргийлэлт
3-р өртөө – Хүүхдийн хооллолт ба амин дэм, эрдэсжүүлэлт
4-р өртөө – Жирэмслэлт, төрөлт ба хүндрэлээс урьдчилан сэргийлэлт
5-р өртөө – Хүүхдийн өвчний цогц менежмент
6-р өртөө – Хүүхдийн асаргаа, сувилгаа ба чийрэгжүүлэлт
7-р өртөө – Жирэмснээс сэргийлэх аргын сонголт, бэлгийн замын халдварын эрсдэл ба зөвлөгөө
8-р өртөө – Жирэмсэн эхийн зөв зохистой хооллолт ба эрүүл мэнд
9-р өртөө – Охидын жирэмслэлт ба оюутны эрүүл мэнд
10-р өртөө – Хүүхдийн эрүүл мэнд ба ээлтэй орчин
Иргэдийг эдгээр арван өртөөгөөр зочилж, мэргэжлийн эмч нарт үзүүлж, зөвлөгөө авах боломжийг энэ удаагийн нээлттэй арга хэмжээгээр олгохын зэрэгцээ уг арга хэмжээнд оролцож буй байгууллагууд ч харилцан туршлага солилцсон.

Ингээд Дорноговийн эрүүл мэндийн газарт бэлгийн замын халдварт өвчин, хүүхдийн эндэгдэл, осол гэмтлийг бууруулах гэсэн гурван асуудалд түргэн хугацаанд оновчтой арга хэмжээ авахыг үүрэг болголоо.
Эмч нар үүргээ биелүүлдэг ч эрхээ эдлэж чаддаггүй
Эрүүл мэндийн сайд Н.Удвал Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлгийн ажилчидтай уулзаж, эрүүл мэндийн салбарт тулгамдаж байгаа асуудал, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар ярилцлаа.





