
БНХАУ нь 18 улстай шууд хиллэдэг. Монголоос бусад бүх хөрштэйгээ газар нутгийн маргаантай. Монгол улстай хамгийн урт хуурай газраар хиллэдэг өвөрмөц онцлогтой. “Тогтворгүй байдал” гаднаас нь төдийгүй дотроос ч санаа зовоож байдаг. Ийм нөхцөлд ганцаарчилсан богино хугацааны өндөр өсөлтийг бус бүс нутгийн урт хугацааны тогтвортой өсөлтийг чухалчилж байна. Тэд зөвхөн цэрэг стратегийн жанжлал тогтоогоод зогсохгүй оюун санааны хувьд тэргүүлэгч гүрэн байхыг хүсч байна. “Хятадад дайсан хэрэггүй” энэ бол коммунист намын бодлого төдийгүй күнзийн суртал юм. Иймээс тэд газар нутгийн маргаангүй цорын ганц хөрш орон болох Монгол улстай тогтоосон уламжлалт найрсаг харилцаагаа хэвээр хадгалахыг зорьж байна.
Хятадууд Монголтой харилцах харилцаагаа урт хугацаанд тогтвортой байлгах ашиг сонирхолыг хоёр янзаар тайлбарлаж болно. БНХАУ-ын Шинжаан уйгурт байрлах Хоргос боомт бол хуучин торгоны замын маршурт бөгөөд коммунист намынхан энэ бүс нутгаар дамжиж ойрхи дорнод, казакстан, ОХУ, Европт гарах гарцаа бататгаж байна. Зөвхөн Хоргосын төмөр замыг нээсэн анхны жилдээ 600 сая долларын худалдаа хийжээ. Мөн тэд 20 гаруй томоохон төсөлд 20 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөжээ. Эртний Торгоны замыг сэргээж төв азийг өрнөтэй холбосон хүчирхэг сувгийн эзэн болохыг тэд зорьж байна. Иймээс бүс нутагт нь тогтвортой байдал туйлын чухал. Монгол Улстай багагүй газар нутгаар хиллэж байгаа Шинжаан уйгурын тогтвортой байдал нь бүс нутгийн хөгжлөөс ихээхэн хамааралтай. Иймд умард бүсэд хурдацтай хөгжиж буй Монгол Улсын хөгжил тогтвортой байх нэгдмэл сонирхол эндээс ургана.
Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн “Ази тивд геополитикын маш том шилжилт болж байна. Өмнө нь хүчний түрэлт хойноосоо урагш байсан бол урдаасаа хойшоо болж байна” хэмээсэн. Үнэхээр ч ийм үйл явдал болж байгааг коммунист намын умард бүс нутагт явуулж буй бодлогоос харж болно. Сүүлийн жилүүдэд ОХУ-тай хил залгаа бүс нутгуудад хийгдэх хөрөнгө оруулалт үлэмж нэмэгдэж, томоохон төвлөрлийг бодлогоор дэмжиж байна. Хятадууд Манжуур, Өвөр Монгол, Харбин орчмийн цэргийн хүчээ ихээхэн зузаатгаж болсон. Сибирт нэг саяас хол давсан Хятад иргэн амьдарч зарим сууринд уугуул иргэдээс нь ч их болжээ. ОХУ-ын Хабаровск, Владиввосток боомтуудад Хятадын хөрөнгө оруулалт жилээс жилд нэмэгдсээр байна. Мөн алс дорнодын томоохон төслүүдийг ОХУ-тай хамтран хэрэгжүүлэх сонирхолтой байгаагаа ч тэд илэрхийлээд байгаа. Сибирийн асар их байгалийн баялаг, цаашлаад хойд мөсөн далайн төлөөх жанжлагч гүрнүүдийн тэмцэлд тэд хожил байгуулахыг хүсч байна. Ингэхдээ тэд имперлист колоны аргаар хүч түрэхгүй. Харин худалдан авч хөгжүүлэхийг чухалд тооцож байна. Хятадуудын энэ аргаа ойрхи дорнодод ч амжилттай хэрэгжүүлж байгаа билээ. Иракын дайныг Америкчууд хийж, буруутан болж байхад Хятадууд хамаагүй бага мөнгөөр хөрөнгө оруулж сэргээн босгож, нэр хүнд олж нөлөөллөө бататгаж байгаа билээ.Урдаасаа хойшоо чиглэгдсэн хүчний түрэлтээс Монголыг салгаж үзэх боломжгүй юм.
“Торгоны зам” “Сибирийн түрэлт” ердөө ийм хоёр сонирхолд Ши Жин Пиний Монголтой харилцах харилцаа томьёологдоно. Нүүрс биш, Оюутолгой огт биш. Дэлхийг дагуулах Хятадын бодлого, хойшоо чиглэх төв азийн хүчний түрэлтэнд Монгол Улсын гадаад харилцаа шинэ сорилттой тулгарч байгаа билээ. Харин бид ийм өөрчлөлтийг зөв мэдэрч хийх хөдөлгөөн, хожих хожлоо тооцоолсон бил үү. Төмөр замын цариг, Чалкогийн гэрээний явдлаас болж урд хөршөөсөө “найдваргүй харилцагч”-ын батлах авсан нь манай эдийн засагт ямар жинтэй нөлөөлсөнийг бид хамт мэдэрсэн. “Хятадын коммунист нам 50 сая хүнээ алсан” гэж хээвнэг авдаг зарим дарга нараас болж харилцаа багагүй хүйтэрсэн. Гэсэн ч энэ бүхнийг өнгөрсөнд тооцож шинэ зүйл ярих сонирхол тэдэнд байна. Гэхдээ тэд асуужээ “та нар зүгээр аятайхан байж чадах уу” гэж.
Сэтгэгдэл (9)