
-Юуны өмнө таньд энэ өдрийн мэндийг хүргье. Хоёулаа яриагаа "Бага хаадын үе" кино зохиолын санаа таньд анх төрсөн үеэс эхлэх үү?
-Зохиол бичих санаа надад анх 2006 онд бид Их монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойг тэмдэглэх үеэр төрж байлаа. Тэр үед надад Чингис хааны байгуулсан тэр их гүрэн хэзээ хагарч бутараад ийм жижигхэн болчихсон юм бэ гэдэг асуулт гарч ирсэн. Тэгээд энэ талаар судалж эхлээд ер нь үүгээр хэзээ нэгэн цагт кино хийнэ дээ гэж бодсон. Тэр нь "Бага хаадын үе" юм. Энэ үеийн хаадуудын түүхэн материал маш ховор. Үүнийг манай түүхчид ч хүлээн зөвшөөрдөг юм билээ. Иймээс л монголын түүхэн дэх "Цагаан толбо" гэж нэрлэсээр ирсэн.
-Бичигдсэн түүх ховор гэлээ шүү дээ. Тэгэхээр зохиол бичихэд хүндрэлтэй байсан уу?
-Тэдний түүх ихэнхдээ төрсөн, үхсэн он сар эсвэл домгын шинжтэй хэд хэдэн үлгэр хууч л байдаг. Миний цуглуулсан 200-300 материалаас үзэхэд ер нь л ойролцоо. Хар нохой жил төрсөн, усан бичин жил тэнгэрт хальсан. Ийм л юм байдаг. Ганц хоёрхон мерфологийн буюу домгийн шинжтэй зүйлүүд байсан. Ер нь манайд энэ үеийн талаар судлагдсан юм байдаггүй. Ихэнхи материалууд нь урд хөршид байх жишээтэй. Би ихэнхи материалуудаа Өвөрмонголын эрдэмтдийн бүтээлээс цуглуулсан. Кино маань өөрөө 100 хувь түүхэн кино биш учраас яг тэр үеийн юмыг зуун хувь барина гэж зүтгээгүй. "Бага хаадын үе" кино бол бодит түүх. Гэхдээ бодит түүх нь 50 хувь. Энэ зуун хувь түүхэн баримтат кино биш. Түүхэн сэдэвтэй телевизийн олон ангит кино.
-"Бага хаадын үе" киноныхоо онцлогийг ярьвал?
- Манай кино юугаараа анхдагч вэ гэхээр эртний түүхийн сэдэвтэй. Түүхэн сэдэвтэй сериал гэдгээрээ анхдагч биш. Зүгээр эртний түүхэн сэдэвтэй олон ангит кино гэдгээрээ анхдагч юм. Киноны үйл явдал бүр 1300-гаад оноос эхэлж байгаа. 1368 онд Тогоонтөмөр хаан Дайду буюу одоогийн Бээжин хотоос шар алчууртны бослогод хөөгдөж ирснээр эхэлнэ. Түүнээс цааш хаадууд нь хоорондоо хэмлэлдэж явсаар байгаад Лигдэн хутагт сүүлд цэцэг өвчнөөр Түвд рүү явж байх замдаа өнгөрснөөр дуусч байгаа. Энэ хугацаанд төр барьсан 22 хааны түүхийг 20 ангид багтаасан. Яагаад 22 хааны түүхийг 20 ангид бэ гэхээр ихэнхи хаадын намтар түүх нэг нүүр ч хүрэхгүй юм байдаг. Яагаад гэвэл тэдний түүхэн дурсгал маш ховор юм л даа.
-Та киног санаачилж зохиолыг бичсэн хүний хувьд энэ киног бүтээх гол зорилго тань юу байв?
-Энэ киног хийсэн нь гурван зорилготой. Нэгдүгээрт бид Хүннүгээс авахуулаад хэдэн мянган жилийн баялаг түүхтэй. Манай энэ кинонд 270 жил орчим үргэлжилдэг бага хаадын үеийг авсан. Бага хаадын үе бол биднийг Манжийн дарлалд орох гол нөхцөл бүрдсэн байдаг. Хоёрдугаарт энэ агуу том түүхэндээ алдаа асар их. Тэр агуу их юмаа өөрсдийн гараар нурааж байсан. Тэр бүхнийг залуучууд хүүхдүүдэд ойлгуулахыг хүссэн. Гуравдугаарт нь бид гадны улс орнуудаас дутахгүй сериал хийж чадна гэдгээ харуулах гэсэн юм.
-Та нэгэнтээ шүүмжлэлийн тухай ярьсан байсан. Киног хүмүүс яаж хүлээж авна гэж бодож байна?
-Манай түүхийн зөвлөх Гүн-Үйлс ах "Хүмүүс шүүмжилж л байг. Тэгвэл тэр хүмүүс урьд нь өөрсдөө хийхгүй яасан юм. Гарахаар бүр их шүүмжилнэ" гэсэн. Яагаад гэвэл Чингисийн дэргэд байсан хүмүүс бүр их байдаг. Чингис малгайгаа тэгж өмсөж байсан юм гээд л ярьдаг мундаг хүмүүс байдаг. Эрүүл солиотой нь мэдэгдэхгүй. Тэгээд бас настай хүмүүсийг хүндэлмээр байдаг. Өөдөөс нь хэрэлдээд баймааргүй. Гэтэл тийм солиотой юм шиг юм яриад явдаг хүмүүс зөндөө шүү дээ. Яг хажууд нь хараад сууж байсан юм шиг. Тэр хаан тэгж байсан. Энэ хаан ингэж байсан гээд л. Тийм учраас бид ямар сайндаа киногоо шууд түүхэн кино гэж хэлэхгүй байгаа юм. Түүхэн сэдэвтэй гэж байгаа. Тэр хүмүүс тэгэхдээ тэргүй тэгнэ. Тэгэхээр нь уран сайхны кино гэж хэлээд байгаа биздээ гээд л хэлчихнэ.
-Кинонд бүтээхэд оролцсон уран бүтээлчдийнхээ талаар ярихгүй юу?
-Манай кинод 500 гаруй хүний хөдөлмөр шингэсэн. Жүжигчид л гэхэд 300 гарчихаж байгаа юм. Бид найман аймгийн жүжигчдийг кинондоо тоглуулсан. Үүгээрээ бид Улаанбаатар л хэдхэн хүн байдаггүйг ойлгуулах гээд байгаа юм. Ер нь манай монголын та бидний жүжигчин гэж мэддэг бараг бүх хүмүүс тоглосон доо. Энд тоголсон хүмүүс их гоё сэтгэлээрээ байсан. Зураг авалт их хүнд нөхцөл болсон. Намар найман сард төв аймгийн Эрдэнэсант суманд байдаг 13 дугаар зуун цогцолборт голчлон зургаа авсан. Мэдээж өөр газруудад авна л даа. Гэхдээ найман сарын сүүлээр эхлээд хүйтрээд ирэх тусам их хүнд байсан. Бид уг нь зургаан сар гаргаад эхлэх ёстой байсан ч ажлууд нь давхцаад амьжаагүй. Жаахан оройтоод эхэлчихсэн чинь тэр хээр утас ч барихгүй газар. Би ч нээх цасан шуурган дунд байгаагүй л дээ. Ямар ч байсан манай улс өөрийн гэсэн түүхэн сэдэвтэй сериалтай болж байна.
-"Бага хаадын үе" кино хэзээнээс үзэгчдийн хүртээл болох вэ?
-Ирэх даваа гарагийн 22.00 цагаас эхлэн МҮОНРТ-ээр гарна.
Ярилцсанд баярлалаа.
Сэтгэгдэл (3)