
Ер нь байгууллага, аж ахуй нэгжүүдийн удирдах ажилтнууд хөдөлмөрийн хуулиа сайн судлаагүйгээс иргэдийг хохироох үзэгдэл байнга шахуу гардаг аж. Тэр дундаа сонгуулийн үеэр, улс төрийн томилгооны үеэр иргэдийг ажлаас нь үндэслэлгүй халж оронд нь өөр хэн нэгэн этгээдийг томилох тохиолдол гарсаар байдгийг хууль, шүүхийнхэн дуу нэгтэйгээр хэлж байгаа юм.
Тэгэхээр албан тушаалын томилгоо, сонгуулийн үеэр төрийн албаныхны халаа сэлгээ их байдаг гэдэг дээр иргэд маань дүн шинжилгээ хийх цаг хэдийнэ болжээ. Тиймээс ямарваа байгууллагад ажиллаж байгаа хэн ч байсан хөдөлмөрийн тухай хуулиа судалж, адаглаад хөдөлмөрийн гэрээнийхээ нэг хувийг өөртэй хадгалж байх шаардлагатай юм.
Цөөхөн хэдэн тоо баримт дурдахад л Дээд шүүх 9 жилийн хугацаанд төрийн албанаас үндэслэлгүй халагдсан гэсэн нэхэмжлэлтэй нийт 308 хэргийг хяналтын шатны журмаар хянан шийдвэрлэснээс 68 хувьд нь буюу 210 хүний нэхэмжлэлийг хангаж, ажилд нь эгүүлэн тогтоох шийдвэр гаргаж, зөрчигдсөн эрхийг нь хамгаалж ажилласан байдаг.
Харин ажлаас үндэслэлгүй халагдсан эдгээр хүмүүсийн зарим нь л ажилгүй байсан хугацааны нөхөн олговор авах нэхэмжлэлийн шаардлагыг дахин шүүхэд гаргасан аж. Улмаар шүүхээс 101 хүнд нийт 209 сая 101 365 төгрөгийг төсвөөс гаргуулж, олгуулахаар шийдвэрлэжээ.
Ийн иргэдийн ажилгүй байсны нөхөн олговрыг буцаан олгодог ч тухайн ажил олгогчийн халааснаас тус мөнгийг гаргадаггүй нь учир дутагдалтай гэдгийг албаныхан хэлж байна. Тиймээс ажлаас ажилчдаа үндэслэлгүй халдаг удирдлагуудаас нь ажилгүй байсан хугацааны нөхөн олговрыг олгуулж байх нь чухал юм.
Цаашид төрийн албан хаагчийг ажлаас үндэслэлгүй халсан тохиолдолд ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөх олговрыг төрийн байгууллагаас буюу төсвөөс гаргахаар хуульд заасныг өөрчилж, хууль бусаар төрийн албан хаагчийг ажлаас халсан албан тушаалтнаас гаргуулж байх эрх зүйн зохицуулалтыг холбогдох хуулиудад оруулах шаардлагатай байгааг албаныхан хэлж байна. Энэ санаачлага удахгүй хэрэгжинэ гэдэгтэй иргэд ч итгэлтэй байна.
Төрийн байгууллагынхны хууль бус халаа сэлгээ, ажлын байрнаасаа шалтгаангүйгээр хөөгдөх зэрэг асуудлаар цуврал материал хүргэх болно.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (3)