
Дараа нь Улсын Их Хурлын гишүүд Шууд ардчилал, иргэдийн оролцоогоор дамжуулан төсвийн төвлөрлийг сааруулах үндэсний хөтөлбөр, уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.
Төсөл санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Иргэний оролцоо, эдийн засгийн бодлогын зөвлөх Л.Дашдорж танилцууллаа.
Аливаа бодлого, төлөвлөлт, хөтөлбөр, дүрэм, журам олон нийтэд нээлттэй, тэдний оролцоотой боловсруулагдаж, шийдэгддэг байж амьдралд бодитой хэрэгжиж чадна. Бодлого боловсруулах үйл явцыг цөөн тооны хүмүүсийн явцуу хүрээнээс тэлж ашиг сонирхол нь хөндөгдөж буй олны төлөөллийг оролцуулснаар хязгаарлагдмал нөөцийг өргөтгөж, нийгмийн хэрэгцээг тусгасан үр дүнд хүрч болох бөгөөд үйл явцад оролцож эхэлснээр иргэд нийгмийн асуудлыг шийдвэрлэх чадварт суралцаж улмаар хэрэгжүүлэхэд ухамсартай оролцож бусаддаа нөлөөлж чадна. Ийнхүү иргэдийн өргөн оролцоотой боловсрогдон гарсан бодлого нь иргэдийн идэвхтэй дэмжлэгээр амьдралд хэрэгжинэ гэх зэрэг үндэслэлийг харгалзан энэ төслийг боловсруулжээ.
Үндэсний хөтөлбөр нь 9 стратегийн зорилт тус бүр дээр эхний ээлжинд заавал хэрэгжүүлэх арга хэмжээ, дагалдах дэд арга хэмжээ нийт 33 арга хэмжээг хэрэгжүүлэх хугацаа, хариуцах байгууллага, шаардагдах төсөв хөрөнгө, эх үүсвэрийг заан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар батлагдсан “Шууд ардчилал, иргэдийн оролцоогоор дамжуулан төвлөрлийг сааруулах үндэсний дунд болон урт хугацааны бодлогын баримт бичиг”-ийн хэрэгжилтийг зохион байгуулах арга замыг тодорхой болгосон ажээ.
Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ, зорилтот бүлгүүд, загвар сум, хороо, дүүргийг тодорхойлж тухайн бүлэгт нийцүүлэн үндсэн чиглэлүүдээр тодорхой хугацааны бодит ажлууд төлөвлөж, ажлын хэсгүүдийг зохион байгуулж хариуцуулах, төр, Засгийн газар, орон нутгийн удирдлагын бүх түвшинд иргэдийн оролцоог хангах, дэмжих бүтэцтэй байх, энэхүү иргэдийн оролцоог хангах, дэмжих бүтцийг сургалт, боловсрол, судалгаа, аргачлалаар тасралтгүй хангаж, явцыг дүгнэж, алсын зорилтыг боловсруулан гаргаж байх үүрэг бүхий иргэдийн оролцоо, шууд ардчиллын институцийг байгуулж, тусгайлсан төсөв батлуулан ажиллуулах, хэрэгжүүлэх үйл ажиллагаа нь иргэний нийгмийн байгууллагууд, идэвхтэй иргэд, иргэдийн сонирхолын албан ба албан бус бүлгүүд, төр, захиргааны байгууллагууд, боловсролын салбарынхан, олон улсын төсөл, хөтөлбөр, олон улсын байгууллагуудын оролцоо, санаачилгад тулгуурласан байх, хөтөлбөрийн агуулга, түвшин, сургалтын арга зүйн нь ардчилсан засаглалыг дэмжих, иргэдийн оролцоон дээр тулгуурласан ардчилалтай улс орнуудын жишгээр баримжаалсан, нутгийн иргэдийн сайн туршлагыг дэмжсэн, шинэлэг агуулга, хэлбэртэй байх зарчмуудыг баримтлахаар байна.
Төслийн талаарх Төрийн байгуулалтын Байнгын Хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн М.Батчимэг танилцуулахдаа, Монгол Улсын иргэд орон нутгийн болон улсын хэмжээнд бие даан шийдвэр гаргахад оролцох, улс төрийн болон эдийн засгийн шийдвэр, гүйцэтгэлийн үйл ажиллагааг хянахад иргэдийн оролцоог хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагын үүднээс энэхүү үндэсний хөтөлбөрийн төслийг боловсруулсныг дурдаад, энэ төслийг хэлэлцэхийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжиж, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оруулах нь зүйтэй гэж үзсэн тухай илтгэлээ.
Дээрх илтгэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт тавихдаа, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Засгийн газрын хүлээх үүрэг, хариуцлагыг тодорхой болгох, энэ бодлогын баримт бичиг нь бусад хөтөлбөрүүдтэй хэрхэн уялдаж байгаа, хөтөлбөрт тусгагдсан төр, Засгийн газар, орон нутгийн удирдлагын бүх түвшинд иргэдийн оролцоог хангах, дэмжих шинэ бүтэц нь төрийн байгуулалтын болон шийдвэр гаргах тогтолцоотой харьцаа нь ямар байх, тэдгээр нь хоорондоо хэрхэн уялдах, энэ хөтөлбөрийг боловсруулахад Сангийн яамны оролцоо ямар байсан, энэ хөтөлбөр нь төсвийн бодлоготой хэрхэн уялдаж байгаа зэрэгт анхаарал хандууллаа.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд саналаа илэрхийлэхдээ, энэ баримт бичгийн төслийг бодлогын хувьд дэмжиж байгаагаа илэрхийлэхийн сацуу шийдвэр гаргах давхар бүтэц, механизм бий болгох гэж буйд, эрх зүйн чадамж нь тодорхой бус байгаад шүүмжлэлттэй хандав. Мөн орон нутгийн хөгжлийн болон хөдөлмөр эрхлэлтийн зэрэг сангийн төсөв зарцуулалтад иргэдийн оролцоог хангах эрх зүйн орчин бүрдүүлэх, төрийн болон орон нутгийн байгууллагуудын үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангах, үйл ажиллагааны талаарх мэдээлэл олон нийтэд хүргэх стандарт шалгуурыг тогтоох эрх зүйн орчин дутагдаж байгаа, хөтөлбөрийн агуулга, нэрийг нь уялдуулах шаардлага байгаа зэргийн талаар үг хэллээ
Уг асуудлыг хэлэлцэхийг Улсын Их Хурлын гишүүдийн олонх дэмжсэн тул дараагийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Холбогдох байнгын хороонд шилжүүллээ.
Одоо Улсын Их Хурлын чуулганы хуралдаанаар Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн төсөл болон түүнийг дагалдаж гарах хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.
Байгалийн гамшгаас үүсэх их хэмжээний малын хорогдлын улмаас зорилтот бүлэг болох малчин өрхүүдэд учирч буй эдийн засгийн эмзэг хараат байдлыг бууруулах, малчдын төлбөрийн чадварыг харгалзсан зохих түвшний сайн дурын хэлбэртэй даатгалын хамгаалалт бий болгох, мөн нөгөө талаас оролцогч даатгалын компаниудад ашигтай, зах зээлд тогтвортой оршин тогтнох чадвар бүхий даатгалын бүтээгдэхүүнийг үндэсний хэмжээнд нэвтрүүлэх зорилгоор энэ хуулийн төслийг боловсруулжээ.
Улсын Их Хурлын чуулганы үдээс өмнөх хуралдаан үргэлжилж байна гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Сэтгэгдэл (1)