
Монгол Улсад байгаль орчны статистик мэдээллийг сайжруулах, арга зүй, аргачлалыг боловсронгуй болгох шаардлагатай байгаа тул Үндэсний статистикийн хорооны дарга С.Мэндсайхан, БОНХ-ийн Сайд С.Оюун нар байгаль орчны статистикийн үзүүлэлтийг боловсронгуй болгон тооцох маягт, аргачлалыг шинэчлэх, байгаль орчин, эдийн засгийн нэгдсэн дансыг байгуулах, ногоон эдийн засгийн хөгжлийн шалгуур үзүүлэлтийг тодорхойлох аргачлал, арга зүй, нэгдсэн мэдээллийн системийг бүрдүүлэх чиглэлд хамтран ажиллахаар хоёр жилийн хугацаатай санамж бичигт гарын үсэг зурлаа.
Үндэсний статистикийн хорооны дарга С.Мэндсайхан, БОНХ-ийн Сайд С.Оюун, Байгаль орчны мэдээллийн төвийн захирал С.Хөдөлмөр болон яамны зарим мэргэжилтнүүд, статистикч, шинжээч нарын бүрэлдэхүүнтэй байгаль орчны статистикийн мэдээллийг сайжруулах, арга зүй, аргачлалыг боловсронгуй болгох, мэдээллийн эх үүсвэрийг бүрдүүлэх талаар санал солилцох уулзалт БОНХЯ-ны “Хаан” танхимд боллоо.
Манай улс байгаль орчны статистикийн мэдээллүүдийг ҮСХ-ны даргын 2010 онд баталсан “Байгаль орчны статистикийн үзүүлэлтийг тооцох аргачлал”-аар цуглуулдаг юм.