
Авлигын эсрэг хууль 2006 онд батлагдаж, Авлигатай тэмцэх газар байгуулагдан үйл ажиллагаа явуулж эхэлжээ. Энэ хугацаанд 2008 онд Авлигын эсрэг хуулийн зарим зүйл, заалтад редакцийн шинжтэй өөрчлөлт, 2012 онд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль батлагдсантай уялдуулан зарим нэмэлт, өөрчлөлт оруулсан байна.
Гэвч авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг улсын хэмжээнд зохион байгуулах, уялдуулан зохицуулах, хариуцлагын механизмыг зөв бүрдүүлэхэд одоо үйлчилж буй хуулийн зарим зохицуулалт төдийлэн шаардлага хангахгүй байна гэж төсөл санаачлагчид үзэж байгаа аж.
Иймээс Авлигатай тэмцэх байгууллагын ажилтнуудын өндөр насны тэтгэвэрт гарах насны хязгаарыг бусад байгууллагын төрийн тусгай албан хаагчдын нэгэн адил буюу авлигатай тэмцэх байгууллагад хууль сахиулах чиг үүрэгтэй ажилласан хугацааг цэргийн алба хаасан хугацаатай дүйцүүлэн тооцож байх, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн үйлчлэлд хамааруулах, мөн Авлигатай тэмцэх байгууллагын хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, гүйцэтгэх ажилтнууд тусгай ажиллагаанд оролцохдоо байгууллагын бэлгэ тэмдэг бүхий зориулалтын хувцас хэрэглэдэг байхаар хуулийн төсөлд тусгасан. Түүнчлэн Авлигын эсрэг хуулийн үйлчлэлд хамаарах этгээдтэй холбоотой нийтлэг асуудал буюу Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийг Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх хуультай уялдуулан бүхэлд нь өөрчлөн найруулсан тухайгаа төсөл санаачлагч танилцуулав.
Мөн Авлигатай тэмцэх газрын даргад нэр дэвшигч нь 55 нас хүрсэн байх шаардлагыг хангахаар хуульчилсныг 45 нас болгож өөрчлөхөөр төсөлд тусгажээ. Учир нь төрийн алба хаших насны дээд хязгаар эрэгтэй 60, эмэгтэй 55 байхаар хуулиар тогтоосон боловч Авлигатай тэмцэх байгууллагын даргад нэр дэвшигч нь заавал 55 нас хүрсэн байх шаардлага нь эмэгтэй хүн тус газрын даргад нэр дэвших эрхийг хязгаарласан, жендерийн тэгш байдлыг хангахын эсрэг зохицуулалт болжээ. Уг байгууллагын даргыг 6 жилээр томилж, нэг удаа улируулан томилох боломжтой. Хэрэв 60 настай хүнийг тус байгууллагын даргаар томилоод улируулан ажиллуулахад 72 настай болж төрийн алба хаших насны дээд хязгаарыг хэт давах нөхцөл байдал үүсэх учраас ийм зохицуулалт хийх шаардлагатай гэж үзэж буйгаа төсөл санаачлагч хэллээ.
Хуулийн төсөлтэй холбогдуулан Төрийн аудитын тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай, Галт зэвсгийн тухай, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хамтад нь боловсруулсан. Гэхдээ Авлигатай тэмцэх газрын салбар, нэгжийг орон нутагт байгуулах, авлигатай тэмцэх байгууллагын албан хаагчийн баталгаатай холбоотой хэсэг, банкны мэдээлэл авах, Авлигын эсрэг хуулийн 30 дугаар зүйлийн 30.4 дэх хэсгийн “10-аас доошгүй” гэснийг “5-аас доошгүй” гэж, мөн хуулийн 30.6 дахь хэсгийн “5 жил тутамд” гэснийг “2 жилд тутамд” гэж өөрчлөхөөр тусгасныг хуулийн төслөөс хассан. Эдгээртэй уялдаад байгууллагын нэр өөрчлөх тухай хуулийн төслийн холбогдох хэсэг, мөн Төрийн албаны тухай, Төсвийн тухай болон Банкны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд дагалдаж гарах хуулийн төслүүдийн жагсаалтаас хасагдсан гэдгийг тэрээр танилцуулав.
Хэлэлцэж буй хуулийн төслүүдтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, саналаа хэлсний дараа хуулийн төслүүдийг хэлэлцэх зүйтэй гэсэн байнгын хорооны саналын томъёоллоор санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 85.6 хувь нь дэмжсэн тул Авлигын эсрэг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Хууль зүйн, Төрийн аудитын тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Төсвийн байнгын хороонд шилжүүлж анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр боллоо гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.