Засгийн газрын хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэхээр товложээ. Тодруулбал, Улсын төсвийн хөрөнгөөр сүүлийн 5 жилд хэрэгжүүлсэн геологийн судалгааны ажлын тайлан, түүний үр дүнгийн талаар, “Тогтоол, тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл /”Шинэ Зуунмод хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө батлах тухай” Засгийн газрын 2022 оны 143 дугаар тогтоол/-ийн талаар хэлэлцэнэ. Мөн Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуягийн санаачлан боловсруулсан Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, “Нийтээр амрах баярын өдөр шилжүүлэх тухай” Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэхээр товлосон байна. Түүнчлэн Монгол Улсын хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтэд 2024 оны жилийн эцсийн байдлаар хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний тайлангийн талаар хэлэлцэнэ.