Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр Уул, уурхай эрдэс баялгийн сайд Ц.Туваан дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "2024 оны дөрөвдүгээр сараас Монгол Улс хайгуулын тусгай зөвшөөрөл олгоогүй. Монгол Улс өнөөдрийн байдлаар 2700 орчим ашиглалтын болон хайгуулын лицензтэй. Үүний 900 гаруй нь хайгуулын лиценз байдаг. Олон улсын харьцаа манай дээр урвуу хамааралтай болсон. Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох асуудал нээгдэж байгаа.
Мөн өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар алтны тухай танилцуулгыг хийлээ. Энэ жил 20 тонн алт олборлож, улсын төсөвт орлого оруулна гэсэн зорилго тавьсан. Дэлхийн зах зээлд алтны үнэ түүхэн дээд түвшиндээ хүрч байгаа. Тухайлбал, 1 гр алт 330 мянган төгрөгтэй тэнцэж байна. Монгол Улсын валютын нөөцийг нэмэгдүүлэх, улсын төсвийн бүрдүүлэлтэд нэмэр болох зэрэг асуудлын хүрээнд энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцлээ" гэв.